Д.Батмөнх: Боомын халдвар авсан хүний бие тааруу байна

uvs_aimag-middleУвс аймгийн Тэс суманд гоц халдварт боом өвчин хүнд халджээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Тэс суманд боом өвчин хүнд халдварласан гэж дууллаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тэс сумаас 50 км-т орших нутагт энэ сарын 17-нд н.Иваан гэх айлын боомын халдвартай адууг нядалсан байна. Гэтэл адууг өвчсөн иргэн Ц-ийн бие муудаж сумын эмнэлэгт үзүүлэхэд боомын халдвар авсан болох нь тогтоогдож. Тиймээс аймгаас шуурхай ажлын хэсэг гарч тус суманд ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

-Өвчтөний биеийн байдал хэр байна?
-Халдвар авсан хүн нүд, гарын хэсэгтээ боомын шархтай байгаа. Тиймээс өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Одоогийн байдлаар биеийн байдал тааруу байгаа гэсэн мэдээлэл байна.

-Тухайн нутагт халдвар тархсан болов уу. Өвчтэй малын махыг худалдаалсан гэсэн?

-Сум орчмыг ариутгаж, халдваргүйжүүлсэн болохоор халдвар тархаагүй. Сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 24-нөөс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо. Харин өвчтэй байсан адууны махыг аймгийн төвд худалдаалсан гэсэн мэдээлэл байгаа учир цагдаагийн хэсгийнхэн шалгаж байгаа.

Б.Заяа

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих