Иран анх удаа эмэгтэй Элчин сайдтай болж магадгүй

Иран анх удаа эмэгтэй Элчин сайдтай болж магадгүй

Иран лалын улсуудын түүхэнд анх удаа эмэгтэй Элчин сайдтай болж магадгүй байна.

Энэ тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан “Франс пресс” агентлаг мэдээлжээ. Ираны ГХЯ-ны хэвлэлийн албаны мэдээлснээр, тус яамны тэргүүн Мохаммад Жавад Зариф эмэгтэй дипломат төлөөлөгч томилохоор төлөвлөж байгаа ч эцсийн шийдвэр нь хараахан гараагүй байгаа аж.

Мөн түүнийг чухам аль улс руу илгээх нь тодорхойгүй байна. Түүнээс гадна тус яамны хэвлэлийн нарийн бичгийн даргын албанд эмэгтэй хүний нэр яригдаж байгаа нь тодорхой болжээ. Энэ сарын эхээр албан тушаалдаа орсон Ерөнхийлөгч Хасан Рухани төрийн өндөр албан тушаалуудад эмэгтэйчүүдийг оруулахыг уриалсан юм.

Тэрбээр өөрөө ч үлгэр үзүүлэн зарим нэг томилгоо хийсэн байна. Тухайлбал, хуулийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр Глазгогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан Эльхам Аминзадег томилсон. Мөн өөр нэг эмэгтэй Ерөнхийлөгчийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан зөвлөх болжээ.

Өмнөх Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын үед Иранд ганц л эмэгтэй сайд байсан. Марцих Вахид Дастжерди 2009-2012 онд Эрүүл мэндийг яамыг толгойлжээ. Тэрбээр эмийн үнийн асуудлаар Ахмадинежадтай санал зөрөлдс өнөөс болж 2012 оны эцсээр албан тушаалаасаа огцорсон юм.

1997-2005 онд Ираны төрийн эрхэнд байсан Мохаммад Хатами мөн дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн томилж байсан. Масумех Эбтекар хүрээлэн буй орчны асуудал хариуцдаг байжээ.

Б.Мишээл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих