МАН Лениний музейн асуудлаар давж заалдах ёс суртахууны эрхгүй

hhhdНийслэлийн давж заалдах шатны шүүх Лениний музейн өмчлөгчийг тогтоох асуудлаар Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй, МАН-д холбогдох иргэний хэргийг, хариуцагчийн гомдлын дагуу хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

Энэ бол Лениний музейн өмчлөгчийг тогтоох асуудлаар болж буй гурав дахь Шүүх хурал. Гэвч сүүлчийнх нь биш ч байж магадгүй.

Хуулийн дагуу МАН-д давж заалдах эрх нь хадгалагдаж байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Өмнөх байдлаас харахад давах ч байх. Гэхдээ давж заалдах асуудлыг ярихаас өмнө тэднийг ийм үйлдэл ёс суртахууны эрхгүй гэдгийг нь өгүүлэх гэсэн юм. Миний энэ санаа бол маш энгийн.

1. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан

ТӨХ нь Чингэлтэй дүүргийн V хороонд орших Лениний музейн барилгын өмчлөгчөөр тогтоолгох, МАН-ын хууль бус эзэмшлээс барилгыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Нийслэлийн шүүхэд гаргаснаар анхны шүүх хурал болсон байдаг.

Нийслэлийн Шүүх энэ хэргийг хэлэлцээд Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

Энэ шийдвэрийн дагуу өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаанаар МАН-ын эзэмшиж байсан барилгыг музейн зориулалтаар ашиглах нь зөв хэмээн үзэж эзэмшигчээр нь Төрийн өмчийн хороог тогтоосон.

Уг нь асуудал ингээд л шийдэгдэх учиртай байв. Гэтэл МАН давж заалдсан. УИХ-д сөрөг хүчний байр суурьтай нам ийнхүү байшин барилга хөөцөлдөж явахаас өөр ажил хийхгүй байгаа нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой.

Ер нь намын нэр хүнд унах, цаашлаад сонгуульд ялагдах болсон шалтгааны нэг нь МАН-ын албан тушаалтнууд нийслэл, төрийн өмчийн обьектыг /тухайлбал, Урт цагааны барилга/ зориулалтын бусаар ашиглаж байсантай холбоотой гэдгийг энд дахиад нэг биччихье.

2. МАН-ын гаргасан үндэслэл дэндүү ичгүүргүй

МАН-ынхны барьж буй ганц баримт бол МАХН-ын төв хорооны 1973 оны 103 дугаар тогтоол. “Лениний музейн барилга шинээр байгуулах” тухай энэ тогтоолын дагуу сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, улмаар Лениний музейн барилга баригдсан байдаг.

СнЗ-ийн тогтоолд барилга барих хөрөнгийг улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс зохицуулан гаргахыг Улсын төлөвлөгөөний комисс зэрэг төрийн байгууллагуудад даалгасан байдаг аж.

Энэ бол Лениний музейн барилга улсын төсвийн хөрөнгөөр баригдсан гэсэн үг. Шүүхийн шийдвэр ч энэ байдлаар гарсан. Гэтэл МАН давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан учир Лениний музей нь Улсын өмч мөн гэж анхан шатны шүүх үзсэн.

Гэвч тэр үед улсын болон бусад бүх хөрөнгө оруулалтыг Улсын төлөвлөгөөний комисс хянан шийдвэрлэдэг байсан. Улсын төсвөөс санхүүжүүлсэн байсан ч МАХН-аас санхүүжүүлж байсан баримтыг үгүйсгэн тайлбарлах боломжгүй” гэсэн байна.

Энэ нэг зүйл тод харагдана. МАХН шийдвэр гаргажээ. Тэрнийг нь СнЗ хянан шийдвэрлэж. Яг үнэндээ бол ёсчлон биелүүлсэн байна. Ганц намтай байх үед намын шийдвэр хэрэгжиж л таарна биз дээ. МАН-ын үхэн хатан зуурч байгаа ганц баримт нь Лениний музейн барилга шинээр барих анхны шийдвэрийг өөрсдөө гаргасан явдал.

Гэвч энэ бол барилгыг өмчлөх хангалттай шалтгаан биш юм. Жишээгээр тайлбарлая. Нам бол хөлсний ажилтантай яг адилхан. Ард түмний итгэлийг хүлээсэн нь төрийн эрхэнд гарч ажил хийнэ, итгэл авч чадахгүй бол ажиллахгүй.

Яг л нэг байгууллагын гүйцэтгэх захирал шиг. Тэгвэл нэг байгууллагын гүйцэтгэх захирал байшин барих шийдвэр гаргаж, байгууллагын хөрөнгөөр барьчихаад “Миний өмч би барих санаачлага гаргасан” гэвэл түүнд тэр барилгыг өгөх үү.

Мэдээж үгүй. Лениний музейн барилга бол яг л ийм юм. Зүгээр нэг барилга байсан бол яая гэхэв, “Тохирсон үнээр нь хувьчлаад ав даа” гэхсэн. Гэтэл Лениний музейн барилга бол онцгой объект. Музейн зориулалттай цөөн барилгын нэг. Тэгэхээр улс өөртөө байлгахаас аргагүй.

3. МАН-ыг төр барьж байх үед музейн зориулалттай барилга нэг ч баригдаагүй

Төрийн эрхийг дангаар барьж байхдаа Байгалийн түүхийн музей зориулалтын бус байшинд байгааг харсаар байж юу ч хийгээгүй. 1990 оноос хойш музейн зориулалттай ганц барилгыг хууль бусаар өмчилж авч, дэлгүүр, ломбард болгосон. Нийслэл хотод улсын чанартай нэг ч музей шинээр бариагүй.

Музей шинээр барих гэхээр л Лениний музейн асуудал хөндөгдөх гээд байсан учраас таг дуугүй явсан байж магадгүй. Энэ явцуу эрх ашгаас нь болж үүссэн хохирлыг тооцох боломжгүй. Тиймээс ядаж энэ гэмээ ухаараад, өөр барилгаар солино энэ тэр гэж шуналталгүй  Лениний музейг төрд буцаагаад өгчих ёстой юм.

4. Тусгаар тогтнолын ордонг төсвийн хөрөнгөөр бариулсан

2008 оны сонгуулийн дараа ард түмний дунд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, МАН-ын байр галд өртсөн билээ. Гэтэл юу вэ, бас л дэлгүүр, ломбард. Намын байр гэхээсээ илүү дарга нарынхаа бизнесийг залгуулдаг ганц газар нь болчихсон байж. Ингээд хохирлыг төрөөс барагдуулсан төдийгүй, шатсан байшингийнх нь оронд “Тусгаар тогтнолын ордон” барьж өгөх өрөнд унадаг юм аа.

Миний мэдэхээр тэр үед  МАН-ын байр одоогийн дүнхэгэр цагаан ордон шиг биш навтгар бор байшин байсан. Ордныг сэргээн босгосон нь буруу биш, харин барих хөрөнгө нь улсын төсвөөс гарах ёсгүй байсан юм. МАН улсаас өмчийг нь хууль бусаар авчихаад өгөхгүй гэж гүрийж байгаа бол улс бас Тусгаар тогтнолын ордонг хурааж авах нь зөв биз.

МАН одоо Лениний музейн асуудлаар давж заалдвал үнэхээр нэр хүндээ барна. Монголын нэрийг дэлхийд гаргадаг Тарбозавр үлэг гүрвэлийн араг яс Монголдоо эргэж ирээд гурван сар гаруй болж байна. Удахгүй олон олон үлэг гүрвэлийн олдвор ирнэ. Цаашдаа олон музей баригдана. Монголын үлэг гүрвэл Монголдоо л үлдэж, жуулчдыг соронздон татах цаг холгүй. Ийм сайхан үйлсийг эхлэлийг харлуулахгүй байвал баярлана.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих