Хууль бусаар олгогдсон 4052 газрын эрхийг хүчингүй болголоо

Хууль бусаар олгогдсон 4052 газрын эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болсон талаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Нийслэлийн МХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хэлтсийн дарга Ц.Нямдорж, Улсын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Хошууч н.Ганхуяг нар оролцлоо.

“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 05-ны өдрийн А/566 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр ой, усны сан газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох, хууль зөрчин гаргасан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлах санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсэг Монгол Улсын ойн тухай хууль, Монгол Улсын Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн сүүлийн жилүүдэд ногоон бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн ойн санд хууль зөрчин газар олгох, иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй хашаа, байшин барих зөрчил ихээр гардаг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар ойн болон усны сан газарт хууль зөрчин газар олгосон, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, байшин барилга барьсан, үнэлгээ, дүгнэлт авалгүй гүйцэтгэсэн, Ойн санд орох орц, гарцыг хааж хашаа барьсан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Газар дээр нь шийдвэрлэх боломжтой зөрчлийг тухай бүрт нь арилгасан бол шийдвэрлэх боломжгүй нийслэл, дүүргийн Засаг даргын олгосон газрын гэрчилгээ, хууль бус зөвшөөрөлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 2 340, Сүхбаатар дүүрэгт 1 090, Баянзүрх дүүрэгт 450, Сонгинохайрхан дүүрэгт 172, нийтдээ хууль зөрчин олгосон 4 052 газар байна. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүс, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ихээхэн хохирол учирч болзошгүй.

Тиймээс энэ асуудлыг яаралтай зохицуулах захирамж гаргах шаардлагатай тул ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр нийслэлийн Засаг дарга   дээрхи хууль бусаар олгогдсон 4 052 газрын эрхийг цуцлах захирамж гаргахаар болсон бөгөөд тус захирамжид нийслэлийн ногоон бүсэд цаашид газар олгохгүй байх, газар олгосон тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох заалтуудыг тусгана” гэж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Харин нийслэлийн ногоон бүсэд хууль зөрчин барилга барьж, хотхон хүртэл сүндэрлүүлсэн тохиолдол бий. Эдгээр барилгыг хэрхэн шийдвэрлэх талаар сэтгүүлчид тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Тэдгээр барилгыг нураах уу, үлдээх үү гэдэг хамгийн хүндэлтэй асуудал. Хууль хяналтын байгууллага нь хуулийн дагуу шийдвэрлэнэ. Харин газрын эрх олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа.

Ер нь цаашид хэн нэгэн эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байх тал дээр хяналт тавьж ажиллана ” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих