Байлдагч П.Хэнмэдэх “Офицерийн дарамтанд орж зүү залгисан” гэв
Саяхан буюу энэ сарын 9-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагчийг дэд түрүүч нь дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарсан юм. Хэргийн тухайд хэрэг гарсан өдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр байлдагч П.Хэнмэдэх цагийн манаанд гарч байжээ.
Манаанд гарсан өглөө нь тус 0311 дүгээр ангийн түрүүчийн гар утас алга болсон гэнэ. Иймд дэд түрүүч манаанд гарч байсан байлдагчийг буруутган эцэстээ түүнийг зүү залгихыг шаардсан талаар эх сурвалж хэллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар П.Хэнмэдэх цэргийн алба хаагаад таван сар болж байгаа бөгөөд цэрэгт татагдсанаас хойш дэд түрүүчийн дарамтанд удаа дараа орж байсан гэнэ.
Энэ талаар байлдагч П.Хэнмэдэх хэлэхдээ “Дэд түрүүч эхлээд өрөөнд орж ирсэн. Тэгээд хувцсаа индүүд гэсэн. Би хувцсаа индүүдчихээд гурван цагийн дараа манаанд гарсан. Намайг өрөөнд ороход хоёулаа байсан. Өөр нэгэн хал цэрэг “Чамайг дэд түрүүчийн утсыг авсан гэж байна. Гаргаж өг” гэсэн. Тэгээд намайг зодсон. Аваагүй гэдгээ хэлсэн боловч хоёроос гурван удаа өрөөндөө дуудаж уулзсан.
Тэгээд дөрвөн ширхэг зүү залги гэсэн” гэв. Түүний яриагаар бол уг хэргийн тухай мэдэх хүн ганцаар ч тогтохгүй байгаа аж. Түүнээс гадна байлдагч П.Хэнмэдэхийн хувьд нийслэл дэх Цэргийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Тус эмнэлэгт ирэхээс нь өмнө Увс аймгийн харьяа эмнэлгээс яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн гэнэ. Гэвч байлдагчийг ирснээс нь хойш долоон хоног өнгөрөхөд хагалгаанд оруулаагүй байгаа аж.
Ийнхүү хилийн цэргийн 0311 дүгээр ангид гарсан хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас тодрууллаа.
-Увс аймгийн Баруунтуруун сумын хилийн цэргийн 0311 дүгээр ангид дэд түрүүч нь байлдагчаа дарамтлан зүү залгиулсан хэрэг гарсан. Үнэхээр дэд түрүүч нь дарамталж зүү залгиулсан гэдэг үнэн үү?
-Пүрэв-Очирын Хэнмэдэх гэдэг байлдагч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Тэрбээр тухайн үед “Би захныхаа даавууг хадаж байгаад зүүгээ залгичихлаа” гэсэн юм билээ. Ийнхүү хэргийн үнэн эсэхийг удирдлагуудын зүгээс мэдэх гэж 5-6 хоног болсон гэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсний дараа үнэхээр биед нь хатуу биет байна гэсэн байгаа юм. Ингээд нэгэнт Увс аймагт хагалгаа хийж доторх хатуу эдийг авч чадахгүй болохоор нийслэлд авчирсан юм байна.
Байлдагчийн хувьд Увс аймагт байхдаа гол шалтгаанаа тайлбарлаагүй. Нийслэлд ирэнгүүтээ өгсөн мэдээлэл нь “Манай дарга намайг загнаад чи гар утас хулгай хийсэн. Одоо зүү залги гэж байгаад залгиулсан” гэсэн мэдээллийг өгсөн. Бидний хувьд байлдагчийн яриа үнэн эсэхийг тогтоогоогүй байгаа. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан дотоодын шалгалт хийсэн. Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зүгээс тийм зүйл болоогүй гэсэн. Харин эцэг эхийн зүгээс дарга нь хүчээр залгиулсан хэрэг гэж байгаа.
Гэхдээ үүнийг логикийн хувьд аваад үзвэл шашны сургууль төгссөн, сэтгэлзүйч офицер хүн дөрвөн зүү атгачихаад залги гээд сууж байх уу. Харин зүү залгих хүртэл дарамталсан байж болзошгүй. Тухайлбал, үг, үйлдлээр дарамталсан байж болно.
-Тухайн хэрэгт холбогдсон офицерт ямар арга хэмжээ авсан байгаа вэ?
-Одоо бол офицерийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байгаа. Хамгийн гол нь тус ангийн дэслэгч “Би хуулийн байгууллагаар шалгуулж хэргийн үнэнг тогтоолгоё” хэмээн өргөдөл гаргасан. Удирдлагын хувьд тухайн асуудлыг түргэн хугацаанд шийдэж өгөөч ээ гэж хүссэн.
Нөгөөтэйгүүр маргааныг хэвлэл мэдээлэл болон Хил хамгаалах газар зохицуулдаг юм биш. Үүнийг цагдаа шалгаад прокурор хянасны үүдэнд шүүх авч хэлэлцэнэ. Офицерийн тухайд хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авч, хэргийг нь үүрүүлнэ. Үүнээс гадна офицерийг гүтгэсэн гээд байгаа байлдагч буруутгагдвал 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн алба хаах хугацаанд хүний нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэгт татна. Хэн нь үнэн эсэхийг шүүхийн байгууллага тогтооно.
Тэрбээр ийн ярив. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяа байлдагч П.Хэнмэдэх одоогийн байдлаар эмч нарын ажиглалтад байгаа аж. Түүнчлэн түүний гэдсэн доторх хатуу биетийг аль болох биологийн аргаар гарган авахын тулд эмч нарын зүгээс хичээн ажиллаж байгаа гэнэ. Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Баасанжаргал “Сүүлийн 20 жилд эрхзүйт төр гэж бий болсон.
Энэ нийгэмд хэн нэгнийг дарамтлах зэрэг асуудал бараг байхгүй. Юу, юугүй хүүхдийнх нь нүдийг тагласан байхад яагаад хуулийн холбогдох байгууллагад ханддаггүй юм. Би гэр бүлийнхнийг нь гайхаж байна. Үүнээс гадна цэргийн алба хэн нэгэн этгээдийг урьж авчирдаггүй. Хүчээр эх орноо хамгаалах үйлсэд татдаг. Энэ үүднээс янз бүрийн хүмүүжилтэй, олон янзын ааш араншинтай хүүхдүүд ирж байна. Ингээд цэргийн алба хаахаар ирчихээд элдэв үйлдэл гаргаж, түүнийгээ хуваарилагдсан ангидаа хамаатуулах үзэгдэл гарах болжээ” гэдгийг хэллээ.
Мөн зүү залгисан гэх байлдагчийн аав Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хоёрдугаар багийн иргэн А.Пүрэв-Очироос дээрх хэргийн талаар ямар бодолтой байгааг нь тодрууллаа.
-Таны хүүг дэд түрүүч нь дарамталж зүү залгиулсан гэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн байдлаар тодорхой хийх тайлбар алга байна. Хамгийн гол нь хүүгээ хагалгаанд орсны дараа болно. Ямар шийвдэр гарснаас үүдэн арга хэмжээ авах байх.
-Хүүгийн тань биеийн байдал хэр байгаа вэ?
-Одоохондоо их хүндрэлтэй зүйл ажиглагдахгүй байна.
-Эмч нарын зүгээс биеийн байдлыг юу гэж байна вэ?
-Эмч нар бол их амархан хагалгаа маягийн зүйл ярьж байсан. Гэхдээ бүхэл бүтэн долоон хоног өнгөрчихлөө. Ингээд удаад байхаар санаа зовж байна.
-Цаашид биеийн байдал сайжирвал цэргийн албыг нь хаалгах уу?
-Хагалгаанд орчихвол цэргийн алба хаалгахгүй. Улаангомын эмнэлгээс яаралтай хагалгаанд ор гэсэн. Шаардлагатай арга хэмжээг эхний ээлжинд авчихвал зүгээр юм.
-Таны хүүг өөрөө зүү залгисан гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэн юм биш үү?
-Тиймэрхүү зөрүү мэдээлэл гарсан. Гэхдээ би хүүдээ итгэж байна. Миний хүүхэд тийм зүйл хийх хүн биш. Өмнө нь гурван ч удаа эргэж очиж байсан. Тэр бүхэнд нь хүүг минь зодсон удаатай.
-Өмнө нь ийм хэрэг гарч байсан юм уу. Тухайн үед хуулийн байгууллагад яагаад хандаагүй вэ?
-Би хүүгээ дахин дарамтанд орох вий гэдгээс айсан. Ямар ч хүн үр хүүхдээ хүнд дарамтлуулаад байлгаад байж чадахгүй. Энэ удаад гомдолтой байна.
Тэрбээр ийн ярьсан юм. Мөн түүний хүү болох П.Хэнмэдэхээс өөрөөс нь офицерийн дарамтанд орж зүү залгисан эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Тийм хэрэг болсон нь үнэн учраас би айхгүй байна” гэлээ.
Ямартай ч дээрх хэргийн тухайд хэн нь буруутан бэ гэдэг нь тогтоогдоогүй байгаа аж. Нөгөөтэйгүүр тус хэрэгт холбогдоод буй байлдагч, дэд түрүүчийн хэргийг холбогдох байгууллагуудаар нь шалгуулж, буруутанг олж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэж байна.
Т.Болорцэцэг
URL: