Хорин нэгэн музей иргэдэд ялгавартай үнээр үйлчилж байжээ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар орон нутгийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдыг гадаад, дотоодын жуулчдад ялгаваргүй үнийн тарифаар үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ.
Тус шалгалтаар урлагийн байгууллагууд жуулчдад үнийн ялгавартай үйлчилж байсан нь тогтоогдсон байна. Шалгалтад хамрагдсан тус яамны харъяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилсэн тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар дээрх байгуулллагын дарга нарт сануулах сахилгын шийдтгэл ноогдуулаад байна.
Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн зарим байгууллага, ихэнх музейнүүд ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгаа тул аймгуудын Засаг дарга нарт энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлэх гэж байна.
Түүнчлэн соёл, урлагийн байгууллагуудын үзвэрийн үнийн тарифийн ялгааг арилгах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын захирал нарт гадаад, дотоодын жуулчдад үнийн ялгаваргүй үйлчлэхийг үүрэг болгоод байна.
Үнийн тарифаас одоо мөрдөж байгаа хамгийн өндөр үнэтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 25000 төгрөг байсан бөгөөд энэ 3.2 дахин өндөр үнэ аж. Мөн уг шалгалтад орон нутгийн 21 аймгийн 24 музей хамрагдсанаас гурав нь ялгаваргүй үнээр, бусад 21 музей 1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр үйлчилж байжээ.
Соёлын салбар нь хүний эрхийн соёлыг түгээх ёстой. Гэтэл ийнхүү хүний эрхийг зөрчин гадаад, дотоод хэмээн ялгаварлан хандаж байгаа нь манай улсад ирж байгаа жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул ССАЖЯам ирэх сарын 1-ны дотор соёл, урлагийн салбарын ялгаварлан гадуурхалтыг арилгахаар болсон байна.
URL: