Мэдэгдэл гаргаад суух биш Малайзаас иргэнийхээ амийг нэхмээр байна

Малайз Улсад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байсан сэжигтнүүдийг Малайзын шүүхээс сулласан байна. Уг хэрэг 2006 онд үйлдэгдсэнээс хойш хэргийг үнэн мөнөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг шүүх хурлын үйл ажиллагаанд оролцуулах зэрэг бүхий л ажилд тусалж дэмжсээр ирсэн юм.  Цаашид ч Гадаад харилцааны яам иргэнийхээ амь насыг балмадаар хохироосон шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, гэмт хэрэгтнүүдэд тохирох ял шийтгэл оногдуулж, гэр бүлийн гишүүдийнх нь сэтгэлийн зовлонг нимгэлэхийн төлөө боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдээд байгаа.Манай улсын Гадаад хэргийн яамнаас иймэрхүү мэдэгдэл гаргаад энэ хэргийн гогцоо тайлагдах уу, Малайзийн хууль шүүхийнхэн буруутнуудыг залхаан цээрлүүлж чадах уу.  Энэ хэргийг тус улсын шүүх эцэслэн шийдэж чадалгүй долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Талийгаачийн аав Шаарийбуу гуайгаас өөр энэ хэргийн төлөө санаа зовниж яваа хүн Монголд бараг л байхгүй. Хүний эрхийн байгууллагууд бол бүр ч нүдэн балай, чихэн дүлий суугаа. Гадаад хэргийн яамнаас үе үе мэдэгдэл гаргаж, Малайзийн талд хэргийг үнэн зөвөөр шийдэж, буруутнуудыг олж цээрлүүлэхийг хүссэн ноот бичгийг илгээсэн дуулддаг. Тэгвэл энэ хэрэг бүр замхрах шинжтэй болж байгаа нь дээрх мэдэгдлээс харагдаж байна. Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байсан сэжигтнүүдийг суллана гэдэг бол хавтаст хэргийг хаах гэж байгаа байх гэсэн хардлагыг төрүүлж байна. Шаарийбуугийн Алтантуяа гэж хэн болох, хэн байсан нь чухал бус монгол хүний амь харь улсад ямар ч үнэ цэнгүй болсонд гомдолтой байна. Бүхэл бүтэн долоон жил болчихоод байхад түүний амийг Монголын төр, Монголын ард түмэн Малайз улсаас нэхэж яагаад чадахгүй байна вэ. Тэр боловсролтой эмэгтэй байсан юм билээ. Түүний амийг Малайзийн улстөрийн хүрээний томоохон албан тушаалтан хөнөөсөн байж магадгүй гэх нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд хангалттай байхад тус улсын шүүх хөдлөхгүй байгаа нь монгол хүний амийг сохор зоосоор ч үнэлэхгүй байгаагийн илэрхийлэл.

Шаарийбуугийн Алтантуяа гэх бүсгүйн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн байдаг.  Ш.Алтантуяаг түүний нүдэн дээр хүмүүс барьцаалан, машинд суулган авч одоход мөнгөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлсэн талаар тухайн үед хэвлэлүүд хангалттай мэдээлж байлаа. Ш.Алтантуяаг барьцаалж авч явсан машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байсан ч уг рапорт одоо хүртэл нууц хэвээр байгаа гэх. Бүсгүйг хэрцгийгээр хөнөөөсөн Малайзын тусгай албаны ажилтнуудын нэг Сирул Омар гэгч нь цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Намайг буу гаргахад тэр өөрийгөө жирэмсэн гээд амь гуйж байсан” гэсэн нь бий. Тэр үед түүний захирагч Азила хөөрхий бүсгүйг хутгалж, газар унагасан, дараа нь түүний хувцсыг тайлан гялгар уутанд хийхэд гар нь хөдөлж байсан гэдэг.  Азила Сирулд түүнийг дахин бууд гэснийг тэр биелүүлжээ. Энэ бол Ш.Алтантуяагийн аллагын талаарх эхний мэдүүлэг. Дараа нь тэд бүсгүйн цогцсыг ойд аваачиж, хөл, хэвлий, толгойд нь тэсрэх бөмбөг зүүж дэлбэлэн амийг нь хөнөөсөн юм. Маш хэрцгийгээр. Энэ аллага зохион байгуулалттай, санаатай гэхчлэн эрүүгийн хүндрүүлж болох бүхий л арга хэлбэрээр болсон байдаг.Энэ бүхэн 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг онгоц нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлсэн гэдэг. Ш.Алтантуяа гэх 28 настай бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичиж байв.Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр этгээдэд 2009 онд Малайзын шүүх цаазаар авах ял оноосон боловч ялын гүйцэтгэлийг хойшлуулсаар байв. Малайзын хэвлэлүүд монгол бүсгүйн аллагын цаана улс төрчид буйг нотлох хангалттай баримт байгаа боловч тус улсын шүүх энэ талаар тайлбар хийхээс эрс татгалзаж байгаа талаар мэдээлж байлаа. Юутай ч Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргалаа. Хэргийг үнэн зөв шийднэ гэдэгт итгэж байна, найдаж байна гээд суух биш харин Малайз улсаас иргэнийхээ амийг нэхэх л үлдээд байна даа.

Б.Оюунгэрэл /ipost.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих