Байлдагч П.Хэнмэдэхэд зүү залгиулсан уу, албанаас зугтаж өөрөө зүү залгисан уу

hil_hamgaalah_erunhii_gazar_hevleliin_tuluulugch_baasanjargal-middleУвс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат П.Хэнмэдэх офицертоо дарамтлуулсны улмаас дөрвөн ширхэг зүү залгисан хэрэг олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэрбээр зүү залгиснаа нуусан боловч, бие нь өвдсөнөөр ангийн удирдлагууд болон ар гэрийнхэн нь мэдсэн учраас яаралтай хагалгаанд орохоор ирээд байгаа билээ.

Гэтэл цэргийг дарамталсан офицер ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Баасанжаргал офицер хүн зүү залгиулсан гэхэд итгэхгүй байна гэх байр суурийг илэрхийлжээ.

Тэдний хэн нь худлаа яриад байна вэ.

Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Баасанжаргал:

Офицер хүн байлдагчдаа зүү залги гэж тулгах боломжгүй гэдэгт бүрэн итгэж байна

-П.Хэнмэдэх болон түүний аав дэслэгч Н.Баатарыг зүү залгиулсан гэж ярьсан байна билээ. Мэдээж хүн хардах эрхтэй. Аав нь хардаж байгаа. Бид ч хардаж байна. Тиймээс дэслэгч Н.Баатарыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Мөн манай дотоод хяналтын албаныхан ч шалгаж байгаа. Дэслэгч Н.Баатар өөрөө өргөдлөө өгөөд шалгуулъя гэсэн. Энэ бол зөвхөн миний биш манай байгууллагын нэр хүндэд ч хамаатай. Тиймээс шалгуулъя гэсэн.

Удирдлагуудын зүгээс ч “хурдан шалгуул” гэж хэлсэн. Бидний хувьд манай байгууллагын офицер байлдагчдаа зүү залги гээд зогсож байх боломжгүй гэдэгт бүрэн итгэж байна. Үнэхээр дэслэгч Н.Баатар залгиулчихав уу, эсвэл байлдагч П.Хэнмэдэх цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр өөрийнхөө биед гэмтэл учруулахаар залгив уу гэдгийг заавал тогтоох ёстой.

Утаснаас болсон гэдгийг дэслэгч Н.Баатар бол үгүйсгэж байгаа. Бид хардах эрхтэй. Тэр утгаараа хардаж байна. Манай офицер бол үгүй л гээд байгаа. Өөрсдөө болохоор олон удаа зодуулж байсан. Дарамтлуулдаг гээд байдаг. Гэхдээ үүнийг хэн ч хараагүй.

Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн цэргийн алба хаагч П.Хэнмэдэх:

Офицер намайг зодчихоод, зүү гаргаж ирээд “залги” гэж шаардсан

-“Eagle.mn” сайтад П.Хэнмэдэх ярилцлага өгөхдөө “Намайг жижүүрт гарч байхад манай дэд түрүүчийн утас алга болсон. Гэтэл алга болсон утсыг нь намайг авчихлаа гэж хардаад, дэслэгч Н.Баатарт хэлнэ гэж сүрдүүлсэн.

Тэгэхээр нь би утсыг нь аваагүй болохоор тэг тэг гээд хэлчихсэн чинь намайг дэслэгч Н.Баатар өрөөндөө дуудаж оруулаад “утсыг нь гаргаж өг” гээд зодсон. Эхлээд суниалгаад тэгээд элэг рүү өшиглөсөн.

“Утсыг нь гаргаж өг” гээд л зодоод байсан. Би аваагүй гэдгээ хэлсэн ч гаргаж өгтөл чинь зодно гээд зодсон. Тухайн өдөр дэд түрүүч харуулд, би манаанд хоносон болохоор намайг хулгайд хардсан юм. Намайг зодож, зодчихоод сүүлд нь зүү гаргаж ирээд “залги” гэж шаардсан. Би айсандаа дөрвөн зүүг нэг нэгээр нь шууд залгисан. Хатгуулж байсан ч айсандаа гүрийсэн.

Удалгүй гэдсээр хатгуулж өвдөж эхэлсэн. Тэгээд тэсэхгүй болохоор нь ангийнхаа удирдлагуудад хэлсэн юм. Гэхдээ Н.Баатар дэслэгчийг дахиад зодох байх гэж айгаад ангийн удирдлагууддаа захныхаа даавууг хадаж байгаад залгичихсан гэж хэлсэн” хэмээжээ.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих