Лалын шашин уу, орчин үе үү?
АНУ-ын “Project Syndicate” сэтгүүлд 1988-1991 онд Францын Ерөнхий сайд асан, Францын эрх баригч Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга асан, сүүлийн 15 жилийн турш Европарламентын гишүүнээр ажиллаж буй Мишель Роскар Арабын ертөнцөд болж буй үйл явдлуудын талаар өөрийнхөө санал сэтгэгдлийг дэлгэжээ.
“Арабын хавар” эцэстээ юу болчихов оо? Тунис, Египет, Ливи зэрэг арабын гурван оронд ар араасаа хөвөрсөн ард түмний эсэргүүцлийн жагсаал эдгээр гурван орны өнө удаан жил тогтносон дарангуйллын тогтолцоог хэдхэн хоногийн дотор түлхэн унагасан билээ. Лалын шашинт эдгээр орнуудад ардчилсан засаглал тогтноно гэсэн горьдлого бусад ертөнцөд маш их байв.
Гэвч энэхүү гурван оронд өрнөсөн ард түмний ардчилсан хувьсгалын дараах үйл явдлууд эдгээр улсуудад дотоод зөрчлийг зөөлрүүлэн ард түмний хүсэл тэмүүллийг бага боловч хангах тал дээр дорвитой ахиц гаргаж чадаагүйг илтгэнэ.
Энэ бүс нутгийн Йемен болон Персийн булангийн зарим улс ч их бага хэмжээний нийгмийн доргилтыг амссан билээ. Лалын шашны бүлэг хоорондын зөрчил Иракийг улам бүр доргиох болсон бол Сирид төр барьж буй хүчний эсрэг тэмцэж буй шашны бүлэглэлүүд хоорондоо хэмлэлдэж эхэлжээ.
Тэр ч бүү хэл лалын шашинтан иргэдийнхээ дээд эзэн гэгддэг Мароккогийн эзэн хаан хүртэл олон нийтийн хүчтэй шахалтын улмаас улс орныхоо улс төрийн амьдралд лалын шашны зүтгэлтнүүдийг оруулах шийд гаргаад байна.
Түүнчлэн Арабын ертөнцөд хамаардаггүй хоёр хүчирхэг лалын шашинт улс болох Турк бөгөөд Иранд ч тогтворгүй байдал бий болоод буй.
Жишээлбэл, Туркт болсон сүүлийн хэдэн долоо хоногийн ард олны жагсаал Ерөнхий сайд Т.Эрдоганы хэт их эрх мэдэл, шашин хоорондын сөргөлдөөнийг өдөөх болсон түүний нийгмийн бодлогыг эсэргүүцэгчид нийгэмд цөөнгүй гэдгийг харуулсан юм.
Харин Ираны дунд ангийнхан өнгөрсөн зургадугаар сард болсон тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар лалын зүтгэлтнүүд дундаас хамгийн аядуу үзэл бодолтой, илүү иргэнлэг нэр дэвшигчид итгэл үзүүлжээ.
Тус бүс нутагт архагшсан тогтворгүй байдлыг өдөөгч хэд хэдэн хүчин зүйл байх шиг. Эхнийх нь эдийн засгийн хөгжлийн хоцрогдол. Хэдийгээр энэ бүс нутаг газрын тосоор хэтэрхий баян ч цөөн хэдэн Ерөнхийлөгч юм уу хаад ноёд хагартлаа баяжсанаас бус нийт ард түмнэ үүнээс долоож чадсан юм ховор аж.
Энэ бүс нутгийн хүн амын багагүй хэсэг өлөн зөлмөн амьдарсан хэвээр бөгөөд чухам нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт ард түмний бослогыг өдөөж буй нь илт. Үүний сацуу тус бүс нутгийн ард олны эсэргүүцлийг ямар нэг дарангуйлал, дураараа дургих байдлыг үл хүлээх үзэл тэтгэж байх шиг.
Даяаршлын үр шимээр энэ бүсийн улс орнуудын ард түмэн эдийн засгийн хурдацтай хөгжил цэцэглэлтийн тулд дарангуйлагч дэглэмүүдийг солих нь зүйтэй гэсэн үзэл бодол нэвт шингэсэн гэлтэй.
Нөгөөтэйгүүр, лалын шашин нь эдийн засгийн асуудлыг улс төрөөс дэндүү хөндийрүүлжээ. Үүний улмаас хүн төрөлхтөний дөрөвний нэг нь шүтдэг дэлхийн аугаа энэ шашин эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн боломжоо алдсан нь илт. Бусад ертөнцөөс хоцрогдож буй явдлаа өдгөө лалын шашны уламжлалт амьдралын хэвшил, нийгмийн харилцааг эвдэлгүйгээр өөрчлөх аргагүй болсон мэт. Үнэндээ лалаас бусад шашин эдийн засгийн өөрчлөлтөд төдийлөн саад бололгүй өнөөг хүрчээ.
Христ болон иудийн шашнууд дундад зуунд мөнгө болон банкны үйлчилгээ, шинжлэх ухаан техникийн хөгжилд саад учруулахаа больсны улмаас өрнөдийн ертөнц өнөөгийн энэ түвшинд хүрч чадсан билээ. Шашингүйн үзэлтэй коммунист гэх Хятад хүртэл эдийн засгийн хөгжилд маш чухал ач холбогдол өгдөг. Лалын шашинд ч энэ тал дээр шинэчлэгчид байсан.
Жишээ нь, Египетийн эрдэмтэн Рифаат -Тахтави 1826 онд Европоор айлчлан өрнөдийн соёл иргэншлийн хөгжлийн талаар судалгаа хийн лалын ертөнцтэй харилцан найрсаг харилцаатай болгох оролдлого хийж байв. Өрнөдийн ертөнцийн адил аж үйлдвэрийн хувьсгал хийж чадаагүй лалын ертөнц сүүлийн 200 жилийн турш Европын колоничлолын бодлогод дарлагдсан нь үнэн. Гэвч лалын шашин өөр доторхи сөргөлдөөн, төрийн болон шашны эрх ашгийн хуваарилалт зэргийн зөв тэнцлийг олж чадахгүй бол энэ бүс нутаг дэлхийн тогтворгүй байдлын гол голомтуудын нэг хэвээр байх нь гарцаагүй.
Б.Барс
URL: