ЭРДЭНЭСЭЭР ОВОГЛОСОН КОМПАНИУДЫГ ИРГЭД МЭДЭХГҮЙ БАЙНА

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
“Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой” гэхчлэн эрдэнэсээр овоглосон гурвын гурван төрийн өмчит уул уурхайн компани манайд бий.
Үргэлж л анхаарлын төвд байдаг юм шиг хэр нь олон нийт ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар учиртай компаниуд болохыг бараг мэддэггүй гээд хэлчихэд болно. Магадгүй, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдгийг улстөрчид, зарим эдийн засагчид л гадарлахаас хэтрэхгүй болов уу. Өчигдөр бид иргэдэд “Эдгээр компаниудыг төрийн өмчит, уул уурхайгаас иргэдэд оногдох хувь хишгийг хариуцан ажилладаг гэдгийг нь мэдэх үү.

Сүүлийн үед эдгээр компани ямар үйл ажиллагаа явуулж, юу хийсэн талаар ямар мэдээлэлтэй байна вэ” гэсэн асуулт тавьсан. Гэвч бидний уулзсан арван иргэн бүгдээрээ “Юу хийдгийг мэдэхгүй. Тийм компаниуд байгаад л байдаг юм шиг байна билээ. Нэрийг нь л сонссон” гэж хариулсан юм. Юу хийдэг нь олон нийт, иргэдэд ойлгомжгүй хэрнээ бариад авч болохгүй нэг л их сүр дуулиан, сенцаасын дунд оршин тогтнодог компаниуд юу хийдэг, ямар утга учиртай талаараа ард түмнийг бодитой, тодорхой мэдээллээр хангах цаг болжээ.

“ЭРДЭНЭС МГЛ”
Нэг ийм компани байдаг шиг л санагдаж байна. “Эрдэнэс МГЛ” гэсэн нэр голдуу л төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас гардаг болохоор их л чухал компани байх ёстой. Гэвч хэдэн оны хэдэн сард байгуулагдсан тухай мэдээлэл нь бүрхэг. Интернэтийн орчноос энэ компанийг албан ёсоор хэдэн сард байгуулагдсан тухай тодорхой мэдээлэл олохгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө байгуулагдсан байх учиртай ч өнөөдөр болтол энэ компани албан ёсны вэб сайтгүй. Компанийн тухай байгаа мэдээлэл нь байн байн захирлыг нь өөрчилсөн тухай дуулиан.
Өчнөөн олон жил юу хийж, ямар үйл ажиллагаа явуулж, ямар гавъяа байгуулсан нь мэдэгдэхгүй энэ компанийг төрийн өмчийн оролцоотой уул уурхайн бүх компанийг “атгадаг” толгой компани гэсэн төсөөлөл л байна. Эрдэнэсээр овоглосон нөгөө хоёр компани болох “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” хоёрыгоо 100 хувь эзэмшилдээ байлгадаг гэх болохоор өндөр эрх мэдэл, их хөрөнгө мөнгөтэй байх учиртай юм. Гэтэл ашигтай гэхээс илүү өртэй ажилладаг л сураг ажиг хэвлэлээр гардаг.
Их том байх учиртай дараагийн шалтгаан нь төрийн нэрийн өмнөөс төрийн өмчийн оролцоотой стратегийн орд газруудын ашиглалтыг хариуцдаг, хувьцааг болон тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тухай мэдээлэл. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс МГЛ”-д “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын талын хувь, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр болж байсан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтьш ажлыг ч хариуцана гэхээр “Эрдэнэс МГЛ” үнэхээр том компани байж таарна.
Тус компани байгуулагдсанаасаа хойш ямар ч л байсан Я.Долгоржав, Б.Энэбиш, О.Сайнбуян гэх захирлын нэр гар дамжаад байгаа.

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”
“Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Оюутолгой”-г бодвол “Эрдэнэс Тавантолгой”-н талаар арай гайгүй мэдээлэлтэй болов уу. Учир нь иргэн бүр энэ компанийн 1072 хувьцааг эзэмших боллоо гэснээр энэ компани олны анхааралд нэлээд орж ирсэн.
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулах тухай УИХ, Засгийн газрын тогтоол батлагдсанаар тус компани 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр ажилладаг энэ компани оффис болон уурхайдаа нийлээд бараг 500-аад ажилтантай гэсэн мэдээлэл бий.
Одоогоор “Эрдэнэс Таван толгой” улсын төсөвт мөнгө оруулж ирээгуй. Харин өмнөх хамтарсан Засгийн газрын “Хятадын Чалко” компаниас авч, сонгуулийн өмнө иргэдэд хүний хөгжил сангийн мөнгө нэрийдлээр тараасан 350 сая ам.долларыг олборлосон нүүрсээрээ төлж байгаа юм. Цаашид Таван толгойн орд газрын Баруун цанхиас олборлох нүүрсээ дэлхийн зах дээлд гаргаж, улсын төсөвт ихээхэн мөнгө босгоно гэсэн зорилттойгоор ажиллаж байгаагаа тус компанийн захирал Я.Батсуурь дурьдсан. “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсууриас өмнө Б.Энэбиш ажиллаж байв.

“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ”
Хэдхэн хоногийн өмнө телевизээр явж байсан мэдээллээс “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит компани гэсэн нэр олж сонссон эгч маань мэл гайхаж, цэл хөхрөнө гэгч л болсон. “Ийм компани байдаг юмуу, бас хэдийдээ байгуулагдчихав, юу хийдэг юм” гэхчлэн түүнээс асуулт ундарлаа. Төсвийн байгууллагад ажилладаг, сэхээтэн хүн ийм байдалтай, мэдээлэлгүй байгааг бодоход Монголын иргэдийн дийлэнх нь “Эрдэнэс Оюутолгой” гэж компани байдгийг мэддэггүй бололтой.
“Эрдэнэс Оюутолгой” нь зэсийн нөөцөөрөө дэлхийд номер нэг гэж буй Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой”-н орд газарт Монголын талын хувь хөрөнгийг эзэмшдэг төрийн өмчит компани. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой”-н төрийн мэдлийн 34 хувийн хувьцааг эзэмшиж, хувь нийлүүлэгчдийн дунд Монголын Засгийн газрыг, Монголын ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх маш хариуцлагатай үүрэг хүлээсэн, 20 гаруйхан хүнтэй цомхон энэ компанийг 2011 оны арванхоёрдугаар сарын 06-нд Засгийн газраас байгуулсан. Тус компанийн үндсэн зорилгыг “Оюутолгой”-д Монголын талын 34 хувийн хувьцааг эзэмшин, “ОюуТолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож, ашигг малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлнэ гэж тодорхойлдог.
Төрийн өмчит хязгаарлагдмал хариуц-лагатай энэ компани “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани хэлбэрээр байгуулагдсан гэдгийг дээр дурьдсан.
Компанийн анхны захирал нь Улсын мэргэжлийн хяналтын даргаар ажиллаж байгаад хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, дараа нь өмнөд хилийн боомтуудыг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Батбаатар. Түүний дараа “Говь”-ийн захирал байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчигийг томилсон. Харин хэдхэн хоногийн өмнө улстөрч Да.Ганболдыг томилоод байгаа билээ.
Тус компанийг тойрсон хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл “Монгол зэс” нэртэй компани байгуулан, хувьцааг нь олон нийтэд худалдаалах ажлыг Засгийн газар судалж эхэлсэн явдал юм.

MINING


URL:

Сэтгэгдэл бичих