Хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьчлал М.Энхболд, Т.Бадамжунай нарыг ороож эхэлжээ

Балгас болсон хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэрэг олон хүнийг хөлдөө чирэх нь. Чирэх чирэхдээ Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос авахуулаад ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарыг. Тэднийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Мөн НИТХ-ын дарга Т.Билэгт, тухайн үед Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга болон Нийслэлийн өмч хувьчлалын комиссыг ахалж байсан Н.Маналжав, хувьчлалын менежментийн багийн ахлагчаар ажиллаж байсан Ж.Саруулбуян, До.Чулуунбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ. Энэ хүмүүс дээр менежментийн багийн гишүүд нэмэгдэж буй юм.  Тухайлбал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, “Улаанбаатар таймс” сонины орлогч эрхлэгч Ариунтуяа, сэтгүүлч Ундармаа, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү О.Алтан, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн эхнэр Б.Согоосүрэн нар ч хуулийнхны анхаарлын төвд оржээ.

Шадар сайд М.Энхболд, Т.Бадамжунай нарыг энэ хэрэгт татаж өмч хөрөнгө хууль бусаар бүлэглэн завшсан хэмээж буй бололтой. Үүнээс үзвэл энэ хэргийн эргэн тойронд багагүй үйл явдал өрнөх төлөвтэй. Нийслэлийн өмчид хамаарч байсан тус хэвлэх үйлдвэрийг  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынх гэж ярьдаг. Менежментийн баг, хувьчилж авсан өмчлөгч нь түүний нэр дээр биш ч хэдэн жилийн өмнөөс түүнийх хэмээн олон нийт тодотгон ярьж хэлсэн. Гагцхүү  өмч хөрөнгийг хувьчилж авахдаа Н.Энхбаяр гар хөл бологчдынхоо нэрийг ашигладаг гэсэн хардлага нийгэмд байдаг. Энэ нь ч үнэний ортой бололтой. Хэвлэх үйлдвэр Н.Энхбаярынх болохыг яллагдагчаар татагдсан хүмүүс эхнээсээ мэдүүлээд байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Эх сурвалжийн хэлснээр

бол Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн тойрон хүрээлэгчид энэ хууль бус хувьчлалын хэрэгт голлож оролцсон гэнэ. Үүнийг менежментийн багт орж ажилласан хүмүүсийн нэрнээс харж болох аж. Тухайн үед О.Цолмонгийн фракц ч гэж ойрын хүрээнийхэн нь тодотгон ярьдаг байжээ. Тэднийг нэрлэвэл До.Чулуунбаатар, Ж.Саруулбуян гээд үргэлжлэх бололтой.

Менежментийн багийн гишүүн асан  Зам тээвэр, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нь Ерөнхий сайд С.Батболдын эхнэр Х.Отгонтуяагийн эгчийнх нь охины  нөхөр. Н.Энхбаяр анх С.Батболдыг улс төрд оруулж ирж, дэмжиж тусалж байжээ. Үүнд нь ач санаж явдаг С.Батболд Н.Энхбаяртай хэд хэдэн байгууллагад хамтран хөрөнгө оруулж байсан байна. Тэр таатай үед нь хэвлэх үйлдвэрийг хувьчлах шийдвэр гарч С.Батболд эхнэрийнхээ хамаатныг менежментийн багт шургуулж дөнгөсөн түүхэй аж. Тэгэхээр энэ хэргийг хуулийн байгууллагынхан зүгээр нэг илээд өнгөрөхгүй нь тодорхой боллоо. Тэр тусмаа олон жил хотын фракцийнхны хууль бус газрын наймаа, нийслэлийн өмчит байгууллагуудыг хэрхэн үгүй хийснийг илрүүлж болох нэг боломж ч байж болох тухай  хуулийнхан ярьж буй юм.

Дээрх хэрэгтэй холбогдуулан өдөр тутмын сонинуудад Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан М.Ганбаатарыг цагдан хорьсон тухай мэдээлэл өчигдөр тарсан юм. Энэ талаар түүнээс тодруулахад “Намайг хориогүй. Би Нийслэлийн өмчийн харилцааны даргаар ажиллаж байсан. Гэхдээ хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудалтай огт холбоогүй. Миний нэр төрд халдаж, замаасаа зайлуулах гэсэн зарим хүмүүс байгаа бололтой. Захиалгат ийм мэдээллүүд хэвлэлд нийтлэгдсэн байна лээ” хэмээв.

“Ганц худаг”-т цагдан хоригдож буй До.Чулуунбаатарыг батлан даалтад авахаар өмгөөлөгч нь хөөцөлдөж байгаа бөгөөд хүсэлтээ бичгээр холбогдох байгууллагуудад өгчээ.

Г.ЯЛГУУН

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих