Жолооны үнэмлэхний хэвлэлт явагдаж байна
Жолооны үнэмлэх хэвлэх ажлыг хариуцаж байсан “Ди Эм Ай Ти” ХХК хамтран ажиллах гэрээгээ зөрчсөний улмаас 2012 оны зургаадугаар сараас хэвлэлт доголдож иргэдэд ихээхэн чирэгдэл учруулаад байсан билээ.
Улмаар 2012 оны арванхоёрдугаар сараас хэвлэлтийн ажлыг тендерээр шалгарсан “Смарт солюшн” ХХК хариуцахаар болсон юм. Одоогийн байдлаар 130,554 ширхэг үнэмлэх хэвлэгдэн тараагдаад байна.
Шинээр хэвлэгдэж байгаа жолооны үнэмлэхний зураг, мэдээлэл нь Замын цагдаагийн газрын жолоочийн бүртгэлийн сангаас шууд татан авч хэвлэж байгаа бөгөөд тухайн жолооч ямар зураг өгсөн байна гэдгээс хамаарч үнэмлэх дээрх хэвлэлтэнд шууд нөлөөлж байгаа гэнэ.
Mөн үндсэн датабааз иргэний бүртгэл мэдээлэлтэй холбогдсон байгаа тул тухайн жолоочийн мэдээллийг иргэний бүртгэл мэдээллээс шууд татан авах боломжтой болсноор тухайн жолоочийн ургийн овог, нэр, регистерийн дугаар үнэн зөв бичигдэх боломжоор хангагджээ.
Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгохдоо “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд зохих лавлагаа, иргэний бичиг баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөн олгоно” гэснийг үндэслэн үнэмлэхийг нөхөн олгох журмыг мөрдөж ирсэн байна.
Жолооны үнэмлэх хэвлэлтэнд 12500 төгрөгийг хураан авч байгаа бөгөөд хэрэв жолооч үнэмлэхээ гээгдүүлсэн болон солих шаардлагатай болсон тохиолдолд тухайн жолоочийн иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг 1 хувь /3х4/, жолооны үнэмлэхний төлбөр болох 12500 төгрөг /Хүлээн авагч банк: Төв төрийн сан, данс: 900012408, хүлээн авагч-ЗЦГ/ банкинд тушаасан баримт зэргийг авчирч өгнө хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ.
URL: