Я.Батсуурь: Гадаадын хоёр орлогч захирлаа ажлаас нь чөлөөлсөн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг “Ярилцах танхим” булангийнхаа зочноор урилаа.

 

-Танай компани ажилчдынхаа тоог цөөлж, дэд захирлын орон тоог багасгасан гэсэн үү?

-Дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй байдал эрдэс баялгийн үнэ буурсантай холбоотойгоор  уул уурхайн компаниудын санхүүгийн үйл ажиллагаа доголдож байгаа. Дэлхийн хэмжээнд олон уурхай хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсооход хүрлээ. Монголын уул уур­хайн компаниуд ч гэсэн үйл ажиллагаагаа зог­соож байгаа. Манай ком­панийн хувьд энэ жил үйл ажиллагаагаа эрс сайжруулж, үйлдвэрээ нэмэг­дүүлсэн. Бид үйлд­вэрээ нэмэгдүүлэх, нөгөө талаар үйлдвэрийнхээ зардлыг буу­руулах замаар хям­ралыг давах арга хэмжээ авч байна.

 

Компанийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа сайн явж байгаа.  “Эрдэнэс Тавантолгой” зардлаа бууруулахын тулд олон арга хэмжээ авсан. Тухайлбал өндөр цалинтай, хангамж сайтай ажиллаж байсан гадаадын хоёр орлогч захирлаа ажлаас нь чөлөөлсөн. Үүний үр дүнд захиргаа удирдлагын зардал 30 орчим хувиар буурсан. Мөн Улаанбаатар хотод ажилладаг төв офиссынхоо бүтцийг сая шинэчиллээ. Үүний үр дүнд тодорхой хэмжээний цомхотголыг хийж байгаа нь үнэн. Ялангуяа удирдах ажилтнуудынхаа тоог эрс бууруулсан. Гэхдээ бид үндсэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Уурхайн үйл ажиллагаа өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ жил гурав дахин их олборлолт явуулах зорилт тавиад ажиллаж байна. Уурхайд ажиллаж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Үүний ачаар зөвхөн цалингийнхаа санд гэхэд 1.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж байна.

-Засгийн газрын шийдвэрийн дагуу Тавантолгойн нүүрсийг Ганц модны боомт руу шууд тээвэрлэхтэй холбоотойгоор үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гэж мэдэгдэж байсан. Одоо хэвийн ажиллаж байгаа  юу?

-Тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа түр зогсоосонд нь хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт компанийн санхүүгийн байдалтай холбоотой. Хоёрдугаарт бид тээвэрлэлтийг бууруулах томоохон арга хэмжээ авч чадсан. Ийм учраас зогсоосон. Урьд нь компаниуд уурхайгаас нүүрсээ ачаад хилээс 25 км зайтай Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгадаг байсан. Тэндээс Хятадын худалдан авагч компаниуд ачиж хил давуулж авдаг байсан юм. “Чалко” компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнд бид Цагаан хадны гааль дээр буулгаж ачдаг илүү ажлыг болиулаад уурхайн амнаас гаалийн бүрдүүлэлт хийгээд шууд хил давуулаад Ганц модны боомтоор Хятадын талд нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Юун түрүүнд бид гүний гааль байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Энэ анхны тохиолдол юм. Монголын компаниуд Хятадын нутагт тээвэрлэлт хийх нь нэлээд хүндрэлтэй шат дамжлагуудыг бий болгож байна. Манай компаниуд хил давж Ганц модны гаалиар нүүрсээ тээвэрлэж гаргахад Хятадын гаалийн байгууллагуудаар очиж бүртгүүлж, зөвшөөрөл авч, техникийн үзлэг шалгалтад орох, жолооч нар нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гээд маш олон дамжлаг давах шаардлагатай болж байгаа. Энэ бүх дамжлагыг дамжихад багагүй хугацаа шаардагдаж байна. Бид энэ талаар худалдан авагч Хятадын “Чалко” компанитай идэвхтэй ярилцсаны үр дүнд анх удаа гүний гаалиар нүүрсээ шууд Хятад руу гаргах, зардал хэмнэх ажлыг хэрэгжүүлэх тун дөхөөд байна. Ирэх долоо хоногийн сүүлчээс эхлээд уурхайгаас шууд тээврийн ажлыг эхлүүлнэ.

-Нүүрсний үнэд хэр өөрчлөлт орсон бол?

-Өөрчлөлт орсон. Өнгөрсөн манай компани нэг тонн нүүрсний үйлдвэрийн зардалд 62 ам.доллар зарцуулж байсан. Гэтэл “Чалко”-той хийсэн гэрээний үнэ дэлхийн зах зээлээс шалтгаалаад нэлээд унасан. Үүний улмаас бид худалдан авагч талтайгаа гэрээний худалдан авах үнийг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөж, нөгөө талаас бид үйлдвэрлэлийн зардлаа эрс бууруулах арга хэмжээ авлаа. Үр дүнд нь бид Зүүн цанхийн нүүрсээ алдагдалгүй нийлүүлэх тохиролцоонд хүрч байгаа.

-Тэгэхээр “Чалко” компани хэдэн төгрөгөөр нүүрс худалдан авч байгаа гэсэн үг бэ?

-Энэ талаар яриа хэлэлцээр явагдаж байна. Тиим учраас дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгөх боломжгүй байгаа. Үйлд­вэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, нөгөө талаас үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, үнээ нэмэгдүүлснээр манай компани ойрын үед алдагдалгүй борлуулах боломжтой болсон. “Чалко” компанид өгөх 350 сая ам.долларын өрөөс 170 сая ам.долларын өр үлдсэн байгаа. Энэ өрийг он дуусахаас өмнө нүүрсээрээ төлж дуусах тохиролцоонд хүрсэн. Хэдийгээр нүүрсний үнэ бага байгаа ч гэсэн бид алдагдалгүй нийлүүлэх тохиролцоонд хүрч чадсан. Өнгөрсөн жил манай компани 2.5 сая тонн нүүрс олборлосон байдаг. Энэ жилийн эхний хагаст 2.6 сая тонн нүүрс олборлосон. Түүнчлэн бид хөрс хуулалтын ажлыг давхар хийсэн. Он дуусахаас өмнө нэмээд таван сая тонн нүүрс олборлох боломж байна. Олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд Баруун цанхийн уурхайг оны сүүлийн хагаст нээж ажиллуулсан. Тиймээс олборлолт өсч байна. Баруун цанхийн уурхайд өнөөдөр үндэсний компаниуд олборлолт явуулж байна. Олборлолтыг хямд өртгөөр чанартай явуулж байгаа. Баруун цанхиас бид энэ жил 3.5 сая тонн нүүрс олборлох боломжтой. Энэ нүүрсийг дор хаяж 20 хувийн ашигтайгаар зарах борлуулалтын гэрээг компаниудтай байгуулаад ойрын үед зарж эхлэх гэж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК Японтой хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төсөл хэрэгжүүлэх санамж бичигт  гарын үсэг зурсан.  Нүүрсийг хуурай аргаар баяжуулах нь уламжлалт аргаар боловсруулахаас ашигтай байдаг уу. Ямар давуу тал байна вэ? 

-Дэлхий дахинд нүүрсийг усаар угааж  баяжуулдаг.  Монголын  нөхцөлд усаар угааж, баяжуулах нь нэлээд хүндрэлтэй. Яагаад гэхээр говийн нөхцөлд ус ховор. Тиймээс бид Японы шинжлэх ухаан технологийн чиглэлийн компаниудтай хамтраад нүүрсийг ус хэрэглэхгүйгээр хуурай аргаар баяжуулах технологийг туршиж үзэж байна. Япон бол технологийн хувьд өндөр хөгжилтэй орон. Энэ туршилтын дүн ирэх оны эхээр гарна. Бид туршилтыг амжилттай хийж, хэрэгжүүлж чадах юм бол 2014 оноос бага хэмжээний үйлдвэрийг уурхай дээрээ байгуулахаар төлөвлөж байна. Туршилтын үр дүнгээс бүх зүйл хамаарна.

-Нүүрс баяжуулах үйлдвэр  барих ТЭЗҮ бэлэн болсон байх аа. Ажил нь хэзээ эхлэх вэ?

-Ер нь Монголоос бусад орон нүүрсээ угааж, баяжуулж байж борлуулдаг. Дэлхийн зах зээл дээр угааж, баяжуулсан нүүрсээр жишиг үнэ тогтож байна. Түүхий нүүрсэнд тогтсон жишиг үнэ байдаггүй. Үүнээс болоод бид нүүрсээ илүү үнэ хүргэж зарж чадахгүй байна. Тийм учраас бид жилдээ 20 сая тонн нүүрс угаах үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-г нь бэлтгээд Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлөөр энэ оны зургаадугаар сард батлуулчихаад байж байгаа. Ойрын үед угаах үйлдвэрийн тендерийг зарлаж бэлтгэл ажилдаа орно. Угаах үйлдвэрийг 2.5-3 жилд багтааж ашиглалтад оруулна. Ингэснээр манай нүүрсний үнэ нэмэгдэх боломжтой. Бид нүүрс тээвэрлэлтийг шуурхайлахын тулд хоёр талын Засгийн газар болоод хилийн байгууллагуудад  саадгүй нэвтрүүлэх талаар хүсэлт тавьж ажиллаж байна. Засгийн газраас саяхан чухал шийдвэр гар­гасан. Хятадын талаас нарийн төмөр замыг Монголын хил рүү татаж барих асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар бид Хятадын холбогдох бай­гууллагуудтай хамтраад ажиллаж байна. Ингээд Хятадын талаас хил давуулж нарийн царигтай богино хэм­жээний төмөр замыг оруулж ирэх юм бол манай тээвэрлэлтийн зардал буу­рах боломжтой болно. Түүнээс гадна хил дээр нүүрс тээвэрлэхэд гардаг түгжрэл, хүндрэлийн асуудал шийдэгдэнэ.

-ОХУ, Хятад хоёрын хооронд нүүрс нийлүүлэх асуудал яригдаж байна. Орос улс нүүрсээ урд хөрш рүү борлуулах нь манай нүүрсний гол зах зээл болсон Хятад улсад ашигтайгаар эргэх байх. Нүүрсний олон нийлүүлэгчтэй байх нь эргээд Монголын нүүрсийг хямд үнээр авах сонирхлоо илэрхийлэх зэрэг муу үр дагавар авчирж болох юм. Та бүхэн үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бид нэг их тэвдэж, сандрахгүй байгаа. Яагаад гэхээр манай “Эрдэнэс Тавантолгой” компани аль ч улсын ямар ч ижил төрлийн компаниудтай өрсөлдөх чадвартай. Бид тийм боломжийг бий болгосон. Бид уурхайн олборлолтоо ил аргаар хийдэг. Манайхтай ижил төстэй коксжих нүүрсний ордууд далд аргаар нүүрсээ олборлодог. Энэ нь нэлээд өндөр өртөгтэй. Манайх нүүрсээ 20 – 25 ам.доллараар аман дээр нь гаргаж олборлож байхад Хятадын  компаниуд 40-50 ам.доллараар нэг тонн нүүрсийг олборлодог. Австралийн манайтай ижил төстэй уурхай нь 60–70 ам.доллараар гаргадаг. Тийм учраас бид зардал, өртгөөрөө өрсөлдөж чадна гэдэгт итгэлтэй байна. Ийм боломж бий. Бидэнд ганц л бэрхшээл байдаг. Тэр нь тээвэрлэлт юм. Гадныхан тээвэрлэлтээ ихэнхдээ төмөр зам болон усан замаар хийдэг. Бид автозамаар нүүрсээ тээвэрлэдэг. Автозамаар тээвэрлэлт хийх нь бусад төрлийн тээврээс өндөр үнэтэй байдаг. Тиймээс бид тээвэрлэлтийн зардлаа хэмнэх шаардлагатай. Манай төмөр зам 2–3 жилийн дараа ашиглалтад орвол Орос, Австралиас аль ч талаараа дутахааргүй болж, Хятадын зах зээлд нийлүүлэх боломжтой. Үүнд бид итгэлтэй байна.

-Цагаан хадны  гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн компанид өгсөн гэж танай компани шүүмжлүүлсэн. Үүнээс болж тендерийг дахин явуулсан. Ямар компани шалгарсан бэ?

-Бид тэр компаниас үйлчилгээ аваагүй. Гүний гааль байгуулж, нүүрсээ Цагаан хадны гаалийн бүсэд буулгахгүйгээр шууд Ганц модны боомт руу хил давуулж тээвэрлэхээр “Чалко” компанитай удаан ярилцсаны үр дүнд тохиролцоонд хүрсэн. Тиймээс Цагаан хадны гаалийн бүсэд буулгаж ачих шаардлагагүй болсон болохоор тендерийг хүчингүй болгосон.

-Г.Дэнзэн танай компанийн ТУЗ-д байгаа хэвээрээ юу?

-Байхгүй. Одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг гэдэг хүн ТУЗ-ийн дарга болсон. Г.Дэнзэн ТУЗ-ийн гишүүнээр ч ажиллаагүй.

-“Шинэ Төмөр зам”-ын төслийн ажил хэр явж байгаа бэ?

-Үйлдвэрлэлийн зардлын 40 орчим хувь нь тээвэрлэлтийн зар­дал байдаг. Автомашинаар нүүрс тээвэрлэх нь маш өндөр зардалтай. Тиймээс төмөр замын төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын төслийг эхлүүлээд барилга бүтээн байгуулалтын ажил сайн явж байна. “Шинэ төмөр зам” 2016 он гэхэд ашиглалтанд орно.

 

Т.Амартүвшин 


URL:

Сэтгэгдэл бичих