Ли Ён Э:Монгол хоол үнэхээр их таалагдлаа

Солонгосын олон ангит “Тэ Жангум”  түүхэн киногоор монголчуудын эчнээ танил болсон тус улсын нэрт жүжигчин Ли Ён Э Монголд ирээд буцлаа. Түүнийг буцахаас өмнө амжиж товч боловч сонирхолтой ярилцлага хийснээ уншигч танаа хүргэж байна. Юуны өмнө богинхон хугацаанд кино зураг авалтын олон ажил амжуулахаар ирсэн түүнийг олж уулзах хэцүү байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Мөн манай уншигчдыг хүндэлж бидний асуултад хариулт өгсөн хатагтай Ли Ён Э-д талархаж  буйгаа илэрхийлье.

-Аян замдаа сайн явж ирэв үү Ён Э. Таныг олж уулзах хэцүү бололтой. Манай сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн явдалд баярлалаа?

-Би Монголд цэвэр ажлын шугамаар гурван өдөр саатаад буцах юм. Миний очсон газар бүрт сэтгүүлч та байсан болохоор хөдөлмөрийг тань огоорч зүрхэлсэнгүй ээ.

-Та Монголд ирсэн даруйдаа Хүй долоон худагт амьдардаг энгийн малчин айлынд зочилсон. Энэ тухай сонирхож асуумаар санагдлаа?

-Миний сонгож ирсэн газрын түүх шастирыг та гадарлаж байгаа байлгүй. Орон орны үндэсний хоолыг хийх арга барил, хэрхэн бүтдэг болох тэрхүү хоол хүнс нь тухайн  ард түмний түүх соёл, зан заншил, цаг агаартай аль хэр нийцэж буй болохыг баримтат киноныхоо хальсанд буулгахыг хичээлээ.

-Гэрийн эзэд таныг хэрхэн хүлээж авав. Та тэндээс юу мэдэрч бас олж харсан бол?

-Миний очсон айлын гэрийн эзнийг Одгэрэл гэдэг. Жирийн л нэг малчин залуу. Намайг халуун дотно хүлээж авсан  тэдний найрсаг зочломтгой байдал нь тогооч хүнд байвал зохих эерэг мэдэрэмж юм шиг санагдсан. Би гурван төрлийн хоол хийхийг харсан. Харахад арааны шүлс асгарах хэрнээ амтлахад хурц тэр хоолны ид шидийг мэдэхэд их хугацаа орох болов уу.

-Танд монгол хоол ямар санагдав? 

-Монголчуудын үндэсний хоол хорхог, гурилтай шөлийг амтархан идсэн. Таалагдсан шүү.  Шөл нь их тостой ч, мах нь зөөлхөн, амттай юм билээ.

-Та манай үндэсний хоолны нууц жорыг мэдэж чадав уу?

-Тухайн ард түмний олон мянган жилийн түүхтэй үндэсний хоолны нууц жорыг мэдэх хэцүү. Олж мэдлээ ч түүнийг би ил гаргах нь зохисгүй хэрэг. Харин үндэсний хоолны бүтэц найрлага, ач холбогдлын талаар сонирхолтой баримтат кино хийе гэсэн нь энэ юм.

-Та  манай Үндэсний түүхийн музейд зочилсон нь их содон байлаа?

-Энэ мөн л баримтат кинотой маань хамаатай ажлын нэг хэсэг. Тухайн улсыг мэдэхийн тулд түүхийг нь судал гэдэг байх аа.

-Та музейгээр нэг цаг аялахдаа хүссэн зүйлээ сонсч, олж мэдэж  чадав уу?

-Музейн тайлбарлагч надад үлгэр ярьж өгч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж чадсан шүү. Гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна. Ингэхэд би тэнд ганцхан цаг болсон гэж үү./инээв/

-Ердөө л 56 минут болсон, бид цаг харж бас таныг гарч ирэхийг хүлээж байсан юм?

-Би ажлын их ачааллыг тэр сайхан орчинд гээж чадсан. Тайлбарлагчийн ярьсан түүхийг сонсоход би тухайн үеийн амьдрал руу шууд л  яваад орчих шиг санагдсан.

-Та өнгөрсөн түүхийг ургуулан сэтгэж түүхэн дүр болгож  гаргахдаа гаргууд байх аа?

-“Тэ Жангум” киноны зохиолыг уншаад тухайн үеийн амьдрал руу ямар ч хяналтгүй орчихсон шүү.

-Монголын түүх, соёл зан заншил танд ихэд таалагдсан бололтой. Магадгүй манай  кино найруулагчид таныг  түүхэн кинонд тоглуулахаар урилга өгвөл хэрхэн хүлээж авах бол?

-Түүхэн дүрээс өөр боломж байхгүй гэсэн үг үү. /инээв/

-Таныг түүхэн кинонд үнэхээр чадварлаг  тоглосон болохоор, бас та Монголын түүхт хатдын дүрийг  гайхамшигтай амилуулж чадах юм шиг санагдаж байна?

-“Түүхэн дүрээс өөр боломж байхгүй гэсэн үг үү” гэж танаас асуусан минь наргиан юм шүү. Надад одоогоор урдах ажлаас илүү анхаарах зүйл алга.

-Ингэхэд та Монгол  болон БНСУ-ын үндэсний хоолны онцлогийг хэлж өгөхгүй юу?

-Энгийнээр тайлбарлахад бид ногоо голдуу хүнсийг хоолондоо  хэрэглэдэг. Харин Монголчууд хоолондоо махыг түлхүү хэрэглэдэг  юм билээ.

-Таныг Монголд байх энэ өдрүүдэд бороо тасралтгүй шивэрсээр байлаа. Монголчууд хувьтай хүн хур борооноор хэмээн ихэд бэлгэшээдэг ард түмэн. Үүнийг батлах мэт өнгөрсөн мягмар гаригт Жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс манай бөх М.Уранцэцэг дэлхийн аварга болсон?

-Монголын хүлэг морь, хүчит бөхчүүд аугаа их гүрнийг бий болгосон гэдэг. “Хүй долоон худагт” очсон нэг шалтгаан минь энэ байж мэдэх юм. Манай аяллын багийнхан танай орны түүхийг их судалсан. Хүй долоон худаг гэдэг тэр газар хэдхэн хоногийн өмнө Гиннесийн дээд амжилт эвдэгдсэн юм билээ. Мөн сая таны дурьдсан тэр охины ялалт нутгийнхаа тэнгэрт нар болж гийсэнд баяртай байна.

-Та манай нийслэлд саатах хугацаандаа Зайсан толгойн хөшөөт цогцолборт очсон. Ямар сэтгэгдэл төрөв?

-Маш их түүх агуулсан хөшөө, дурсгал олонтой газар байна лээ. Тэндээс танай нийслэл маш сайхан харагддаг юм билээ.

-Эцэст нь тэмдэглэхэд,  та монголчуудын тухай        ямар сэтгэгдэлтэй буцаж байна даа. Монголчууд таныг “Тэ  Жангум” киногоор сайн мэднэ, бас ихэр хүү, охины ээж гээд цахим ертөнцөөс мэдээллийг маш шуурхай авч ирсэн. Энэ бүхэн танд мэдрэгдэв үү?

-Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг минь уламжилж өгөхийг хүсье.  Олон зуун жилийн түүхтэй, түүх соёлоо дээдэлж, хойч үедээ уламжилж ирсэн сайхан ард түмэн юм гэж бодож байна. Монголчууд “Тэ Жангум” киног сонирхон үзэж, кинонд тоглосон баатруудын тухай сайхан сэтгэгдэлтэй байдаг нь явсан газар, уулзсан хүн бүрийн сэтгэлээс анзаарагдаж байлаа.

Д.ЖАВХЛАН, Ч.ЗОТОЛ
/ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих