Торгуулийн камер дугаар танихгүй байна
Автомашины тань улсын дугаарт У, Ү, И, Н, А, Д, Л, Ө гэсэн найман үсэг орсон бол та азтай хүн юм. Юу гэх гээд байна гэхээр таны гэрийн хаягаар торгуулийн хуудас бараг л очихгүй гэсэн үг дээ.
Учир нь Энхтайваны өргөн чөлөөнд суурилуулсан замын хөдөлгөөний хэв журмын нөхцлийг хянах камерууд дээрх үсгүүдийг бүрэн таньж чадахгүй, заримыг нь алддаг болохыг уг ажлын гүйцэтгэлийг шалгасан ажлын хэсгийн тайланд дурджээ.
Зөрчил гаргасан машинуудын дугаарыг хараад байхад нийслэлийн харьяалалтай машинуудын УБ, УН эхлэлийн араас И, А, Д, Ө, Л, Ү дагуулсан дугаар үнэхээр ховорхон харагдана.
Ингэж бичлээ гээд жолооч таныг зөрчил гаргаарай гэж өөгшүүлж байгаа хэрэг огтхон ч биш шүү. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь иргэн бидний хуулиар хүлээсэн үүрэг.
Гагцхүү тендерт ялчихаад 100 хувь шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлээгүй хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж суугаа тэр хүмүүст энэхүү нийтлэлийг зориуллаа.
Энхтайвны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын дагуу 68 цэгт 117 ширхэг хяналтын камер зургаан автомашины 12 ширхэг нийлээд 129 камер суурилуулах тендерт “Сектех сервис” болон “Смарт солюшнз” компани гүйцэтгэгчээр шалгарсан юм.
Уг ажлын өртөг нь 1.5 тэрбум төгрөг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ийм ажил санаачилж, хэрэгжүүлж байгаа нь мэдээж сайшаалтай.
Энэ сарын 21-ний байдлаар 10 мянга орчим торгуулийн хуудас эзэндээ очсон талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байв. Камераар хянаж эхэлснээс хойш зам тээврийн зөрчил, ослын тоо ч тодорхой хэмжээнд буурч байгааг дуулгаж байсан юм.
Гэвч нэгэнт эрх тэгш нийгэмд амьдарч байгаагаас хойш зөрчил гаргасан хэн бүхэн адилхан торгуулж байвал уг нь зүгээрсэн. Түүний тулд өчнөөн хөрөнгө зарцуулсан энэ ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой гэдэгтэй хэн ч санал нийлэх биз.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг торгуулийн хуудас илгээх шинэ журам хэрэгжиж эхлэхээс өмнөхөн буюу долдугаар сарын 16-26- ны хооронд тус ажлын гүйцэтгэлийг шалгажээ.
Уг шалгалтаар “Сектех сервис” болон “Смарт солюшнз” компаниудын түншлэлийн гүйцэтгэсэн камерын системийн ажлын гүйцэтгэл нь 187 шаардлагаас 142 буюу 76 хувийг хангаж, 45 буюу 24 хувийг хангаж чадаагүй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Тиймээс шаардлагуудыг бүрэн хангуулсны дараа улсын комисст хүлээлгэн өгөх саналыг ажлын хэсэг гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг ажлыг улсын комисс хүлээж аваагүй байгаа ба гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг засч, залруулах ажлыг хийгээгүй байгаа гэнэ.
Энхтайвны өргөн чөлөөнд суурилуулсан камеруудын үнэн төрх нь чухам юу вэ. Тайланд дурдсанаар телекамеруудын дүрсийг дэлгэц дээр гаргах үеийн тасалдал, дүрсний үсрэлт ихтэй байгаа аж. Түүнчлэн камеруудын таних систем асуудалтай гэнэ. Тухайлбал, автомашины улсын дугаар танин оруулах систем нь бүх үйлдлийн системийн орчинд ажиллах боломжтой байх, крилл үсэг, тоо, дүрсийн нийлэмжийг таньж, танин олох магадлал нь 97 хувиас дээш байх ёстой байтал одоогоор монгол үсгийн фондыг 60-70 хувьтай таньж байгаа юм байна.
Түүнчлэн тусгай зориулалтын LPR камерын программ хангамжийн бүтэц нь Монгол Улсын авто машины дугаарлалтын системийг таньдаг байх ёстой боловч У, Ү, И, Н, А, Д, Л, Ө зэрэг үсгийг бүрэн танихгүй алдаж байгаа гэнэ.
97 хувийн таних шаардлага одоогоор хангахгүй байгаа учраас гэмт хэрэг, зөрчил гаргаж эрэн сурвалжлагдаж байгаа болон хулгайлагдсан тээврийн хэрэгслийг улсын дугаар болон марк, өнгөөр нь таньж олох боломжгүй байгаа юм.
Анх удаа энэ системийг ашиглаж байгаа учир туршиж үзээгүй, дахин шалгах шаардлагатай асуудал ч олон байгаа гэнэ. Тухайлбал, бүх тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон хасах 40-өөс нэмэх 50 хэмийн хооронд ажиллах чадвартай байх ёстой. Гэтэл өвөл туршигдаагүй систем тул тодорхойлох боломжгүй гэсэн байна.
Лав л автомашинд суурилуулсан тусгай зориулалтын компьютер нь хасах 20 хэмээс дээш хүйтэнд ажиллах боломжгүй гэнэ. Үүнээс гадна зарим төрлийн камерынх нь фокусыг хяналтын төвөөс тохируулах боломжгүй, хос дурангийн зарчмаар ажилладаггүй, бие даасан боловсруулах төхөөрөмж байхгүй, хяналтын төвийн үйл ажиллагаа тасалдах, камерын сүлжээ тасрах тохиолдолд камер нь өөр дээрээ долоо хоногоос багагүй хугацааны бичлэгийг хадгалах ёстой ч санах ой карт суулгаагүй зэрэг олон зөрчлийг илрүүлжээ.
Нийслэлчүүдийн ундны усны бүс болох Гачууртын Хар усан тохойд байрлуулсан 28 камераас жил гаруйхны хугацаанд ердөө дөрөвхөн нь ажиллагаатай үлдсэн байдаг. “Сектех сервис” компани тус тендерт ялчихаад Тайваниас оруулж ирдэг хямдхан үнэтэй, хасах 20 хэмээс илүү хүйтэнд ажиллах чадваргүй камер нийлүүлснээс ийм байдал үүссэн.
Тэгвэл тэд энэ удаад мөн л нөгөө Тайванийн Geovision брэндээс гадна Axxosoft, Tatt ile, Raffire гэсэн дөрвөн үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төв замд суурилуулжээ.
Иж бүрэн камержууллаа гэж хангалттай сурталчилсан хэрнээ хүүхэд барьцаалахад ажиллаагүй, гэр бүлийн гурван хүнийг хороож байхад ч ажиллаагүй Дархан хотын хяналтын системийг мөн л “Сектех сервис” нийлүүлж байсан.
Гэмт хэргээс сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт суурилуулсан камерууд нь бас л ажиллагаагүй болж бөөн хэл ам дагуулсан ажил энэ компанийнх.
“Сектех сервис”-ийн ерөнхий захирал Л.Бат-Өлзий Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргал нар хойд хөршид нэг сургуульд хамт суралцаж байсан ангийн андууд сурагтай.
Цагдаатай холбоотой томоохон тендерүүдийг элдэв хаалтгүй шууд авдаг нь ч үүнтэй холбоотой юм болов уу.
Юутай ч үр дүнгээ үзэж эхлээгүй шахам замын хөдөлгөөний хяналтын систем бас л ийм замаар орох вий дээ. Одоо ч яахав, тэдэн жолоочийг торголоо гээд мэдээлж л байна. Эхнээсээ будлиан, маргаан гарч, гомдол гаргасан жолооч цөөнгүй. Магадгүй өвлийн хүйтэнд өнөөх камерууд нь ажиллахаа больчихож магадгүй л юм байна.
Ийм байдлаас эртхэн сэргийлж, улсын комисс хүлээж аваагүй байгаа дээр нь гүйцэтгэгч компаниар нь янзлуулж авсан нь дээр биз. Үгүй бол ундны ус хянах камеруудыг хүлээж авчихаад, арчилж чадаагүй, сэтгэлгүйгээрээ дуудуулсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийнхны жишээ байгаа шүү.
Б.Төгс
URL: