Өвөл нүүрээ буцалсан ус эсвэл хар цайгаар угаагаарай
Хүйтэн сэрүүний улиралд хүний судаснүуд эрс нарийсдаг гэнэ. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг байна. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа шаарддаг.Хүйтэн салхи, байшин доторх хэт хуурай агаар зэрэг нь хүний арьсыг гэмтээдэг байна.
Өвлийн улиралд арьсаа хэвийн байлгахын тулд зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг хэрэглэх хэрэгтэйг мэргэжлийн гоо сайханчид зөвлөж байна. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут бигнүүр тавь.
Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Хамгийн чухал нь нүүрний тосыг өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардаагатай гэнэ. Зуны халуунд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэдэг тос Монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцөлөөс нүүрний арьсыг сайн хамгаалдаг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална.
•Хүйтний улиралд өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.
•Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч, тайвширдаг.
•Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин оройд унтахынхаа өмнө уруулдаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.
•Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийглэг толигор байна.
• Өвөл нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай. Тэгвэл нүүрний арьс зөөлөрдөг.
Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан ууршдаг тул амархан даарч, улмаар хөлдөж ч мэднэ. Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ алдааг. Таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавих шаардаагатай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно. Харин тослог арьстай бол нүүрэндээ тараг түрхэх хэрэгтэй.
URL: