Н.Түвшинбаяр цагдаад байцаалт өгчээ
Манай сонин өчигдрийн дугаартаа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, улсын начин Д.Одхүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар “Сөүл” ресторанд муудалцаж, Д.Одхүү нь УИХ-ын гишүүний нүүр рүү цохиж танхайрсан талаар мэдээлсэн билээ. Хэвлэлийнхэн ч манай мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас энэ талаар лавлахад “Одхүү бид хоёр хуурай ах дүү хоёр. Тийм юм байхгүй” гэсэн байна. Түүнчлэн, өчигдөр манай сонины редакци руу 888488.. дугаарын утаснаас ярьж “Олимпийн аваргыг гадаадад яваа, энэ мэдээлэл үндэслэлгүй байна” гээд тайлбар хийхийг хүссэн юм.
Аварга эзгүй тул хариу тайлбар хийнэ гэсэн ”Түвшин сэтгэл сан”-гийн менежер Соёмбо гэдэг хүний 881122.. дугаартай утас руу хэдэнтээ залгахад утсаа аваагүй. Харин дугаар шилжих мөчид тэрбээр залгаж “Энэ бол зүгээр л найз нөхдийн хоорондын асуудал. Сүртэй юм болоогүй” гэв.
Н.Түвшинбаяр уржигдар Сүхбаатар дүүргийн ЦХ-т өөрийн биеэр очиж байцаалт өгсөн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд улсын начин Д.Одхүү батлан даалтаар гарч, гадуур байцаагдаж байгаа аж.
Энэ сарын 26-ны шөнийн 00.40 цагт “OWL” хамгаалалтын албанаас “Сөүл” ресторанд зодоон болоод байна” хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн байна. Цагдаагийнхныг очиход УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны харъяат улсын начин Б.Одхүү хэл амаар доромжлон танхайрч байсан бөгөөд энэ талаар цагдаагийн рапортад ч бичигджээ.
Юутай ч дээрх эрхмүүд нийлж, ресторанд ууж идэж, агсам согтуу тавьж, муудалцсан нь үнэн ажээ.
У.Төмөр
URL: