Оюутны 70 мянгыг зогсоох талаар хэлэлцэнэ

9e0f87b21b31a1c6originalУлс төр заримдаа эмгэнэлтэй юм. Саяхан л МАН-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Үндэсний тэтгэлэг буюу  оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудлыг тун дургүй хүлээн авсан. Тэгэхэд АН-ынхан алгаа ташин дэмжиж байсан. Тэгвэл өнөөдөр тэдний байр суурь солигджээ. Учир энэ жилийн төсөв тасарч, уул уурхайн их орлого татарч буй учир зарим гишүүд оюутны 70000 зогсоох хуулийн төсөл санаачилж эхэлсэн талаар саарал ордноос мэдээллээ. Энэ санаачилгыг УИХ дахь АН-ын зарим гишүүд гаргажээ. Хэрэв энэ хуулийн төслөө өргөн баривал МАН-ынхан эсрэгээрээ өгөхийг шаардах болно. Монголын улс төр нэг иймэрхүү л эргэлтээр явагдаж байна.

Энэ дуулиантай зэрэгцээд оюутны 70000 мянгыг зогсоох санаачилгыг яагаад цухуйлгах болов? Эдийн засагт тийм их дарамт болж байгаа юу? Оюутнуудын амьдралыг тэтгэж чадаж байгаа юу? гэх мэт олон асуултууд шил шилээ даран гарч ирнэ. Ямар ч гэсэн УИХ-ын гишүүдэд оюутны 70000 эргэлзээ төрүүлж эхэлжээ. Учир нь энэ мөнгө хоосорч буй эдийн засагт асар их дарамт болж байгаа. Тэгээд ч Монгол шиг бүх залуустаа ингэж мөнгө хавтгайруулан тараадаг орон бараг үгүй. Оюутны 70000 мянгаас болж бүх л залуус оюутан болж байна. Монголын шинэ үе бүгдээрээ цагаан захтай, дээд боловсролтой болцгоож байна. Эцэг, эхчүүд бүгдээрээ л хүүхдүүдээ цалинтай оюутан болгохыг зорих болсон. Энэ нь эргээд улс орны ирээдүйд ямар хор хохиролтойг шударгаар хэлэх улс төрч ховор байгаа. Яагаад гэвэл бүгд ард түмнийхээ дэмжлэгийг авахын тулд баахан амлалт өгч, бэлэн мөнгөний жагсаалт гаргадаг. Тэгвэл улс төрчдийн шийдэж чадахгүй байгаа энэ асуудлыг улс орны эдийн засгийн чадамж, зах зээлийн зохицуулалт шийдэж өгөхөөр нөхцөл аль хэдийнээ үүсчээ.

Учир нь энэ мөнгийг цаашид жил бүр улсын төсөвтөө тусгаад явах нь их хүндрэлтэй. Ялангуяа уул уурхайн орлого багасах тусам өгье ч гэсэн өгөх мөнгө нь байхгүй болно. Энэ жилийн төсөв тасалдах нь тодорхой байгаа учир эрх баригчид ийм санаачилгад анхаарлаа хандуулж байна. Намрын чуулганаар энэ асуудлыг ямар нэгэн байдлаар хөндөж ярих нь тодорхой гэж эх сурвалж тайлбарлав.

Гэхдээ ийм санаачилга гаргах гэж байгаа гишүүд оюутан бүрт 70000 төгрөг олгохыг анх санаачилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг сонсох байх. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байрь суурь цаашид оюутан бүрт 70000 төгрөг олгоод байх уу гэдэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэгдүгээрт улс орны эдийн засаг хүндэрч байгааг, хоёрдугаарт хоёрьдах бүрэн эрхээ эдэлж буй зэрэгээ харгалзан заавал олго гэж шахахгүй байх магадлал өндөртэй юм. Хэрэв тэгвэл эрх баригчдын санал нэгдэж оюутны 70000 түүх болж мэдэхээр болов. Харин зарим гишүүд энэ асуудалд ялгавартай хандаж зөвхөн “А” үнэлгээ авсан хүүхдүүдэд л өгдөг байхаар хуульчлах ёстой гэсэн саналуудаа илэрхийлжээ.

Ямар ч гэсэн энэ намрын чуулганаар дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай, Тусгай сангийн тухай, Сургалтын төрийн сангийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөөр боллоо.

эх сурвалж 24 tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих