КОФЕНЫ ИД ШИД
Дэлхийн өнцөг булан бүрт халуун кофегоор шинэ өдрийг угтдаг хүмүүс бий. Гайхалтай үнэр, амт нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон кофены шид чухам юундаа байдаг юм бол?
Кофе Альцгэймерийн эмгэгийн эсрэг үйлчлэл үзүүлдэг үү? Хурдацтай хөгшрөлт, ухаан самуурч, ой тогтоолт эрс муудах зэрэг сөрөг үр дагавартай Альцгэймерийн эмгэг аль хэдийнэ хүн төрөлхтний хаалгыг тогшоод амжиж. Азаар эрдэмтдийн хийсэн судалгаагаар кофе уг эмгэгийн эсрэг үйлчлэл үзүүлдэг болохыг тогтоожээ. Тэд 1991 оноос хойш 6.434 ахмад настанд судалгаа хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. 1996 онд тэдний 4615 нь амьд үлдсэн бөгөөд тэд бүгд кофены хорхойтнууд байсан аж.
Норгүйдлийн шалтгаан нь кофе мөн үү? Нойр хулжсаны гол буруутан нь кофе гэх ойлголт түгээмэл байдаг. Бид бүгд л кофе ууснаар өдрийн турш эрч хүчтэй байж чаддаг гэдгийг мэддэг. Магадгүй энэ байдал шөнөжин нам унтахад нөлөөлдөг ч байж мэдэх юм. Саяхны нэгэн судалгаа өдөрт долоон аяга кофе уух нь нойр хулжих шалтгаан болохгүй гэдгийг баталсан бол өөр нэг судалгаа кофейн нойронд ямар ч нөлөөгүй хэмээн дүгнэжээ.
Кофе толгойн өвчин намдаадаг уу? Толгойн өвчиндөө шаналдаг мянга мянган хэрэглэгчдэдээ дуулгах сайхан мэдээ бий. Нэг аяга кофе толгойн өвчин намдаах увидастай гэнэ. Эрдэмтэд 301 хүн хамарсан судалгаа хийсний эцэст уг дүгнэлтийг гаргажээ. Судалгаанд оролцогчдын 80 хувь нь аяга кофе ууснаас зургаан цагийн дараа зовиургүй болсноо мэдэгджээ. Хэрэв та санаж байгаа бол кофейн маш олон өвчин намдаагч эмний найрлагад багтдаг.
Кофе ууснаар яс сийрэгждэг үү? Эрдэмтдийн анхаарлаа хандуулах болсон бас нэг судалгаа бол кофе ясны бүтцэд нөлөөлдөг эсэх. Саяхны нэгэн судалгаа кофейн бүхий ундаа ууснаар шээсээр кальци хөөгддөг боловч тэр даруй нөхөгддөг болохыг тогтоожээ. Тиймээс кофейн ясны сийрэгжилтэд нөлөөлөхгүй гэсэн үг болох нь.
Кофе шар хөөргөдөг үү? Сэтгэл санааны байдал, мөн халуун ногоо хэт их идэх нь шар хөөрөх, хоолны шингэц муудахад нөлөөлдөг. Судалгаанд оролцогч 394 ходоодны өвчтэй, шар хөөрсөн хүнд кофе уулгахад хоолны шингэц сайжирсан байна. Тэр тусмаа хоолны өмнө уувал бүр ч үр дүнтэй болох нь судалгаагаар батлагджээ. Хамгийн гол нь уг судалгаа ходоод муутай, бүр ходоодны шархтай хүнд ч кофе гэм хоргүй болохыг баталсан юм. Кофе ба астма Сүүлийн хорин жил эрчимтэй тархаж, хүн төрөлхтнийг зовоож буй өвчин бол астма. Аж үйлдвэржсэн орнуудад хүн амын 10-14 хувь нь уг өвчнөөр шаналж байгааг судалгаа харуулж байна. Азаар кофе астмын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг зуу гаруй жилийн өмнө Шотландчууд мэдчихжээ. Харин үүнийг Италичууд саяхан баталлаа. Эрдэмтэд 72.284 астматай хүнд кофе уулган судалгаа явуулсны дүнд өдөрт гурав ба түүнээс дээш аяга кофе уудаг хүмүүсийн астманы эдгэлт харьцангуй сайн байгааг тогтоожээ. Түүнчлэн Америкийн эрдэмтэд судалгаа хийж, кофены хорхойтнууд огт хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол ханиад шуухинаа хүрэх магадлал 13 хувь бага байдаг хэмээн дүгнэжээ.
Кофе хуурайшилтын шалтгаан болдог уу? Үнэхээр кофе шээс хөөдөг боловч өдөрт 4-5 аягыг уух нь шингэн алдах шалтгаан болохгүй хэмээн эрдэмтэд үзэж байна. Цөөнгүй хүмүүс, ялангуяа тамирчид кофе ууснаар ам цангаж, шингэн дутагдан, бие тамирддаг гэж үздэг ч энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт гэнэ.
URL: