З.Занабазар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

zanabazar_chuluut-middleСерби улсын Сержанин хотноо болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг нэг хүрэл медаль хүртлээ.

Манай багийн ганц медалийг чөлөөт бөхийн хөвгүүдийн 54 кг-ийн жинд З.Занабазар хүртсэн байна.

Өнгөрсөн сард манай улсад зохиогдсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн З.Занабазар маш олон, маш хүнд барилдаанууд хийж хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэрээр эхний тойрогт Ираны бөх Хоссейн Хадивартайфийг 5:2, 0:2 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт Украины Андрей Ященкод цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд Болгарын бөх Димитар Ивановыг 9:0, Энэтхэгийн бөх Рави Кумарыг 4:4, 5:4 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө Японы бөх Кейсуке Отобуротой хүч үзэж 4:0, 6:2 онооны харьцаагаар ялжээ.

Манай бусад бөхчүүдийн хувьд медальд хүрч чадсангүй. Манай хөвгүүдээс өсвөр үеийн ДАШТ-нээс урьд нь О.Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотноо ДАШТ-нээс 60 кг-ийн жинд алт, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотноо болсон ДАШТ-нээс 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Харин энэхүү медалийн цувралыг З.Занабазар хүрлээр үргэлжлүүллээ.

Ирэх жилийн өсвөр үеийн ДАШТ 2014 оны долдугаар сарын 15-20-нд Словак улсын Шина хотод болно.

М.Тилек

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих