Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа

527-1377681490b41f8547955b46551d112426cf9ff2187bfbf2b2Өмнөд солонгосчууд Монголд хөл тавьж, “сайн уу, өвөг дээдсийнхээ нутагт ирлээ” хэмээн мэндчилснээс хойш хэдийнээ хорь гаруй жил өнгөрчээ. Эхэн үедээ тэд найрсаг байлаа. Гэвч одоо өөрчлөгджээ. Тэд эзэн мэт дээрэнгүй болсон ажээ. Тэдний энэ авир сүүлийн үед ердөө л хэвлэлийн өдөр тутмын мэдээ болов.
Тэд монгол эмэгтэй ажилчдаа дарамтлах, зодох нь ердийн мэт болсон төдийгүй хүн амины хэрэгт холбогдсон ч үл тоон тохуурхах ажээ.   Гэвч энэ бол санамсаргүй үйл явц бус, харин хорин жилийн турш аажим хэрэгжсэн үзэл суртлын үр дагавар байсан юм.
Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв.
Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.
Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ.
Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).
Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.
Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.
Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв.
Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.
Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна.
Авлигад идэгдсэн Монголд ерөнхийлөгч, ерөнхий сайдууд нь ч дээрх үзлийг дуртай нь аргагүй хүлээн авчээ. Монголын аахилсан бүдүүн дарга нар хоёр орны албан уулзалтын үеэр ч, болор жүнз бүхий зоогийн тансаг ширээний ард ч “ах дүүс минь” гэх долигносон үгийг нөгөө талд сүүлийн хорин жилийн турш хэлж иржээ.
Харин солонгосчууд айхтар хүмүүс тул тэдний үг бүрийг бүртгэн баримтжуулж боть ном болгожээ.  Ийнхүү “үнэн”-ийг мөнгө ба өнгөөр хэмжих хорвоод Монголын ард түмэн манкурт боол лугаа адил ой санамжаа арчуулан хөөрхийлөлтэйгээр мэхлэгдэн тэнэх ажээ.
 Тэднийг дээрлэхэж, оюуныг нь зэрэмдэглэж ханах биш. Одоо өнөөх цол, зэрэгтнүүд Монгол Улсын Засгийн газрын ивээл дор дэлхийн монголчуудын гарал үүслийн түүхийг бичиж, дунд сургуулийн хичээлийн агуулгад оруулах гэж байгаа ажээ. Тэд Монгол орны ирээдүй-хүүхэд бүрийг онилжээ.
Гэвч үнэнийг мөнгөөр хэмжиж болдоггүй, үргэлж нууж чаддаггүй ажээ. Үнэн хэзээ нэгэн цагт илэрдэг. Тэгвэл тэр цагийг монгол залуус зөвхөн өөрийн хүч хөдөлмөр, оюунаар урин дуудаж эхэлжээ. Тэдний нэг нь судлаач Батбаярын Хэрлэн юм.
Б.Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид судлаачаар ажилладаг юм. Түүний хэлснээр тэр өөрийн үндэстний гарал үүслийг танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул 2008 оноос монголчуудыг генетик талаас нь бие даан судалж эхэлжээ (http://www.tsahimurtuu.mn).
Б.Хэрлэн судалгаагаа илүү нарийн мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр явуулж байгаа бөгөөд үр дүнг нь олон улсын судалгааны сэтгүүлд хэвлүүлээд байна (http://rjgg.org/index.php/RJGGRE/article/view/123).
Монголчуудын Ү-ДНХ-ийн гапло бүлгүүд (генийн кодууд)-ийг бусад үндэстнүүдтэй харьцуулсан түүний судалгаа “монголчууд нь солонгосчуудаас (мөн хятад, түвд, япончуудаас) удамшлын хувьд хол зөрүүтэй” гэдгийг баталжээ.
Монголчуудын давамгайлагч гапло бүлэг нь C3 ажээ. Харин солонгосчуудад O гапло бүлэг давамгай ба солонгосчуудад түгээмэл гапло бүлгүүд монголчуудад бараг байсангүй (Зарим харьцуулалтыг хүснэгтээс харна уу. Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-44-52/2123-2012-03-06-11-08-42).
Б.Хэрлэн бас нэг сонирхолтой дүгнэлт хийжээ. Бид алтай, киргиз, якутуудыг өөрт хамгийн ойр хүмүүс гэж боддог боловч энэ нь эндүүрэл ажээ. Тэд монголчуудтай ойр холбоогүй байв. Харин казахууд монголчуудад илүү ойр байжээ. Гэхдээ тэрээр нэг ташаа ойлголтыг няцааж байна.
Юуны өмнө, Чингис хааны үед монгол түрэмгийлэгчид ирж хүчирхийлэл үйлдсэнээс өнөөгийн казахууд хавтгай нүүр, онигор нүдтэй болоогүй, харин казах хүмүүс хамаагүй урт удаан үйл явцын үр дүнд үүсчээ. Үүнээс үүдэн казахууд өөрсдийгөө монгол, эсвэл Чингис хаан казах гэж маргах шаардлагагүй болсон ажээ.
Гэвч энэ бүхнээс Б.Хэрлэнгийн судалгаа нэг зүйлээрээ хамгийн их ач холбогдолтой байсан юм. Түүний судалгаа Монголын шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд болон өндөр цол, зэрэгтнүүдийн өнөөгийн үнэн дүр төрхийг илчиллээ. Тэр үүгээрээ Монголд мэдлэг, эрдмийн цол, зэргүүд ямар хуурамч вэ гэдгийг харуулав.
Сүүлийн хорин жилийн хугацаанд Монголд монголчуудын гарал үүслийн талаар ийнхүү олон тооны ном, судалгааны өгүүлэл, нийтлэл, тайлан хэвлэн гаргажээ. Тэгвэл одоо тэдгээр ном, өгүүлэл хэнд, юунд хэрэгтэй вэ? Тэд хүчинтэй юу? Гэхдээ хичнээн худал хуурмаг байсан ч тэд нэг зүйлд хэрэгтэй байж магадгүй. Тэд мөнгөөр хэмжигддэг үнэн, хүчингүй мэдлэг ямар байдгийг, энэ нь ард түмнийг хэрхэн хохироож буйг харуулах жишээ матриал болж болох юм.
О.Алтан

URL:

Сэтгэгдэл бичих