Ё.Отгонбаярынх хаана төвхнөх бол

Албан тушаалтанд холбогдох авлига, хээл хахуулийн хэрэг эхнээсээ төгсгөл хүртлээ олны анхаарлын төвд байдаг. Гэсэн ч хэрэг эцэслэн шийдэгдэх хугацаа хэтэрхий урт үргэлжилж, сунжрах хандлагатай байдгаас ял завших асуудал гарахыг иргэд огтхон ч үгүйсгэдэггүй.
Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар (АТГ), Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-т шалгагдаж байсан хэргүүд эхнээсээ шувтарч дууссан ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл болон Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсэн хэвээр байна.
Түүнчлэн Монголын иргэний агаарын тээврийн тодотголтой, дайны эрсдэлийн даатгалаар дамжуулан онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож ял сонссон хуучин удирдлагуудын давж заалдах шатны шүүх хурал хойшлогдсон.
Мөн тэдний хэрэгт нэр холбогдоод байсан, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг дээрх хэргээс тусгаарлан шалгахаар болсон.
Гэсэн ч өнөөдрийн байдлаар дурьдсан хэргүүдийн аль нь ч цэгцэрсэнгүй.
Энэ нь авлига хээл, хахуулийн хэрэг аалзны тор шиг хэрж, албан тушаалын байдал нь тушаа болж буйн шинж. Нөгөөтэйгүүр, мөрдөн байцаалтын явцад нэг албан тушаалтанд холбогдох хэргийн хүрээ тэлж, найз нөхөд, хамаатан садан нь дээрх хэрэгт холбогдох болсноор мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буй.
Юутай ч, мөрдөн байцаалт, прокурорын шатанд байсан хэргүүдэд гойд өөрчлөлт орсонгүй.  Харин ирэх намрын чуулганаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхой болно.
Түүнийг УИХ-ын дарга, З.Энхболдтой өнгөрсөн зургадугаар сард уулзаж, бүрэн эрхээсээ түдгэлзэх тухай санал тавьсан гэх мэдээлэл гарсан. Гэсэн ч З.Энхболд дээрх мэдээллийг албан ёсоор няцаасан юм.
Харин ирэх сарын 16-нд ээлжит бус чуулган хуралдана. Чуулганаар савлагаатай байгаа эдийн засгийн асуудлын эргэн тойронд гишүүд байр сууриа илэрхийлснээр төгсгөл болох нь дамжиггүй.
Тиймээс Ё.Отгонбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай асуудлыг аравдугаар сард хуралдах намрын чуулганаар чухалчлан ярьж, улс төрийн хүчнүүдийн дунд Ё.Отгонбаяр гэх хэрүүлийн алим мэндлэх нь тодорхой болоод байна.
Улмаар түүний гэргийг цагдан хорьсноор эхэлсэн дуулиант хэрэгт ирэх арван сараас хөдөлгөөнд орж, хэний эрх ашиг 26 дансанд “савлагдсан” талаарх мэдээллүүд цуврах учиртай. Ё.Отгонбаяр гишүүний хувьд чуулган эхлэхээр ёс зүйн хороогоор шүүгдэх болзлоо хэдийнэ хангачихаад байгаа.
Хэдийгээр улс төрийн хүчин, нам фракцууд өөрсдийн хүнээ өмгөөлж үлдэхийг зорьдог ч прокурорын байгууллагаас Ё.Отгонбаярт холбогдох хэргийн тухай албан бичгийг УИХ-д хэдийнэ хүргэчихсэн.
Түүнчлэн дээрх хэрэг иргэдийн анхаарлын төвд байгаа нь Ё.Отгонбаяр болон түүний гэргий О.Эрдэнэсолонго нарын хэргийг хийдүүлэх боломж олгохгүй байгаа юм.
Хууль хяналтын байгууллагаас ч гэсэн “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хууль бус үйлдлүүд шалгалтын явцад илэрсэн.
Тэрбээр иргэн Ч-г Энхтайвны гүүрэн дээр бүлэг этгээдээр зодуулаад машиныг нь авсан гэх баримт олдсон. Хамгийн ноцтой нь Ё.Отгонбаярыг бусдаас авлига авсныг гэрчлэх хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн.
Тиймээс дээрх баримтуудыг үндэслэн түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болж байна” хэмээн тодотгосон юм.
Мөн О.Эрдэнэсолонго, Ё.Отгонбаяр гэх гэр бүлд үүсгэсэн хавтаст хэргийг нийтэд дэлгэх болсон шалтгаан нь нэг талаараа хууль, хяналтын байгууллага иргэдээс хүч гуйсны шинж.
Өөрөөр хэлбэл, төрийн өндөр, дээд албан тушаалтанд холбогдох хэргийг шалгахад хууль, хяналтын байгууллага, шүүх засаглалд нөлөөлөх гэсэн үйлдлүүд мэр сэр гардаг гэдгийг илэрхийлж буй.
Улмаар мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж болзошгүй аливаа үйлдлийг таслан зогсоож, иргэдийн хараат байдлыг тогтоохын тулд дээрх мэдээллийг олон нийтэд албан ёсоор зарласан байдаг.
Тиймээс хууль, хяналтын байгууллага нэгэнт Ё.Отгонбаярыг гэмт үйлдэл гаргасан гэдгийг батлах баримт олсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас ирэх намрын чуулган түүний хувь заяаг шулуутгах юм.
Хэрэв УИХ хэлэлцэж, түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл тэрбээр цагдан хорих анги рүү “нүүж” өөрийн эхнэрийн хамтаар шалгагдах юм. Тиймээс Ё.Отгонбаярынх хаана төвхнөх вэ, гэх асуултыг хариуг УИХ гаргах нь. Дээгүүр албан тушаал, эрх мэдэлтэй байхын ичгүүртэй талын нэг нь энэ ч юм шиг.
Б.Ширнэн 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих