Хөрөнгийн зах зээл хүндхэн байна
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээний дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иуд ашиглаж байсан арилжаа, хадгаламж, төлбөр тооцооны системийг шинэчлэн, MIT системийг суурилуулан 2012 оны долдугаар сарын 2-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ -тэй “Ажлын мастер гэрээ” –нд гарын үсэг зурсан билээ.
Хоёр биржийн байгуулсан гэрээний дагуу Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж шат дараалсан олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ талаар өчигдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, брокер диллерийн компаниуд мэдээлэл хийлээ.
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй Монголын арилжааны банкууд хамтран, 14 сая ам.долларын хамтын санхүүжилтийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурж үүний дагуу санхүүжилт олгож эхэлсэн байна. Харин өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс хариуцан гүйцэтгэж байгаа MIT арилжаа, клиринг, төлбөр тооцооны системийн шинэчлэлийн ажил удаашралтай, брокерийн болон банкны системтэйгээ цогц шийдвэрлэгдээгүй байгааг хэлсэн. Мөн үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа байдал нь тодорхой бус, хөрөнгө оруулагчдад бүх талаар хүндрэл учруулж, төлбөрийн баталгаа, барьцаа, төлбөр хураамжийн хэмжээ нэмэгдэн, санхүүгийн чадавхийг сулруулж хөрөнгийн зах зээл дээр хүндхэн нөхцөл байдал үүсч байгаа аж.
Энэхүү зах зээлийн нөхцөл байдлын улмаас үнэт цаасны эргэлт хэд дахин буурч, макро эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүргээ алдаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн зах зээл дээр оруулсан болон оруулах гэж байсан их хэмжээний хөрөнгөө татаж, ихэнх харилцагчид үнэт цаасаа зарж, зах зээлээс гарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Б.ЦЭЦЭГ
URL: