“Азын дугаарыг дуудлага худалдаанд оруулахаар ярьж байна”

Азын дугаартай автомашинаас татвар авах болсон мэдээллийн мөрөөр Зам тээврийн яамны Хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Б.Жаргалаас тодрууллаа.

-Азын дугаартай автомашинаас татвар авна. Бас шинэ серийн дугаар гаргана гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулаач?

-Дугаар зүүснийх нь төлөө татвар авна гэсэн ойлголт байхгүй. Ташаа мэдээлэл байна. Шинэ серийн хувьд ч ялгаагүй. Одоогийн ашиглаж байгаа серийн дугаарт 5-6 жилийн нөөц бий. Цаашид дугаарын стандартыг Венийн конвенцид нэгдсэний дагуу өөрчлөх тухай ярьж байгаа. Судлах шатандаа явж байгаа учир хэрэгжтэл тодорхой хугацаа хэрэгтэй.

-Дугаарын стандартыг Венийн конвенцид нэгдсэний дагуу өөрчилнө гэлээ. Олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Дугаарын стандартыг өөрчилж, Венийн конвенци дахь стандартад нийцүүлэх хувилбарыг ярьж байгаа.

-Азын дугаараар ашиг олдог далд наймаа бий гэдэг. Ер нь цаашид үүнийг улсын орлого болгох нь зөв биш үү?
- Ижил тоотой дугаарыг иргэд азын дугаар гэж ярьдаг. Стандарт өөрчлөгдөхөөр азын дугаарыг дуудлага худалдаагаар оруулдаг болох талаар ярьж байгаа.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих