“Түүхэн хатны дүрд тоглох мөрөөдөл маань биелвэл сайхан л байна”
УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгийг үзэгчид “Сарны нулимс” киноны Нарангарав, “Өдөр өдрийн нар” киноны Агиймаагийн дүрээр андахгүй.
Мөн “Аравт” киноны ганцхан эмэгтэйн дүрд тоглож байсан авьяаслаг жүжигчин юм.
Түүнтэй шинэ уран бүтээлийн сургуулилтынх нь үеэр уулзаж ярилцлаа.
-Намар цагийн шинэ уран бүтээлийн бэлтгэл ажилдаа ороод тун завгүй байна уу даа?
-Тийм ээ. Манай театр Шинэ жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байна. Ерөнхийдөө энэ намрын уран бүтээлийн ажил ид буцалж оргилж байна гэх үү дээ. Хоёр гурван уран бүтээл ар араасаа нээлтээ хийх гэж байгаа учраас шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Миний хувьд оюутны ширээнээс дөнгөж гараад театрын босгыг алхсан. Энэ хугацаанд чадах ядахаараа ард түмэндээ уран бүтээлээ хүргэлээ. Эргээд бодоход зарим уран бүтээл маань үзэгчдийн сэтгэлд хүрсэн болов уу гэж боддог юм. Цаашдаа ч залуу хүний хувьд уран бүтээлийн урт зам байгаа. Тиймээс үзэгч олондоо олон сайхан уран бүтээлээр бэлэг барина гэж бодож байна.
-Залуу жүжигчний хувьд “Би заавал тийм нэг дүр бүтээнэ” гэсэн хор шар байдаг байлгүй дээ?
-Уран бүтээлч хүн би тийм дүр бүтээнэ гэсэн оргилуун хүсэл мөрөөдлөөр өөрийгөө ирлэж хурцалж байж амжилтанд хүрнэ. Би хувьдаа түүхэн ухаантай хатны дүрд тоглох юмсан гэсэн чин хүсэлтэй явдаг. Энэ мөрөөдөл залуу насанд маань биелчихвэл сайхан л байна.
Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэр байсан билээ, Хүннү Сүннүгийн үеэс эхлээд Чингис хааны үед Монголын төрд эмэгтэй хүний хатан ухаан ямар байсан билээ гэдгээр бид үеийн үедээ бахархаж явах ёстой. Хэдийгээр бид тэр үеийн мундаг хатдын хэмжээнд хүрэхгүй ч гэлээ ийм сайхан ухаантай бүсгүйчүүд байж ээ гэдгийг уран бүтээлээрээ гаргахыг зорьж байгаа.
-Таны уран бүтээлийн дотны зөвлөгч гэвэл хэн бэ?
-Манай театрт хэд хэдэн тэрсхэн уран бүтээлч охид байгаа. Бид бие биедээ харамгүй зөвлөгөө өгдөг. Нэг талаас уран бүтээлийн өрсөлдөгчид ч гэлээ хамгийн гоё найз нөхөд байж чаддаг. Тайзан дээр гараад чиний энэ дүр чинь ийм болж, тэр дүр чинь тийм болж гэж ярилцдаг. Бас ахмад үеэсээ их суралцдаг. Би МУГЖ Ж.Оюундарь эгчээс маш их суралцдаг. Миний уран бүтээлийг байнга дэмжиж тусалж ойр дотно байдагт нь баяртай байдаг.
-Найруулагч танд ямар дүр голдуу санал болгодог вэ?
-Надад найруулагч зөөлөн эерэг талын дүр өгдөг. Харин одоо тоглож байгаа шинэ дүр дээр надаас өөр зан чанар харагдаж магадгүй. Энэ жүжиг Английн зохиолчийн “Эцсийн зогсоол бол зөвхөн чи” гэсэн нэртэй хоёр үзэгдэлт инээдмийн жүжиг юм. Би театрт орж ирээд долоон жил болж байна. Анх УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “ Нууц амраг чинь болъё” жүжгийн Хулан гэж охины дүрд тоглож байлаа. Дэлгэцийн дүр гэвэл “Сарны нулимс” кинонд тоглосон. Энэ мэтээр өөрийгөө сорьсон цөөнгүй дүр дээр ажилласан гэж боддог. Угаасаа тайз өөрөө амьд урлаг. Үзэгчидтэй амьд харьцаа үүсгэдгээрээ гайхалтай.
-Жүжигчид ээмэг зүүлтний хослол арвинтай байдаг. Таны хувьд?
-Бид амьдрал дээр нэг их ээмэг зүүлт зүүгээд явдаггүй. Зөвхөн тайзан дээр дүр
дүрдээ тохирсон гоёлын зүүлт хэрэглэдэг. Ээмэг зүүлт олон байгаа ч арай л дутуу байгаа юм шиг санагдаад байгаа. Илүү олныг цуглуулах ёстой юм билээ.
-Цаашдын уран бүтээлийн зорилго төлөвлөгөө?
-Олон зүйл төлөвлөж байна. Түүндээ хүрэхийн тулд цаг хугацаа, идэвх чармайлт хийж байгаа үйлдэл бүхэн чухал. Санаж явбал бүтнэ гэдэг шиг хөдөлмөрлөөд явбал болох байх л гэж бодож байна.
-Стиль имижийн хувьд?
-Хүнд өөрийн гэсэн царай зүс, стиль имиж гэж байх ёстой. Миний хувьд моод стиль хөөгөөд байдаггүй. Энгийн даруухан байхыг хүсдэг. Моод дагаж байна гээд хэтэрхий өөрт зохиогүй хувцас өмсөх нь зохимжгүй. Гэхдээ уран бүтээлийн өөрчлөлтүүдээс шалтгаалаад өөрчлөлтүүд гардаг л даа.
-Хувийн продакшнуудаас хамтарч ажиллах санал ирдэг байх?
-Өнгөрсөн хавар “X Түц” хамтлагийн “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглохыг жүжигчин Онон ах санал болгосон. Үнэхээр их баярласан. Гэвч би тэр үед гадагшаа явах ажил маань давхцчихсан байсан болохоор тэр боломжийг алдсан. Гэсэн ч гадагшаа явах ажил маань илүү ирээдүйтэй нээлттэй байсан. Тэгээд Онон ахдаа дараа дараагийн уран бүтээл дээр хамтарч ажиллана гэдгээ амласан. Түүний хажуугаар кинонд тоглох санал ирдэг.
-Ямар үед сэтгэл хангалуун байж чаддаг вэ?
-Уран бүтээлийнхээ ард гарсны дараа сэтгэл уужирч тайвширдаг. Урмын үг сонсох бүрдээ улам ихийг хийж бүтээх урам зориг ордог. Гэхдээ шүүмжлэл байлгүй яахав.
Шүүмжлэлгүй бол нисч яваад гэнэт унана шүү дээ. Ер нь жүжигчид тал талын авьяастай байх ёстой. Одоо бид жүжгийнхээ бүжгийн бэлтгэл дээр ид ажиллаж байгаа. Сая хэсэг амраад бие хөшчихсөн байсан чинь одоо л гоё болж ирж байна.
Шинэ жүжгийн бүжгийг Ган-Очир дэглэж байгаа. Үнэхээр хүнд сонирхолтой хөдөлгөөнүүдийг манай уран бүтээлчдээр хийлгэж байгаа. Багш маань ч биднийг залуу хөгшин гэлтгүй зоригжуулж байна. Ингэж мэргэжил маань биднийг байнга эрч хүчтэй байлгаж чаддаг учраас хүмүүс наснаасаа залуу харагддаг байх. Манай ахмадууд ч гэсэн бүжиглэхдээ биднээс нэг ч алхам хоцрохгүй ёстой ана мана үзэж байгаа шүү.
Найз нөхөд урлагийн биш энгийн үзэгчид дандаа л сайхан урмын үг хэлдэг. Энэ бүхэнд омогшиж улам их уран бүтээл хийх эрч хүч, хүсэл төрдөг. Харин мэргэжил нэгт хүмүүс шүүмжлэл магтаалын аль алиныг хослуулж зөвлөлгүй яахав. Бид нэг жүжгийг хоёр сарын хугацаанд бэлтгэдэг. Тэр хугацаанд болохоос нь болохгүйг нь хүртэл ажиллаж байж өөрийн болгож авдаг. Үүний дараа л үзэгчиддээ уран бүтээлээ толилуулдаг даа.
-Таныг жүжигчин Б.Тамиртай холбоод шуугиад байсан. Юу болсон бэ?
-Тамиртай холбож бичсэнээс хойш намайг янз бүрээр бичиж байгаа. Энэ бүхэн ор үндэслэлгүй зохион бичлэг. Олон жилийн өмнө урт үстэй байхдаа тоглож байсан жүжгийн дүрийг партнёртай минь хамт зургийг нь тасалж аваад сонинд тавиад худлаа мэдээлэл биччихсэн байна лээ. Тамир бид хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй.
Бид нэг театрын уран бүтээлчид. Улаан хивсэн дээгүүр алхаж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдэг утгаар эмэгтэйгээ урьж авч явахаас өгсүүлээд тодорхой хэмжээний хүндлэл байх ёстой биз дээ. Улаан хивсний ёслолд орохын өмнөхөн би шатнаас унаад хөлөө бэртээчихсэн юм.
Тэгээд алхаж гишгэж болохгүй хөлнөөс цус урсаад уйлчих гээд үнэхээр хэцүү байсан. Тэр үед л Тамираа надад санаа тавиад байгааг хараад бараг Тамираатай байхдаа аз жаргалтай байна мэтээр бичсэн байна лээ. Энэ бол ор үндэсгүй зүйл. Тамирын хувьд найз охинтой болоод байж байхад нь янз бүрийн худал мэдээлэл гарахаар таатай байхгүй нь мэдээж шүү дээ. Нэг бодлын хүний амьдрал бусниулсан хэрэгт намайг бараг оруулж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.
-Найз залуутай юу?
-Өмнө нь гэр бүлтэй байсан. Одоо ганцаар амьдарч байгаа.
Д.Нэргүй /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: