Тэгш сондгойгоор ялгаж замын хөдөлгөөнд оруулах шийдвэр тэдэнд таалагджээ
Нийслэлийн удирдлагын ээлжит зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх хэд хэдэн шийдвэр гаргасан. Түүний нэг нь энэ сарын 24-нөөс авто машины улсын дугаарын сүүлчийн оронг тэгш, сондгойгоор ялган, замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн явдал байлаа.
Түүнчлэн дугаарын хязгаарлалтыг энэ сарын 31-нийг хүртэлх хугацаанд мөрдөгдөх юм. Энэ талаар иргэдийн санал бодлыг сонслоо.
Баянзүрх дүүргийн иргэн О.Сайханчимэг: Энэ шийдвэрийг эерэгээр хүлээж авсан
-Сайхан байна. Нэг өдрийг машингүй бас гар утасгүй өнгөрөөж үзэж байна. Сайхан мэдрэмж төрөхийн зэрэгцээ, нийтийн тээврээр үйлчлүүлээд олонтойгоо явлаа. Хэдхэн өдөр гэж бодоод энэ шийдвэрийг эерэгээр хүлээж авсан. Зарим хүмүүс бухимдалтай л байх шиг байна. Гэхдээ энэ чинь түр зуурын асуудал шүү дээ. Хэдхэн хоноод хэвийн байдалд орно. Цаашид машинтай иргэдтэй нь бус замын өргөтгөл, хөгжлийн талаар нийслэлийнхэн ажиллах хэрэгтэй. Түүнээс ийм байдлаар аргалаад хэчнээн жил болох вэ дээ. Сайн л удвал 1-2 жил болно. Сүүлдээ хүмүүс залхана шүү дээ.
Нийслэлийн иргэн: Улстөржихийг болимоор байна
-Замын хөдөлгөөний зохицуулалтаар улстөрждөгөө болимоор байна. Ер нь хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү Хотын дарга Э.Бат-Үүлд хамаагүй шүү дээ. Өдөрт машинаараа л таван төгрөг олж, амь залгуулдаг. Гэтэл хоёрын хооронд шийдвэр гаргаж, иргэдийн сэтгэл санаа, амьдралаар наадаж байна. Хүүхдүүд хичээлдээ орох болчихоод байхад, зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийм сонин шийдвэр гаргаж байна. Өөр юу ч хэлэх вэ дээ. Арай л дэндүү байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Баатарсүх: Энэ шийдвэрийг гаргасан нь зөв
-Ер нь ийм шийдвэр гаргасан нь зөв шүү дээ. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурч, сайхан байна. Ажил амжуулах гээд өглөө гэрээсээ гардаг. Замын ачаалал дунд хамаг цагаа бараад, орой бүтсэн юмгүй харьдаг байсан. Харин одоо бол өөр байна. Нийтийн тээвэрт суухад ч, машинтай явахад ч маш хурдан очих ёстой газраа хүрч байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн явдал нь их амар юм. Энэ шийдвэр дандаа машин хөлөглөж, явган хүмүүсийг дайрах шахам давхидаг нөхдүүдэд л хүндээр тусч, эмзэглэж байгаа хэрэг.
Баянгол дүүргийн иргэн Д.Вандан: Машинтай нь бус замын өргөтгөлтэй тэмцэл өрнүүлэх хэрэгтэй
-Энэ удаа ийм шийдвэр гаргаад л асуудлыг шийддэг юм байна. Цаашид яах вэ. Машинтай болсныхоо төлөө шийтгэл авч байгаа юм шиг болчихоод байна. Ингээд бодохоор тэдний зөв ч юм шиг. Нөгөөтэйгүүр, Монгол Улс гэж бие даасан тусгаар орон л юм бол замын асуудлаа нэн тэргүүнд хөгжүүлмээр байна. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Өргөн, чанартай замтайсан бол бид өнөөдөр ийм шийдвэрт бухимдаад сууж байхгүй. Тиймээс шийдвэр гаргагчид минь машинтай нь бус замын өргөтгөлтэй тэмцэл өрнүүлэх хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Мандах: Нийслэлээ шинэ газар нүүлгэчих
-Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт олширч байна. Нийслэлд хүн, машин хоёр нь багтахаа байлаа. Хэдүүлээ дөрвөн уулын дунд бүгэж суухаар газар нутаг үгүй гэх биш Улаанбаатар хотыг нүүлгэе. Тэгж байж, энэ улс орон хөгжлийн гарц руугаа орно. Энэ их гэр хорооллыг хэзээ орон сууцанд оруулж дуусгах юм. Өнөөдөр 500 айлын сууц бүрэн ашиглалтад орлоо гэхэд үүнээс олон хүн гэр хорооллыг тэлж байна. Урдаасаа орон сууц бариад яваад байдаг. Хойшоогоо гэр хороолол нь тэлээд байж таарахгүй. Тиймээс машины дугаар энэ тэрийг нь төрөөс хазаарлаж байхаар, нийслэлээ шинэ газар нүүлгэчих. Тэгээд шинэ газраа ёстой замаа л барьж эхлэх хэрэгтэй. Ирээдүйд таван сая хүн нийслэлд амьдарна гэсэн тооцоотойгоор төлөвлөх нь чухал.
Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Нарангэрэл: Дугаарын хязгаарлалт хийснээр ачаалал буурч байна
-Орчин цагт хөрөнгө мөнгө бэл бэлчингийн ялгаа их байна. Тиймээс дор хаяж томчууд 5-10 машинтай байна. Тэгж байхад яаж замын ачаалал буурах юм бэ. Гэхдээ тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийсэн учраас тодорхой хэмжээгээр ачаалал буурч байна. Цөөн хоногоор эл шийдвэр үргэлжилж байгаа болохоор хүмүүс таатай хүлээж авч байгаа юм. Түүнээс биш бас л жагсаал болох байсан биз. Үүнээс өөр ачаалал бууруулах боломж юу байна гэдгээ сайтар судлах хэрэгтэй байх. Ер нь иргэдийн эрхэнд халдсан иймэрхүү шийдвэр цаашид хэрэггүй болов уу.
Чингэлтэй дүүргийн иргэн Л.Алдар: Хос дугаарын бизнес цэцэглээд байгаа юм биш үү
-Машины сүүлийн тоог тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа нь цагаа олсон зүйл болсон. Түүнээс өөр шийдэх арга зам байхгүй. Нөгөөтэйгүүр, тэгш, сондгойгоор нь ангилаад явуулж байхад зарим газраар маш их түгжрэлтэй байна. Арай хос дугаарын бизнес цэцэглээд явж байгаа юм биш биз дээ. Үүнд цагдаагийн байгууллага илүү анхаарал тавьж ажилламаар байна. Төрөөс нэг шийдвэр гаргалаа. Нөгөө талд түүнийг зөрчсөн хууль бус үйлдэл цэцэглэж байдаг тийм л жишиг тогтож байна шүү дээ.
Баянзүрх дүүргийн иргэн О.Тоодгор: Одоо үнэхээр амар байна
-Замын хөдөлгөөн арай л дэндүү байсан. Одоо харин ч амар байна. Энэ хэдэн өдрийг ашиглаад зөндөө л их ажил амжуулж байна. Хааяа ч болов уу бензин тосонд хэмнэлттэй машинаа амрааж байх хэрэгтэй л юм байна. Өглөө бүр машинаа унаж гараад, түгжрээд л хамаг энергиэ бардаг. Явган явж байна, гоё л байна. Энэ шийдвэрт юунд нь бухимдах вэ дээ. Тодорхой хэмжээнд төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Тиймээс тэрийг нь дагаж мөрдөх хэрэгтэй. Цаашид шаардлагатай тохиолдолд ийм арга хэмжээ авч байх хэрэгтэй юм байна.
Б.Пүрэвжав
URL: