МИАТ-ын удирдлагуудын хэргийг хянана
Авлигын хэргээр аалзны тор нэхсэн цагаан захтнуудад гишгэх газаргүй болсныг сануулах юун.
Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө угаасан эрхмүүд эрүүгийн хуульд эзэмдүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд МИАТ, ҮТЕГ, УИХ-ын гишүүдтэй холбоотой авлигын хэргүүд шил шилээ даран Авлигатай тэмцэх газарт шалгуулж байлаа.
Тэгвэл олны анхаарлын төвд байсан эл хэргүүд хэрхэн шийдэгдэв. “Дайны эрсдэлийн сан” гэх нэрийдлээр халхавч хийж, далд утгаар мөнгө угаасан МИАТ-ийн нэр бүхий эрхмүүд өдгөө анхан шатны шүүхээс 10-14 жилийн ял авч, арга мухардаж сууна. Ямар сайндаа л шүүхээс оноосон ялыг эсэргүүцэж давж заалдаж байх вэ. Тэгвэл тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
Шүүх хуралд МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Б.Бат-Эрдэнэ, МИАТ-ийн захирал асан Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, түүний дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал Ч.Суурьтогтох, мөн Г.Саранчимэг нар шүүх хуралд оролцох эрхгүй. Харин тэдний өмгөөлөгчид телөөлөл болон оролцох юм.
Хэрэг явдал хэрхэн өрнөж, хэрэгтэн гэх цол хүртсэнийг цухас өгүүлье. МИАТ гэх компани саалийн үнээ шиг салбар. Алдагдал гэхээсээ илүү ашгаар толгой цохидог эл байгууллагад авлигачид бугшсанаас болж хамаг хэрэг манджээ. Товчхондоо, толгойлогчид нь төсвийн хөрөнгийг самарч хэтэвчээ зузаатгасан. Хуулийн байгууллагаас тус компанийн нэр бүхий удирдлагуудыг шалгаж улмаар гэмт буруутай гэдгийг нь нотолж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ингэснээр шүүх анхны шийдвэрээ гаргаж МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг cap, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг cap, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг cap, түүний дүү Ч.Суурьтогтоход 10 жил нэг cap, Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял оногдуулсан юм. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 166.3, 156.3.3-т зааснаар буруутган ялласан.
Харин энэ хэрэгт нэр холбогдож, нэлээд шуугиан тарьсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл өнөөдөр дээрх эрхмүүдэд оногдуулсан ял хир оновчтой шийтгэл байсан гэдгийг нягглах өдөр юм.
Хэрэг нэг тийшээ шийдэгдлээ гэхэд хэтэвч нэгтэй гэгдэх ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын асуудал бүрхэг үлдэв. Эдгээр хүмүүст холбогдох хэргийг тусгаарлаж шалгаж буй гэдэг ч мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа яваа нь одоохондоо нууц хэвээр байна.
Хэрэг хуучирдаггүй юм чинь хэзээ нэгэн цагт тэдэнд төр төмөр нүүрээ харуулах биз. Ямартай ч МИАТ-ийн гэх тодотголтой хэрэг хоёр дахь удаагаа ийн хэлэлцэгдэх гэж байна.
Б.Чанцал
/Нийгмийн толь/
URL: