Төрийн сайд нараа Лондонд дуудагдахад…

06bnbnbnbnНэрт нийтлэлч Ц.Дашрэнцэн нэгэнтээ “Төрийн тэргүүнээ “Оросод дуудагдахад ээжүүдийн сэтгэл өвддөг” хэмээн өгүүлсэн байдаг. Монголын Засгийн газар Лондонд очиж, “Рио Тинто”-той хэлэлцээр хийх гэж байгааг дуулаад чухам дээрх үг хамгийн түрүүнд санаанд оров.

Ээжүүдийн сэтгэл анхнаасаа өвддөг байгаагүй нь тодорхой. Санамсаргүй гэж хэлж боломгүй дэндүү олон тохиолдол, сургамж хуримтлагдсаар ээжүүдийн сэтгэлийг сэмлэдэг болчихсон хэрэг. П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын суут дээдэс маань ЗХУ-д дуудагдаад эргэж ирээгүй. Харь гүрний удирдагчид тэдэнд  Монгол Улсын эрх ашигт харшилсан, эх орон, ард түмнээсээ урвахыг тулгасан шийдвэр гаргахыг тулгасан болов уу гэж бид таадаг. Тиймдээ ч харь улсад хэлэлцээр хийхээр явахад зүрх түгшдэг. Монгол Улсын хувь заяанд тухайн үедээ ихээхэн ач холбогдолтой байсан гурван улсын хэлэлцээр хэрхлээ.

Орос, Хятад хоёр 1913 онд гэрээ хийж, Монголыг Хятадын автономит муж гэж үзсэн. Үүнийгээ Монголд тулгах гэж л Хиагтад дуудсан байдаг. 1911 онд олж авсан тусгаар тогнолоо баталгаажуулах, Монгол Улсад нэгдэхээ илэрхийлсэн бусад монголчуудаа өөртөө нэгтгэн авахыг зорьж Хиагтад очсон Монголын төлөөлөгчид Хятад, Оросын дарамт, элдэв арга баширт автаж аргагүйн эрхэнд автономит муж болохоор хүлээн зөвшөөрөөд ирсэн. Энэ бол монголчуудын хувьд үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй явдал байсан билээ. Энэ учир л монгол ээжүүдийн зүрхийг шархлуулж, төрийн тэргүүнээ Оросод дуудагдахад түгшдэг болсон байж таарна.

Ер нь манайхан гадаад улс оронд очиж гэрээ хэлцэл хийгээд гийгүүлж байсан удаа тун цөөн. Ардчиллын замд орсноос хойш төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад очиж хэлэлцээр хийгээд асуудалд орох нь их болсон. Харь орнууд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд улс төрчдийг зориудаар дуудаж, ятгадаг, зөвшөөрөхгүй бол архидуулдаг, арга саам хэрэглэдэг байдал одоо ч хэвээр байна. Ер нь бол гадны улс оронд явагдсан хэлэлцээрээс болж, бид энд эв нэгдлээ алдаж хохирч байсан түүхийн сургамж мартагдаагүй байна.

Бид бүхэн санаж байгаа бол, Оюутолгойн гэрээ анх байгуулагдахад УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн байр суурь нэг цэгт төвлөрч байгаагүй. УИХ нь үүрэг өгдөг, Засгийн газар нь биелүүлдэггүй. Бие, биенээсээ зөрж давхисан энэ байдал Рио Тинтод нэг талаараа ашигтай туссан. Манайхан тал, тал тийшээ баахан давхиж, цаг алдсаныхаа дараа “Сүүлд засч сайжруулна” гэж өөрсдийгөө хуураад дэндүү хөнгөн хуумгай гэрээ баталсан билээ.

Төр засгийн төвшинд нэг байр суурьтай болоогүй энэ байдал 2012 он хүртэл үргэлжилсэн. Ноднингоос л цэгцэрч, Оюутолгойн ордын талаар нэгдсэн байр суурьтай болоод буй. Тиймээс энэ нэгдмэл байдлыг сарниулах сонирхол Рио Тинтод байхыг үгүйсгэхгүй.

Рио Тинто компани Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдэх зорилгоор 10 гаруй банкнаас зээл авахаар болж, Монголын Засгийн газраас “зээл авахыг дэмжиж байна” гэсэн бичиг хийлгэж авахыг хүссэн гэсэн мэдээлэл гарч байна. Гарч байгаа мэдээллээс үзвэл тэр зээлийн нөхцөл нь Монголын талд ашиггүй. Засгийн газар үүнийг мэдэж байгаа ч өөрчилж болно гэж найдаж байгаа бололтой. Гэтэл Рио Тинто хэлэлцээрийг Лондонд явуулахыг хүсчээ. Тэд манай талаас яаж ийгээд “за” гэдэг хариу авах зорилго тавьж байгаа нь мэдээж. Яаж ч бодсон ийм чухал хэлэлцээрийг Лондонд явуулж болохгүй. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто групп хамтарч хэрэгжүүлж байгаа нь үнэн ч Монголын асуудал Монголд л шийдэгдэх ёстой. Манайхан тэнд очоод эрх ашгаа хамгаална гэж тооцож байгаа нь мэдээж. Гэхдээ эрх ашгаа тууштай хамгаална гэдгээ харуулах хамгийн том боломж нь “Лондонд хэлэлцээр хийхгүй, Улаанбаатарт ирцгээ” гэж хэлэх явдал. Эхлээд л үгийг нь дагаж, оч гэсэн газар нь очно гэдэг цаашид ч буулт хийнэ гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Бусдын гэрт очсон ямар ч хүн ямар нэг байдлаар “усыг нь уувал ёсыг нь дагах” хэрэгтэй болдог бичигдээгүй хууль бий. Рио Тинто Лондонд болох хэлэлцээрийн үеэр манай талд ашиггүй хувилбарыг санал болгож, манай тал хүлээгээд авчих юм биш биз дээ.

Дээр нь бас нууц гэж том асуудал байна. Монголын төлөөлөгчид энэ удаа Лондон явчихвал дараа дахиад явна. Төрийн түшмэдүүдээ Лондонд очиж хэлэлцээр хийх болгонд монгол хүний сэтгэл өвддөг болчих вий.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих