Монгол охидыг худалдаалдаг улс дамнасан бүлэглэлийг илрүүлжээ
-Хохирогчдын дунд насанд хүрээгүй охид ч бий гэнэ-
Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд монгол охидыг хуурамч зараар халхлан БНХАУ-д аваачиж зардаг байсан бүлэг этгээдийг олж илрүүллээ.
Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж байхдаа дээрх гэмт хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, манай улс руу чиглэсэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх гадаадын гэмт бүлэглэлүүдтэй монгол залуус хамтран нутаг нэгт охид, эмэгтэйчүүдийг худалдаалдаг байжээ.
Тэд БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байсан гэнэ. Ингэхдээ “БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна” гэсэн зараар охидыг хуурч мэхлэн Бээжин хотод аваачин хятад иргэдэд шилжүүлэн өгдөг байж.
Тэд монгол охидыг Макао, Хайнан арал зэрэг газруудад аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг тогтоосон байна. Одоогийн байдлаар 10 охин хохирогчоор тогтоогдоод байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд эх оронд нь авчирсан байна.
Хохирогчдын дунд насанд хүрээгүй охид ч байгааг эх сурвалж мэдээлж байгаа юм. Хохирогчдын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгчид нь БНХАУ-д амьдардаг, тэндээ саун ажиллуулдаг хүмүүс юм.
Одоогоор хэргийг УМБГ-ынхан шалгаж байгаа бөгөөд бусад нуугдмал хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна.
Д.Болор
Зууны мэдээ
URL: