“Гацуурт”-ын Л.Чинбат иргэд болон хотын удирдлагуудаас бултлаа
“Гацуурт”-ын Л.Чинбат хэмээх мөнгөтэй эрхэм Нийслэлийн өмчийн барилга, тоног төхөөрөмж байсан газарт хууль бусаар барилга барьж эхэлсэн тухай асуудал сүүлийн хэдэн жил дамжин яригдсаар өнөөдөртэй золголоо. Энэ асуудлын эсрэг тухайн барилгын ойр орчмын байрнуудын оршин суугчид, иргэд тэмцэж өнөөдрийн байдлаар зургаа дахь удаагаа шүүхээр заргалдаж явна.
Учрыг нягталбал “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нь анх 2002 онд дуудлага худалдаагаар Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн ам, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг Нийслэлийн өмчит барилга тоног төхөөрөмж бүхий газрыг /ЦТП/ дуудлага худалдаагаар зөвхөн 222.3 м2 талбай бүхий хоёр амбаар худалдаж авсан байдаг.
Гэтэл 2006 онд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 256 тоот захирамжаар Монгол улсын газрын тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж 794 м2 талбай болгон өсгөн нэмж 571.7 м2 нэмж олгосон нь өнөөдрийг хүртэл иргэдийг бухимдуулах гол шалтгаан болжээ. Ингэснээр иргэд захиргааны хэргийн шүүхэд эл асуудлыг уламжилснаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэр, Мөн 2010 оны 358 тоот захирамжаар Ус дулаан дамжуулах төвийн барилга барих 67.4 м2 газрыг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан НИТХ-ын 2010 оны 5/38 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 496 дугаар захирамжийг зөрчиж, НЗД-ын 2011 онд гаргасан 295 тоот захирамжийн 40 дэх заалтаар “Гацуурт”-ын Л.Чинбатад хууль бусаар авч өгчээ.
Ингэснээр дээрх асуудал тэр чигтээ Л.Чинбатын талд шийдэгдэж Нийслэлийн өмчит газарт байрлах дулаан, цахилгааны тоног төхөөрөмжийг ойролцоох орон сууцны хонгилд байршуулж бүтэн өвөлжингөө иргэдийг халуун уур, хүйтэн цан дунд амьдруулжээ. Бүх ажлаа төвөггүй бүтээсэн мань Л.Чинбат барилгын ажлаа аль хэдийнэ эхлүүлсэн ч Барилгын тухай хууль хийгээд Барилга, хот байгуулалтын тухай хууль, тухайн үеийн дэд бүтцийн сайд, УМХГ-ын даргын хамтарсан 2003 оны 71/134 тоот тушаалын дагуу барилгын зураг төсөл, техникийн нөхцөл, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг бүрдүүлээгүй явсан байна.
Гэтэл “Гацуурт”-ын Л.Чинбатын барьж байгаа барилга зөвшөөрөлгүй баригдаж байгаа талаар 2012 оны 09-р сарын 05-ны өдөр олон нийтэд ил болсноор хууль бусаар техникийн нөхцлийн баримт бичгүүдийг хагас дутуу яаран сандран бүрдүүлсэн гэнэ. Удалгүй НИТХ-аас зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг нураах шийдвэрийг гаргасан. Энд нийт 70 гаруй барилга багтаж байгаа бөгөөд “Гацуурт” компанийн барилга эдгээр нураах барилгуудын эхний тавд нэр нь орсон байсан билээ.
Харин “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Арван жилийн хөдөлмөр шингэсэн ажил болохоор нураахгүй. Үнэхээр л барилга байшин нураамаар байгаа юм бол эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хашаанд баригдаж байгаа тэр барилгуудаа нураа. Миний хувьд тус газрыг анх өмчлөхөд нь худалдаж авсан. Нэг л зөвшөөрөл дутуу байсан. Тэгээд хөөцөлдөж байтал хотын захиргаанаас барилгаа “хурдан барьж дуусга” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Зөвшөөрөл дутуу гэтэл зөвшөөрөл энэ тэр ямар хамаатай юм бэ гэсэн. Хэрвээ баригдаж байгаа барилгуудыг нураагаад эхэлбэл олон компанийн захирлууд шоронд явах болно. Учир нь тэд бүгд банкнаас богино хугацааны зээл авсан. Ер нь Монгол улсад улс төрчид л өргүй хүмүүс байдаг” хэмээн яриандаа дурьдсан байдаг. Эл бүгдээс харахад энэ бол ганц Л.Чинбатын асуудал ч биш Нийслэлийн удирдлагуудын хутгасан бантан болох нь тодорхой болж байгаа юм.
Барилга үргэлжлүүлэн барих асуудал зогсож уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдах хугацаанд НМХГ-ын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ холбогдох хуулиудыг зөрчиж, иргэн Л.Чинбат захиралтай “Гацуурт” ХХК-ийн барьж буй барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2012 оны 11-р сарын 30-ны 383/2012 зөвшөөрөл олгочихсон юм билээ. Энэхүү хууль бусаар зөвшөөрөл олгосон явдлыг нь АТГ-аас болон Нийслэлийн прокурорын газраас тогтоосон байдаг. Болж өнгөрсөн процессыг товчхон бөгөөд тодорхой дурьдвал ийм л юм болсон байна. Гэтэл энэ асуудлыг тухайн барилга барьж байгаа “Гацуурт” компанийн удирдлагууд огтхон ч тоолгүйгээр хууль зөрчин ажиллаж, иргэдийн үгийг нэг ч удаа сонсоогүй. Үүгээр ч зогсохгүй тэдгээр иргэдийг өөрсдийнх нь эсрэг ажиллаж байгаа хүмүүс хэмээн ярьж, хууль зөрчөөгүй бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа хэмээн тайлбарлалаа.
Асуудал ийм болтлоо мандчихаад явж байхад хотын удирдлагууд бүлх залгисан мэт чимээгүй явсаар өнөөдөртэй золгож аргагүйн эрхэнд газар байдалтай нь танилцаад буцсан. Харин хотын удирдлагууд болон “Гацуурт”-ын Л.Чинбат нарын хэн хэн нь хүрэлцэн ирсэн ч Л.Чинбат барьж буй байшиндаа нуугдсаар нүүр нүүрээ харалгүй хашааны наана цаагуур зөрж өнгөрсөн. Мөн хууль бус үйл ажиллагаа болон өнөөдрийг хүртэл явж ирсэн тухайн барилгынх нь талаар асуулт тавьсан сэтгүүлчийг Л.Чинбат захирал “Бусад сэтгүүлчдийн адил асуулт асуусангүй. Заавал алдааг нь асуулаа хэмээн дайрч “худалдагдсан сэтгүүлч” гэж цоллоод амжив. Мөн хууль бус барилгынх эсрэг зогсож буй оршин суугч ард иргэдийг “хийх юмаа олж ядсан ажилгүй хэдэн улс” хэмээн доромжилсон. Эцэст нь хэлэхэд хотын удирдлагууд газар дээр нь ирж танилцсан ч “Гацуурт”-ын Л.Чинбаттай нүүр нүүрээ харалгүй буцлаа. Асуудал ийм л байна…
А.Төмөрсүх
URL: