“Нарантуул”-ыг дахин 25 жил ажиллуулах хэрэг байна уу

“Нарантуул”-ыг нүүлгэе. Хүнсний зах нь шатаж, олон зуун худалдаачин амьдралын баталгаагүй болсон энэ үед ингэж хэлэхээр эгдүүцэх хүн олон гарч болох. Гэвч Улаанбаатар хотын “А” цэгт замын бөглөрөл, орчны бохирдол үүсгэн байдаг энэ захыг өдгөө яагаад нүүлгэх тухай хэн ч дурсахгүй байна вэ. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг бодитоор харж, “Нарантуул”-аас хотыг цэвэрлэж яагаад болохгүй гэж. Уг нь бол Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хотын төв цэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвийг Улаанбаатараас нүүлгэх талаар ажлаа авсан даруйдаа амлаж байсан. Үүнийг нь хотын иргэд ч дэмжсэн. Гэтэл өнөөдөр уг барилга шатахтай зэрэгцээд энэ нь эргээд Улаанбаатар хотын удирдлагуудын асуудал болоод явж байна. Хэрэв уншигч та анзаарч сонссон бол анхнаасаа энэ зах үйл ажиллагаа явуулах ёсгүй байж.

Тухайлбал шатсан хүнсний захынх нь павильонууд бүгд зөвшөөрөлгүй. Анхнаасаа үйл ажиллагааг нь эхлүүлэх зөв­шөөрлийг олгоогүй байсан ч “Нарантуул” худалдааны төвийнхөн ажиллуулсан гэнэ. Мөн нийслэлийн Онцгой комиссоос удаа дараа “Галын аюулгүй байдлын журам алдагдсан” гэдгийг тогтоож, зохих ёсныхоо шаардлагыг тавьснаа мэдээлсэн. Гэтэл захын удирдлагууд түүнийг нь тоож үзээгүй. Хамгийн гол нь бүхэл бүтэн улсын мянга, мянган иргэний хоол ундыг хангаж, ахуйн хэрэглээг нь бүрдүүлдэг энэ захын хүнсний төв өнөөдрийг хүртэл зөвшөөрөлгүй байсан гэдэг нь тун хачирхалтай санагдахгүй байна гэж үү. Хэрэв иргэн Долгор Баянхошууны эцэст зөвшөөрөлгүй дэлгүүр ажиллуулсан бол тэр хүн бүхэл бүтэн арван жил үйл ажиллагаа явуулж чадах байсан уу. Түүнийг Онцгой комисс шалгаад “Галын аюуллтай” гэж дүгнэсэн бол хаалга нь нээлттэй байх уу. Энэ бол харьцуулсан дүгнэлт. “Нарантуул” худалдааны төвийг олон мянган иргэнийг ажил, амьдралтай нь залгуулж байгаа хэмээн өршөөж болох ч хууль хүн бүрт тэгш үйлчилдэггүй гэдгийг энэ удаагийн баримтууд та бидэнд дахин нотоллоо. Хэрвээ эзэн нь УИХ-ын гишүүн асан  бол аливаа бизнесийн үйл ажиллагаанд зөвшөөрөл хэрэггүй байдаг юм байна. Галын аюултай орчинд ажиллах нь ч хамаагүй байж. Ингэж түрээслэгчдийнхээ амь нас, аюулгүй байдлыг барьцаанд тавьсан “Нарантуул” зах тэгвэл цаашид дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү. Үүнд өнөөдөр бүгд хариу хэлэхээс эмээж байгаа. Уг захын түрээслэгчид бүгд тэр хүнийг чичлэх учраас. Тийм болохоор өдгөө хотын удирдлага шийдвэр гаргаж чадахгүй хий дэмий  бүх хурлаараа “Нарантуул” гэсэн нэг сэдвийг ярьж суугаа гэж болох юм. Анхнаасаа “Нарантуул” худалдааны төв нь улстөрчдийн онцгой анхаарлын бүс болохоор тэр байх.

Үүний баталгаа нь Ерөнхий сайд асан С.Батболдын гэнэтийн “айлчлалын” мэдээлэл. Тэрбээр Ерөнхий сайд хийгээд МАН-ын дарга байхдаа 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Нарантуул” худалдааны төвд ажиллаж байсан юм. Ингэхдээ тэрбээр УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын хамт дагуулж очин худалдааны төвийн түрээслэгчдээр алга нижигнүүлэн ташуулсан гэж болно.

Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Батболд “УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу маань Дэнжийн мянгын зах дээр худалдаа наймаа эрхэлж бизнесийн амьдралаа эхэлсэн. Дараа нь та бүхэнтэй хамтран нүүлгэж энд авчирсан. Тиймээс ч энд ажилладаг хүмүүсээ хөл дээр нь босгохын тулд түрээсийнхээ төлбөрийг нэмэхггүй, 1999 оны хэмжээнд барьж өнөөг хүрсэн байна. Манай нам жижиг бизнес эрхэлж амьдрал ахуйгаа авч яваа ийм хүмүүсээ дэмжинэ, чинээлэг дундаж давхрагын хэмжээнд хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа” хэмээгээд хотын дарга асан Г.Мөнхбаяраар гэнэтийн бэлэг бариулсан байдаг. Тэр нь “Нарантуул” худалдааны төвийн газрыг гэрчилгээг 25 жилээр сунгалаа” гэсэн өгүүлбэр. Үүнд нь баярласан худалдаачид дээр хэлсэнчлэн алга ташиж, “Ерөнхий сайд хийгээд Ш.Сайхансамбуудаа баярлалаа” гэцгээн нулимс дуслуулах нь холгүй юм болж байв. Магадгүй тэд баярласандаа МАН-д саналаа өгсөн ч байж болох. Гэхдээ л тэд аюулгүй байдал хийгээд эдийн засгийн баталгаагаа хангуулж чадаагүй юм.

Харин энэхүү сонгуулийн шоунаас хожсон нэг ялагч бол Ш.Сайхансамбуу. Тэрбээр “На­рантуул” худалдааны төвийнхөө үйл ажиллагааг дахин 25 жил явуулах боломжтой болсон. Сонирхолтой нь МАН түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй бөгөөд тэрбээр хувь улстөрчийнхөө хувиар үүнд нь ч гомдол мэдүүлээгүй. Тиймээс ч тухайн үедээ “Ш.Сайхансамбуу УИХ-д нэр дэвших эрхээ “Нарантуул” худалдааны төвийн 25 жилийн зөвшөөрлөөр солилоо. Бизнесмэн хүний холын хараа гэж энэ дээ” гэх яриа учир мэдэх олны дунд гарч байв. Магадгүй энэ бол байж болох л таамаг. Ямар ч байсан жирийн иргэдэд зуслангийн газар эзэмшүүлэхдээ төр 5-15 жилийн хугацаа заадаг гээд бодохоор  хачирхалтай биш гэж үү.

Энэ бүхний төгсгөлд “Нарантуул”-аас ашиг олж байгаа шигээ аюулгүй байдлыг нь хангаж чадсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан байж болох. Дээр нь төр шаардлага тавьж байгаа бол тэрхүү шаардлагадаа эзэн байж чадсан бол ч… Иймд төр УИХ-ын сонгуулийн шоу болгож Ш.Сайхансамбууд 25 жилийн газрын зөвшөөрөл олгож чадсан юм чинь түүнийгээ яагаад хурааж авч болохгүй гэж. Хурааж аваад худалдааны төвийг нь хотын зах руу гаргачих. Тэр цагт “Зөвшөөрөлгүй хэрнээ ажиллаж байсан” гэдэг энэ хөгийн үг улиг домог болохгүй л байлгүй дээ.  Нарантуулыг дахин 25 жил ажиллуулж, Улаанбаатарыг бүхэлд нь аюулд өртүүлэхгээгүй юм бол.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих