Монгол багш дэлхийгээс медаль хүртлээ

Монгол багш дэлхийгээс медаль хүртлээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын үндэсний лаборатори “Хан-Уул” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Цэрэндоржийн Пүрэвжав багшийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ хөнгөн атлетикийн спортыг сонгон тэр тусмаа хүний эр зориг тэсвэр тэвчээр шалгасан марафон гүйлтээр хичээллэсээр 30 гаруй жилийг үджээ.

Өсвөр насандаа спортыг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөн анх 1981 онд Оюунцэцэг багшийн хөнгөн атлетикийн секцэнд элсэн орж, улмаар Г.Хүрэлбаатар дасгалжуулагчийн удирдлага дор их спортын цагаан толгойг эзэмшсэн байна.

Тэрээр биеийн тамирын багш Ц.Хүрэлбат, “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Бямбаа, улсын шигшээ багийн дасгалжуулагч Болат, Рэнцэндорж, Энхбаатар, Хэнтийн Ренчин, УБДС-ийн багш Дамдинсүрэн, Ганбат, Уртнасан нараас багш, дасгалжуулагчийн эрдмийг өвлөсөн нэгэн.

Бүдээ захирал нь хамт олонтойгоо улсаас хос алтан медаль хүртээд ирэхэд нь урам өгч, улмаар Азийн бар орны тамирчидтай хүч үзүүлэхээр 2009 оны нэгдүгээр сард тивийн аваргын тэмцээнд оролцуулахаар үдэж өгч байжээ.

Ц.Пүрэвжав багш -30 хэмийн хүйтэн тачигнасан Монголоос нар төөнөсөн аагим халуун Тайландад очжээ. Гэвч тэндхийн уур амьсгалд өөрийгөө дасган уралдаж, сургууль, хамт олныхоо итгэлийг нь алдалгүй 1500, 5000 метрийн зайн гүйлтэд хос алтан медаль хүртэж ирсэн юм билээ.

Дараагийн өвөл нь Малайзын Куала Лумпур хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд амжилтаа бататган 5000 м-т алтан медаль 1500 м-т мөнгө, 10000 м-т хүрэл медаль хүртжээ. 2011 онд Өмнөговийн Номгон сумын биеийн тамирын багш, холын замд түшигтэй Баярсайхан андыгаа дагуулан дэлхийд өрсөлдөхөөр мешокоо үүрэн алс холын Америк орныг зорьсон гэдэг.

Тэрхүү уралдаандаа өөрөө шилдэг 10-т багтан, медалийн тавцан холгүйхэн байгаагаа анзаарчээ. Баярсайхан анд нь ч 42 км замыг төвөггүйхэн туулсан нь нэгийг бодогдуулсан гэдэг.

Ингээд дараа жил нь 2012 оны арваннэгдүгээр сард Тайваньд цэнхэр дардан зам дээр 1500, 5000, 10000 метрийн зайн уралдаануудад гурван алтан медаль ихэрлүүлэхэд нөхөд нь Азид өрсөлдөгчгүй болсныг нь хэлж, шавь нар нь багшдаа дэлхийн медаль ойрхон байна хэмээн урам хайрлаж байжээ.

Ц.Пүрэвжав багш анд нөхөд, хамтран зүтгэгчид, сургуулийнхаа хамт олон, шавь нарынхаа итгэлийг алдсангүй. Тэрээр 20 гаруйхан хоногийн өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 2-12-ны өдрүүдэд Италийн Турин хотноо 90 гаруй орны тамирчид хуран цуглаж спортын 30 төрлөөр зохиогдсон Дэлхийн мастеруудын олимпийн тоглолтод оролцож, хөнгөн атлетикийн холын зайн гүйлтийн 5000 метрийн уралдаанд мөнгөн медаль хүртжээ.

Энэхүү медалийн тавцанд гарах хүртэл хялбар байгаагүй нь лавтай. Долоон цагийн зөрүүтэй Европ тивд очингуутаа нойр солигдсон байдлаасаа ч гарч чадалгүй тэмцээн уралдаанд оролцохын зовлонг амссан ч зорилгодоо хүрч Монгол төрийнхөө далбааг Турины тэнгэрт мандуулжээ. Ийнхүү тэрээр Монголын багш нарын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх ховорхон амжилт үзүүлээд байна.

Монголын Боловсролын болон Биеийн тамир, спортын салбарын тэргүүний ажилтан, биеийн тамирын багш Ц.Пүрэвжав багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ их спортод түүхэн амжилт гаргасан нэгэн билээ.

НИЙСЛЭЛ ТАЙМС

URL:

Сэтгэгдэл бичих