“Загвар”-ын засгийн газар
Шинэчлэлийн гэх тодотголтой засгийн газар бүтээн байгуулалтын цагаараа сурагчдын хувцасны загвар ярьсаар л… Сурталчилгаа гэдэг нь л энэ байх. Өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг” хуралдаан дээр бүр загвар өмсгөж, үзүүллээ.
Яг загварын шоу шиг. Сурагчдын дүрэмт хувцаснаас илүү хоолойд тулсан асуудлууд өч төчнөөнөөрөө байхад Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нарынхаа хамтаар загвар үзүүлж суух ч гэж.
Шинэчлэлийн засгийн газар улс орныхоо төлөө ихийг хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй байсан бол өнөөдөр сурагчдын хувцасны загвар яриад суухгүй л байсан. Ямар сурагчдын хувцасыг гадаадад экспортолж, улс оронд мөнгө олж ирж чадах биш.
Хэдэн ядарсан ард түмэндээ шахаж, мөнгө олох л биз. Өчигдөр хэдэн сурагчийг дуудаж авчирж, хувцасыг нь өмсүүлж үзүүлж, дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй ажлын байр хадгалагдаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болсон гэх үгсээ дахиад л хэллээ.
Энэ үеэр ерөнхий сайд “…Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дамжсэн энэ том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй,
Засгийн газрын зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх ёстой” гэдгийг санууллаа. Тэгэхээр одоо эцэг эхчүүдэд хувцасыг хүчээр ч болтугай борлуулж, засгийн газар зардлаа нөхнө гэсэн үг.
Засгийн газрын бүтэн жил сурталчилсан хувцасыг эцэг эхчүүд хүүхдэдээ авч өгөхөөс өөр арга байхгүй. Хуучин хувцас нь багадаагүй бол шинэ хувцас авч өгөх шаардлагагүй гэсэн инээдтэй тайлбар хийж байсан санагдана.
Тэгэхээр хүүхдүүдийг хувцасаар нь жигдрүүлнэ гэдэг чинь худлаа болох биш үү. Ганц хүүхэдтэй айл ч яахав. Хүүхдэдээ хувцасыг нь аваад өгөхөд нэг их асуудал гарахгүй биз. Харин дөрөв таван хүүхэд нь сургуульд явж байгаа айл хүүхдэдээ энэ хувцасыг хэрхэн авч өгөх вэ.
Яаж ийгээд авч өгөх л болох байх. Хүүхдээ бусдаас дор оруулахгүй, хүн амьтанд ад шоо үзүүлэхгүй юмсан гэсэндээ эцэг, эхчүүд өр зээл тавиад ч болтугай дүрэмт хувцасыг нь авч өгнө. Засгийн газрын хүсэл биелж, бизнес нь амжилтай болж таараа.
Ямар ч байсан бүхэл бүтэн тусгаар улсын засгийн газар нь хувцас хунарын загвар энээ тэрээ ярихаас цаашгүй нэг сарыг үдлээ. Хувцасны загвар, чанар ярьж, хүчээр асуудлыг шийдвэрлэхээсээ өмнө хэрхэн боловсролтой хүмүүс болгох ёстойг ярьсан бол уг нь сайхан байх байлаа.
Хоосон толгойтнууд загвар хөөж, ухаантнууд мэдлэг боловсролыг чухалчилдаг. Гэтэл засгийн газрын түвшинд загвар ярьж суух ч гэж. Тэрийгээ бас үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, хүн ардын аюулгүй байдлын төлөө хийсэн хэмээн их аятайхан тайларласан байгаа юм.
Үнэхээр хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө сэтгэлээ чилээж байгаа бол хүнсний аюулгүй байдалд нь нэг анхаарна биз. Тэгээд бас хүүхдийг багаас нь тансаглаж сургахын оронд, толгойд нь юу хийх тухай бодвол дээр байх.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд байгаа бол бүтээе, хийе гэсэн үнэн сэтгэлтэй залуусыг дэмжихэд яадаг байна аа. Хаягдал дугуйгаар явган хүний зам хийдэг нэгэн залуу төр засгаас дэмжлэг хүсээд тусыг эс олсон байна билээ. Энэ талаарх нийтлэлийг бид дараа хүргэх болно.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: