О.Магнайгийн үг, үйлдлийн зөрүү

Манай төрийнхөн болон зарим агентлагийн дарга нар Монголынхоо амьдралаас тасарчихаад дэлхийн жишиг, гадны улс оронд тийм ийм байдаг гэж ярих дуртай болж. Гадны улс орноос жишээ болгоод авах зүйл олон ч гэлээ. Авахыг нь авч, хаяхыг нь хаяж сурах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл авах, гээхийн ухаанд тэд суралцах хэрэгтэй байна. О.Магнай нэг хэсэг Европ  стандарт бий болгоно хэмээн томорч, үүрэг холбооны операторуудыг төлбөрөө секүндээр тооцдог болгоно гэсэн ч өнөөх нь тэдний талд ашигтайгаар шийдэгдэж, АТМ-ээс мөнгө авахад шимтгэлгүй болгоно, их шимтгэл авдагийг болиулна гээд байсан бас л ажил хэрэг болгож чадаагүй. Түүнчлэн мод, нүүрсний шуудайнд стандарт тогтооно гэж ярьсан боловч тогтохгүй байсаар жил болж, одоо ойндоо хүрэх гэж байна. Автомашин засварын газруудыг үнийн тарифаа ханандаа өлгөдөг болгоно. Дуртай үнээ хэлдэг байдлыг таслан зогсооно гэсэн боловч энэ нь амнаас цаашгүй л өнгөрч байх шиг байна. Ямартай ч үнийн тарифаа хадсан газар ховорхон л олж харж байна.  Өөр олон ажил хийнэ. Иргэдийн эрх ашигийг хамгаална гэж дуугарсныг энд дурьдаад юу хийхэв. Хүн бүр л юуг нь хийж, юуг нь хийж чадахгүй худлаа том ам гарч байгааг эрх биш анзаарч буй биз. О.Магнай одоо л худлаа ярьж буй биш юм билээ.

 

2008 оны 7-р сарын 1-ны хар өдрийг хүн бүр санаж буй. Тэр угаасаа Монголын ард түмэнд мартагдахааргүй хар толбо үлдээсэн өдөр. Энэ өдөр АН-аас мэдээлэл хийж, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн ордныг гороолж, ард түмнийг цөсийг хөөргөж байсан. Төд удалгүй, О.Магнай, Ж.Батзандан нараар ахлуулсан иргэний хөдөлгөөнийхөн замдаа тааралдсан болгоныг хамж, шимсээр Сүхбаатарын талбайд цуглаж, элдэв мэдэгдэл хийж, ард түмний уур бухимдлыг төрүүлж, тэднийг турхирч байсан. Тэдний энэхүү жагсаал цуглаан нь эцэстээ хяналтаа алдаж, хэд хэдэн барилга байшиг галдан шатааж, дээрэм тонуул хийж, хүн амьтан бэртээж, багахан хэмээний иргэний дайн дэгдсэн гэхэд хэлсдэхгүй болов уу. Энэ үед О.Магнай “Бүх юм хяналтанд байна. Ард түмэн үнэхээр сайн байна” хэмээн ярьж байсан юм. Тухайн үед үнэхээр бүх зүйл хяналтанд байсан уу гэвэл үгүй юм. Харин О.Магнай, Ж.Батзандан нарыг дараа нь нийтийн амар амгалан байдлыг алдагдуулж, олон нийтийг эмх замбараагүй байдалд хүргэсэн хэргээр цагдаагийн байгууллагаас барьж, хорьж байсан. О.Магнай оргон зайлж, нуугдаж байсан үе ч бий. Гэвч тэд ямар нэгэн хэрэг хүлээлгүй суллагдсан. Ингэж суллагдаад шууд л АН-ын гишүүд болцгоосон. Хэзээ ч АН-ын далбаан дор нуугдахгүй гэж хэлж байсан “том амт” О.Магнай хүртэл АН-ын гишүүн болж, өнөөдөр албан тушаалд оччихсон байж л байна.

 

Энэ мэтээр түүний үг хэл, үйлдэл нь зөрсөөр байна. Одоо ч түүнийг ам, үйлдэл нь зөрсөөр, цаашид ч зөрсөөр л байх бололтой юм. Нийтийн тээврийн хүртээмж муу энэ үед Таксины үнийг нэмнэ гэж дуургардаг О.Магнайд хариуцлага тооцох хүн байна уу. Түүний хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг хувийн такси үнээ нэмчихэж, одоо яах ёстой вэ. О.Магнай сарын дараагаас Таксины үнийг нэмнэ гэж мэдэгдсэнийхээ дараахан мэдэгдэл гаргаж, энэ нь одоо яригдаж байгаа асуудал, эцэслэн шийдээгүй гэсэн элийрсэн зүйлийг бичиж илгээсэн байна билээ. ШӨХТГ-ын даргын санаа тавиад байгаа такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд чинь хувийн хэвшлийнхэн. Тийм болохоор хувийн компаниудын бааз суурийг бэхжүүлэхэд О.Магнай сэтгэлээ чилээх хэрэггүй санагдана.  Үг олдож, үхэр холдлоо О.Магнай лидер ээ. Одоо тэнгэрээсээ бууж, ард түмний амьдралдаа ойртож, ажлаа хийж эхэлвэл ямар вэ. Иргэд тэнэг биш шүү таныг ажил хийгээд байна уу, сайхан зүйл ярьж, хошгоруулаад байна уу, үгүй юу гэдгийг чинь ялгаж салгахтайгаа байгаа. Ард түмний сэтгэл санаан дээр тоглолт хийж, өөрсөддөө оноо авдаг “мунхаг” зангаа орхи. Тэд одоо та нөхөд шиг худалч, хуурмаг хүмүүст хууртах нь өнгөрсөн гэдгийг сануулъя.

 

Н.Чинзориг /New.mn/


URL:

Сэтгэгдэл бичих