Баянхонгор нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд багтаан зургаан аймгийн төвийн хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байгаа.

Баянхонгор аймаг 108,3 км хатуу хучилттай зам барилгын ажлаа дуусгаж нийслэлтэй холбогдсон анхдагч аймаг боллоо. Аймгийн төвөөс 50км зайд орших Худаг уртын багт замын нээлтийн ёслолын ажиллагаа болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх болон аймгийн удирдлага бусад албаны хүмүүс оролцлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хонгор нутгийн хөгжилд хөтлөж буй замын нээлтэнд оролцож байгаатай баяртай байна. Юуны өмнө нийслэлтэй холбогдож буй анхдагч аймаг болж буй хонго нутгийн зон олонд баяр хүргье. Зөвхөн Баянхонгор аймгийг хатуу хучилттай замаар холбохоос гадна баруун аймгууд руу явах гол зам гэдгээрээ онцлогтой. Ирэх долоо хоногт Сайншандыг холбосон замын нээлт болно. 2013 онд гурав, 2014 онд гурван аймгийг хатуу хучилттай авто замаар холбоно” хэмээн ярилаа.

Зам барилгын ажлыг “Шинжиан Бейшин роуд& бридж констаркшн”, “Нэйшнл девелопер” компаниуд нийт 45,5 тэрбум төгрөгөөр зам барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Замын чанарын тухайд гүйцэтгэгч компанийн төлөөлөл баталгаатай гэдгийг ам бардам хэллээ. “Нейшнл девелопер” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал П.Жавхлантөгс “Манай компанийн хувьд 50 км автозамын ажлыг хариуцан ажилласан. Нийт 21,4 тэрбум төгрөгийн ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гүйцэтгэсэн. 2012 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр ажлаа дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө. Замын чанарын тухайд баталгаатай гэж хэлж чадна. Зам засварын баг албан ёсоор удахгүй дүгнэлтээ гаргана” гэв.

Бусад аймгуудыг холбох ажил явагдаж байгаа зам барилгын ажил, хүндрэл бэрхшээлийн талаар Зам тээврийн сайд А.Гансүхээс тодрууллаа. Тэрээр “Зургаан аймгийг холбож буй зам барилгын ажилд бэрхшээл бол бий.

Гэхдээ хөрөнгө санхүүгийн хувьд ямар ч хүндрэл байхгүй Засгийн газрын зүгээс бүх бололцоог шийдэж байгаа. Одоо хамгийн гол нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалж зарим нэг аймгийн хувьд бэрхшээл гарч байна. Бороо орохоор нойтон камд хучилт хийж болдоггүй учраас технологийн талын бэрхшээл гарч байна. Гэхдээ тохиолдож буй бэрхшээлийг газар дээр шийдээд явж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

Тэмээгээр жин тээж явсан бол одоо хатуу хучилттай замаар Улаанбаатарыг зорихоор боллоо хэмээн нутгийн өвгөд ярьцгааж байлаа.

У.Бадамцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих