Иргэдийн сэтгэлзүйгээр “наадагсад”

Иргэдийн сэтгэлзүйгээр “наадагсад”

Нэг нөхрийн нэр хүндийг унагаж, нийгэмд түүний талаар ташаа мэдээлэл цацахын тулд их хэмжээний мөнгө аваад хүссэн ажлыг нь хийдэг хэсэг бүлэг нөхдүүд байдаг талаар гадны кинонууд гаргадаг. Ялангуяа Солонгосын савангийн дуурьт иймэрхүү ажил мэргэжилтэй нөхдүүдийг тун их харуулдаг шиг санагдаж байна. Их хурлын гишүүн, сайдууд, баян бизнесмэний нэр төрд халдах, таагүй мэдээлэл тараах үндсэн ажилтай, нэг үгээр хэлбэл хар пиарын баг манайд байдаг гэвэл та итгэх үү. Тэд зөвхөн сөрөг мэдээлэл тараах үндсэн үүрэгтэй гэсэн үг. Сонгуулийн сурталчилгаа, улстөрчийн имижийг бүрдүүлэх пиарын баг ажилладаг талаар дуулж байсан ч нийгмийг хөдөлгөөнд оруулдаг, нийт массыг  нэг хэсэг бүлгийн эсрэг турхирдаг ажил хийдэг нөхдүүд байдаг талаар тун саяхан нэгэн танилаасаа дууллаа.

Худлаа ч хэлээд байгаа юм шиг санагдаж байсныг нуух юун. Саяхан, нэг хэсэг иргэд болж бүтэхгүй байгаа төр засаг, хотын удирдлагуудын эсрэг эсэргүүцэл илэрхийлжээ. Гэтэл тэнд харваас хар бор ажил хийж, жагсч тэмцэж явдаг гэж хэлэхээргүй “цагаан” царайтай залуус эрх баригчдыг занан зүхэж, огцрохыг шаардаж, бараг л замын нээлт, зам засварт улс төр орж байна гэх утгатай юм ярин том дуугаар эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Ухаандаа бол, эрх баригчдын буруу мэтээр нийгэмд ойлголт өгч, тэдний хийж байгаа ажилд дургүй болгох ажлыг хийж байгаа бололтой юм. Үүнийг дуулаад нээрээ ч юу билээ гэж бодлоо. Үнэндээ бол иймэрхүү тэнэг гэмээр улстөржилт сүүлийн үед газар авчихаад байна.

“Нарантуул” зах чанаргүй барилгаасаа болж шатахад цаана нь Дүнжингарав худалдааны төвийн  эзэн Б.Наранхүү, бүр АН-ынхан байгаа гэж ирээд л улстөржив. Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр ч захиалгын шинжтэй Ш.Сайхансамбуу түрээслэгчдийг “Дүнжингарав”-ын эсрэг турхирчээ хэмээн мэдээлэх нь хар төрүүлэхээр. Мөн зам засварлах гэж хоёр өдөр Нарантуулыг хаана гэсэн асуудлыг ч АН-ынхны явуулж байгаа буруу бодлого мэтээр нийгэмд ойлголт өгч, энэ төрлийн мэдээллийг хүчтэй цацсан нь ийм бүлэг байдаг гэдгийг батлаад байгаа юм биш үү.

Ер нь улс төрийн намууд хажуудаа сөрөг мэдээлэл цацах, эерэг мэдээллийг түгээх пиарын баг ажиллуулдаг нь нууц биш. Тэд захиалгаар сэтгэгдэл бичих, олон нийтийн цахим сүлжээнд сөрөг хүчин, өрсөлдөгч нэр дэвшигчийг луйварчин, авлигач мэтээр харуулах зураг, дүрс бичлэг оруулах, үг үйлдлээрээ харуулах гэж ажилладаг. Ийм төрлийн багийг парламентад суудалтай намаас гадна, парламентад суудалгүй улс төрийн намууд ч цалинжуулан ажиллуулдаг гэдгийг учир мэдэх нэгнээс олон удаа сонсч байлаа. Тэд ч ажлаа тун гарамгай гүйцэтгэдэг. Сонгуулийн үеэр хэнийг хэрхэн муулах, хэвлэл мэдээллийг яаж гутаан доромжлох вэ гэдгээ мэддэг.

Одоо ч гэсэн нэр ус нь мэдэгдэхгүй “Танхай эмээ” гэж сайхан “гар”  твиттерээр хэн таарснаа мөр холбон доромжлоод явж л байна. Тэрний ард хэн байгаа нь мэдэгдэхгүй ч хэн дуртайгаа үг хэл үйлдлээр гутааж байгаа нь ардчилал биш биз дээ. Хэн байгааг нь олж илрүүлээд шалгадаг эрх байгаа гэж найдъя. Энэ мэт цахим сүлжээнд далдаас ажиллаж байсан “бүлэглэл”-ийнхэн  гудамжинд гарч, олон нийтийг цочирдуулсан үйл явдал хаана болно тэнд очиж өнөөх хар пиар цацах ажлаа хийдэг болсон бололтой. Өөрөөр хэлбэл, энэ үйл явдал эрх баригч эсвэл сөрөг хүчний санаатай хийсэн үйлдэл мэтээр ярьж, тэдэнтэй адилхан зовсон зүдэрсэн болж жүжиглэн, массын сэтгэлзүйд нэг намыг өмөөрөх, нөгөөг нь үзэн ядах сэтгэлгээг суулгаж явдаг гэх. Улстөрчид, улс төрийн намууд иймэрхүү байдлаар иргэдийн сэтгэлзүйгээр наадахаар шийджээ. Энэ мэт асуудлыг хаа хаанаа анхаарч ажилламаар. Үнэхээр л асуудлыг улстөржүүлж, ард түмний дунд үл ойлголцол өгөх, болохгүй зүйлд өдөөн турхирдаг пиарчид байдаг бол тэднийг цагдаа, шүүх нь олж илрүүлэн шалгамаар юм.

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих