Авгайнхаа атганд орсон эрчүүдийн нууцлаг шинж
Ажиллагсадаа захирч чаддаг ууртай, ширүүн дарга эхнэрээсээ ухаан алдтал айх нь байдаг. Нөгөө ширүүн дуу хоолой огцом өөрчлөгдөж, зөөлөн ялдам болж хувирдаг. Эхнэрийнхээ аясаар байдаг удирдуулдаг эрчүүд цөөнгүй бий. Тиймээс эрчүүд гэр бүлд ямар байр суурь эзэлдэг болохыг мэдэхийг хүсвэл сэтгэлзүйчид хэдэн асуултад хариулахыг санал болгож байна. Үүнд:
1. Эхнэр чинь чухал шийдвэрийг тантай зөвлөлгүй ганцаараа гаргадаг уу?
2. Мөнгө төгрөгийг хэрхэн зарцуулахыг эхнэр өөрөө шийдэж тодорхойлдог уу?
3. Зөвхөн өөрийнхөө үйлдлийг туйлын зөв гэж эхнэр чинь зүтгэдэг үү?
4. Эхнэр чинь танаас зөвлөгөө авдаг уу?
5. Тэрээр таны үзэл бодлоос илүү ээж, хөрш эмэгтэй, найз бүсгүйн санал, зөвлөмжийг эрхэмлэдэг үү?
6. Эхнэр таны бүх цалинг авч, танд зөвхөн халаасны мөнгө өгдөг үү?
Хэрэв асуултын талыг “тийм” гэж хариулсан бол харамсалтай нь та эхнэрийнхээ удирдлаганд байдаг юм байна. Эхнэртээ аж ахуйд нь тусалдаг, гэрийн ажил хийх нь эхнэрийнхээ эрхшээлд орсны шинж гэж зарим эрчүүд үздэг. Сэтгэлзүйчид үүнийг төөрөгдөл гэж нотолж байна. Гэрийн ажил үүргийн хуваарилалт бол хэвийн үзэгдэл. Эхнэрийнхээ эрхшээлд байдаг эрчүүдийн янз бүрийн төрөл байдгийг сэтгэлзүйчид тодорхойлжээ.
Дуулгавартай эр. Эхнэр түүнийг захирч байдгийг тэрээр дуулгавартай хүлээн авдаг. Тэрээр өөрийгөө амьдралд, ажил төрөлд ч тэр азгүй нэгэн гэж бодож, үүнтэйгээ звлэрчихсэн байдаг. Эхнэр түүнийг бусдын дэргэд доромжилж байхад ч эсэргүүцдэггүй. Ийм гэр бүлд нөхөр эхнэрийнхээ эрхшээлд бүрэн орсон байдаг. Учир нь эхнэр нь түүнээс илүү ухаантай, авьяастай, аж ахуйч гэсэн бодолтой байх тул нөхөр хүндэт байр суурь эзлэх гэж санаархахаа ч больдог.
Нууцлаг эр. Түүний алхам тутмыг эхнэр нь хянаж байдаг. Гэвч илэрхий бүдүүлэг зан гаргахгүй. Учир нь тэрээр жинхэнэ дипломат зан гаргаж, бусдад мэдэгдүүлэхгүйг хичээдэг. Эхнэр нөхрийнхөө ажил төрлийн нарийн ширийн зүйлийг андахгүй мэддэг бөгөөд чөлөөт цагаараа хэнтэй үерхэх, харьцаж болохыг хүртэл зааж сонгодог. Нөхрийнхөө албан тушаал ахих явцад биечлэн оролцохоос буцахгүй. Ийм халамж зуршил болж, нөхөр нь ч байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг.
Зомби эр. Эхнэрийнхээ юу хэлснийг үг дуугүй дагана. Эхнэр түүнд өөрийгөө ямар ухаантай, аж ахуйч, ер нь давтагдашгүй нэгэн болохыг, мөн үнэмшлийг түүнд баттай бий болгож чаджээ. Тиймээс нөхөр нь түүний арга эрхшээлд илбэдүүлсэн мэт орсон нэгэн. Тохиромжтой, тохиромжгүй нөхцөл байдалд эхнэрээ магтах дуртай. Ямар их хувь тохиолоор эхнэртэйгээ танилцаж, улмаар гэрлэсэн тухайгаа сэтгэл догдлон ярьдаг. Үүндээ чин сэтгэлээс итгэдэг. Эзэрхэг эхнэр нь түүнийг бусдын дэргэд загнаж доромжилж байхад ч сөхөө авахгүй. Эхнэртээ захирагддаг эрчүүд гэр бүлд эзлэх ёстой байр сууриа эргүүлэн авах ёстой. Амаргүй ч гэсэн боломжтой зүйл. Гэр бүл бол эрх тэгш эрхтэй, хайртай хүмүүсийн сайн дурын холбоо. Тиймээс эхнэртэйгээ харьцах харьцааг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Гэвч үүнийг нэг өдөр огцом таслах бус аажим, явц дундаа харилцан ойлголцох, ухааруулах үндсэн дээр тулгуурлан хийх нь зүй.
URL: