АМГ-ын дарга Д.Батхуяг таныг халз ярилцлаганд урьж байна
Монгол улсын хөгжил, ирээдүй маань газрын дорх баялагтай шууд хамааралтай болж ирсэн энэ цаг үед Ашигт малтмалын хэргийг эрхэлнэ гэдэг Монголын 2 сая 700 мянган иргэний өмнө хүлээж буй том хариуцлага гэж ойлгож болно. Энэ хариуцлагыг гарын үсэг зурж чаддаг болгон дааж гарахгүй. Тэр тусмаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг, дур мэдэн шийдвэр гаргадаг эрх мэдэлтэнд 2 сая 700 мянган монголчуудын итгэл хүндэднэ.
Ашигт Малтмалын Газрын дарга Д.Батхуяг тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой олон зөрчлүүдийг гаргасан нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрч нэгэнт тодорхой болсон. Бид энэ шалгалтын үр дүнгийн мөрөөр сурвалжлан бүх мэдээ мэдээллээ бэлтгэсэн гэдгээ албан ёсоор дуулгаж байна. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин сонгон шалгаруулалтаар олгох ёстой зөвшөөрлүүдийг дур мэдэн сэргээдэг байсан нь баримтаар нотлогдсон бөгөөд бид баримтуудыг нийтэлсэн билээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн маш олон зүйл заалтуудыг зөрчин олон арван хууль бус шийдвэрүүдийг гаргасныг ч ил болгосон. Геологийн судалгаа гүйцэтгэж байгаа талбай дотор давхцуулан олгосон лицензүүдийг ч жагсаан нэрлэсэн. Засгийн газрын тогтоолыг давж олон лицензийг дур мэдэн олгосныг нь ч нийтэлсэн болно. Геологийн судалгаа хийж дууссан талбайтай давхцуулан олгосон тусгай зөвшөөрлүүдийг ч бүгдийг ил гарган нэрлэж тавьсан. Анхны тушаалаараа л хууль зөрчиж байсныг ч мэдээлсэн. Засаг төрийн үйл ажиллагааг олон арван ажлын хоногоор зогсоосныг ч дурдсан. Энэ бүхэнд ямагт Д.Батхуяг гэдэг хүний албан тушаалын үүрэг хариуцлагын асуудлыг хөндөн бичиж байсан. Монголын Үндэсний Мэдээллийн Сайт www.mass.mn энэ удаа Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГ-ын дарга, ноён Д.Батхуягийг сайтынхаа интернет зочноор урьж халз ярилцлаганд оролцоно уу хэмээн хүсч байна. Ярилцлагыг сэтгүүлч миний бие өөрийн биеэр хийх бөгөөд, ярилцлагын төгсгөлд уншигч та бүхний ирүүлсэн асуултуудыг асууж, хариултыг авч өгөхийг зорих болно. Иймд уншигч та АМГ-ын дарга, ноён Д.Батхуягаас асуух асуулт байвал сэтгэгдэл бичих хэсэгт үлдээнэ үү?
Ашигт малтмалын газар болон түүний удирдлагатай холбоотой албан нийтлэл энэхүү ярилцлагаар дуусах ба энэ сэдэв цаашид “Ер нь Монголын ашигт малтмалын хэргийг шийдвэрлэж суудаг, энэ салбарын хувь заяаг гартаа атгаж буй Д.Батхуяг гэж ямар хүн бэ, юунд дуртай, хаагуур юу хийж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, хаана ямар хөрөнгөтэй, түүнийгээ ямар арга замаар олж авсан, ямар арга хэмжээг хэзээ хэрхэн ивээн тэтгэж байсан бэ?” зэрэг хувь хүн талаас нь таниулсан нийтлэлүүдээр үргэлжлэх болно.
Энэ удаагийн нийтлэлээр мөн нэгэн баримтыг ил гаргаж байна. Агентлагийн дарга тусгай зөвшөөрлийн анх олгосон хугацааг дур мэдэн өөрчлөх эрх байхгүй. Гэтэл манай нийтлэлийн баатар 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 119 дүгээр тушаалаараа тусгай зөвшөөрлийн анх олгосон хугацааг дур мэдэн өөрчилсөн байна.
/Үргэлжлэл бий/
Ж.Жаргалсайхан
масс
URL: