Хүчтэй төр хэрэгтэй… Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, байна уу?
Ар Монгол асуудалтай байна. Хэсэг 2. Хүчтэй төр хэрэгтэй… Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, байна уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, энэ удаад би нилээд хатуухан асуудал бичлээ шүү. Энэ тухай толгойгоо ажиллуулаарай. Ерөнхийлөгч болдгоо боллоо. Таныг би их дэмжсэн. Одоо Та ажлаа хийх л чухал. Түрүүчийн 4 жилд хийгээгүй зүйлээ хийх л чухал. Таныг шүтэн биширч магтах гэж би дэмжээгүй. Таныг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа олигтойхон хийхийг шаардаж л дэмжсэн. Таны саруул ухааныг шаардаж байна.
Төргүй бол дуусаа. Төр ард түмэндээ үйлчилэхээр даалгавар авсан. Төр ард түмний эсрэг бүх гэмт этгээдүүдэд төмөр нүүр гаргах ёстой. Та төрийг тээгч шүү. Хүчтэй төр хэрэгтэй гэдгийг бүгдээрээ сүүлийн 20 жилд харлаа. Гадны туслалцаагаар болон хоёр хөршийн ачаар л явж ирлээ шүү дээ. Бид өөрсдөө бол дэндүү даварлаа шүү дээ. Улстөр гэж ёстой л хөгийн явж ирлээ. Ерөнхийлөгч Элбэгдоржоо, Та Америкийн улстөрийн онолч Фукуяамагийн Англи хэл дээр “The Origins of Political Order” орчуулбал “Улстөрийн журам бүтээсэн анхдагчууд” гэсэн 2011 онд хэвлэгдсэн номыг уншсан уу?
Энэ ном дэлхийн улс оронууд үүссэнээс хойш улстөрийн журам хэрхэн үүсэж хөгжсөн тухай бичжээ. Тэр л журмуудыг одоо Та ирэх 4 жилд тогтоох чухал боллоо. Фукуяама улстөрийн гурван журмыг хэлэхдээ нэгдүгээрт: эрх мэдэл төвлөрүүлж чадсан хүчтэй төр, хоёрдугаарт: хуулиар нийгмийн дүрмийг тогтоон барьж чадах, гуравдугаарт: эрх мэдэлтнүүд болон албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх. Монгол оронд гурвуулаа байхгүй.
Харин Хятад орон бүр эрт дээр үед хүчтэй төртэй болжээ. Энэтхэг орон бас л эртний хуулийг маш сайн нийгмийн дүрэм болгож иржээ. Эцэстээ Англи орон бас эртнээс эрх мэдэлтэн болон албан тушаалтнуудыг маш сайн хариуцлагад тооцож ирсэн түүхтэй гэжээ. Тиймээс Англи оронд өнөөдөр ч сайд байх гэдэг үнэхээр тамтай гэнэ.
Ар Монгол өнөөдөр олон зүйлийг эрэгцүүлж бодох тийм хариуцлагатай үе иржээ. Юуны түрүүнд өчигдөр, өнөөдөр бас маргааш үргэлжийн хөрш явах Орос, Хятад хоёртой цоо шинэ улстөрийн хамтын ажиллагаа эхлэх цаг болжээ. Түүх яриад одоо юу хийх вэ? Орчин үе ярих цаг болжээ. Эрин үеэсээ тасраад 20 гаруй жил зан заншил уламжлалт ёс ярилаа. Үр хүүхдүүд бөө болцгоож хичээлдээ явахаа ч болих нь ээ.
Одоо жинхэнэ улс орноо хөгжүүлж эхлэх түүхэн үе ирлээ. Үүний автор Та болох учиртай. Цаг үе Ар Монголоос насанд хүрэхийг шаардаж байна. Хоосон магтаж, худлаа хөөрөгдөж, мадлаж, мэхлэж, зальдаж, хуурч 20 гаруй жил болцгоолоо. Цэг тавих цаг болсон. Сүүлдээ галзуурч өөрсдийгөө эрхэм гэж нэрлэдэг болжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, Ар Монгол өвөг дээдэсдээ биш, элэнц хуланц даа биш, Буддын шашинд биш, ноёд феодлуудад биш, хар шар лам нарт биш харин “Хиагтын гэрээ” гэсэн Ар Монголыг үлдээсэн тэр алдарт гэрээнд баярлаж явах хэрэгтэй гэдгийг Танд уламжлах байна. Ар Монгол ердөө л Өвөр Монгол, Буриад Монгол цаашлаад олон Монголоос үлдсэн цөөнх гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Тийм ч учраас Фукуяама номондоо Ар Монголыг дурьдаагүй өнгөрсөн. Одоо Та “Хиагтын гэрээ” гэж юу байсан цаашлаад хэрхэн шинэ гэрээ хийх тухай төрийн хар хайрцагны бодлого явуулах нэн чухал боллоо.
Ерөхийлөгч Элбэгдорж оо, Танд зориулж ганц хоёр зүйлийг дор хатуухан бичлээ. Үнэн үгэнд хүн дургүй гэж явсан цаг өнгөрсөн. Үнэн үг биднийг аврах тийм цаг ирсэн шүү. Мэдээж Ар Монгол өнөөдөр өдий зэрэгтэй хүрсэнийгээ Орос, Хятад хоёрын тусламж гэдгийг ухаарч чадах мэдлэг боловсрол дутуу явж ирсэн. Хэзээ л Монгол хүн ном уншиж оюуны өндөр түвшинд толгойгоо ажиллуулж явлаа. Ганц соён гэгээрүүлэгч хүн байхгүй шүү дээ. Хүний урманд ганц төрийн онол бичсэн хүний ном алгаа. Байгаа хэдэн эрдэмтэн, мэргэд, агуу эсвэл суут нэртэй хуруу дарам хэд хүн Монгол хэлний, түүхийн эсвэл яруу найрагч нэртэй урд өмнө хоёр хөршөөсөө ганц хоёр ном сурсан хүмүүс л шүү дээ. Ар Монголын дошин дээрээс номтой хүн төрсөнгүй. Том физикч эсвэл том социологч төрсөнгүй.
Өнөөдөр хүртэл Ар Монгол оршин тогтож бид “байна шүү” гэж байгаагаа дуулгаж чадаж яваадаа их юм бодох хэрэггүй. Дэлхийгээр таран Монгол төргүй, Монгол үндсэн хуульгүй, Монгол бурхангүй, Монгол этикгүй яваа хөх толботой энэ олон сая хүмүүс юугаараа нийлж, юугаараа хамтарч, юугаараа бахархах вэ? Хүн төрөлхтөнд харуулчих ганц роман байна уу, ганц философийн ном байна уу?, ганц биологийн ном байна уу? Хүн төрөлхтөнд зориулж хийж бүтээсэнээрээ бахархах хэрэгтэй болов уу.
Орос, Хятад хоёр хүн болоогүй Монголчуудыг 20-р зууны эхнээс хүн болгох гэж их ч үйлээ үзсэндээ. Өнөөдөр 21-р зуунд бас л бөөн асуудалтай явцгааж байна шүү дээ. Хийж бүтээсэн зүйл алга. Наадмаар Хятадын торго дурдан байхгүй бол ямар үндэснийхээ дээлийг өмсөх билээ. Өнөөдөр Оросуудын байгуулж өгсөн эмнэлгүүд байгаагүй бол юун 3 сая Ар Монголчууд байх байтугай орших билээ. Ар Монгол яана даа. Ухаан суух цаг болсон шүү.
Саруул ухаан байгаагүй шүү дээ. Хэрвээ байсан гэвэл тэр ёстой ёгтлол. Ном унш гэхээр Монгол хүн өнөөдөр ч толгойтой үсээ арзайлгаж нурууны хөлсийг чийхруулдаг. Ном уншихгүй тэгээд хаачих гээв. Хоосон толгой сэгсрэхэд хөнгөхөн гэх гээ юу. Ном уншиж л ухаан саруул болно шүү дээ. Мэдээж чанартай ном унших. Гэтэл түүнийгээ уншихгүй хоосон түүх, хоосон хүний намтар эсвэл бурхан шашны гүн ухаан нэртэй тархины хомсдолд оруулсан номууд л хэвлэцгээдэг шүү дээ. Хэзээ үүнийг үтэр түргэн зогсоох вэ. Оюуны гэмтэлд орж дууслаа шүү дээ.
Тухайн үедээ Хиагтын гэрээ арай гэж зөвшөөрөгдөж Орос, Хятад хоёр зөвшөөрөх гэж арай гэж ёстой л наашаа харж инээж цаашаа харж уйлсан болов уу. Яагаад бидэнд итгэл алдардаг вэ гэхээр бид бүтээсэн зүйлийг нураачихдаг шүү дээ. Яг л хувьчлал нэрийн дор Орос, Хятад хоёрын байгуулж өгсөн аж үйлдвэрээ нураасан шигээ бас Оросын Лениний хөшөөг нураасан. Энэ бүгд Хиагтын гэрээг доромжилсонтой адил. Хятадуудын торго дурдангаар дээл хийж өмсчихөөд Хятадуудыг хараагаад яахав дээ. Наадмаар тэгээд хөдсөн дээл өмсөх гээ юу. Монгол гэр ч гэсэн эсгий гэр шүү дээ. Сүүлд Оросууд цагаан даавуу өгч эсгийгээ хучиж байж нэг цагаан өнгөтэй болсон шүү дээ.
Монгол хүн Монгол хүнээ л балладаг. Гадаад оронд Монгол хүн Монгол хүнээсээ л хол явах аминд тустай. Монгол хүн Монголынхоо элчин сайдын яаман дээр очвол тэгээд л ямар ч ажил бүтэхгүй. Яасан заяагүй хүмүүс вэ? Хаа газар Монголыг төлөөлдөг нэртэй элчин сайдын яамны үүдийг татаад ордоо. Одоо ингээд л дуусаа. Хүн танихгүй бол аймгийнхаа хүнтэй уулзахгүй бол дуусаа. Энэ бол үнэн нүүр. Орос, Хятад хоёр Улаанбаатар хотыг байгуулж өгсөн тэдний буруу юу. Сталин төмөр замыг бариулсан тэгээд түүний буруу юу. Хоёр хөршийнхөө тусыг мартаж хоорондоо л их юм болцгооно. Боксоор эсвэл жүдогоор сайн яваа бол Оросууд л спорт гэдэг зүйлтэй танилцуулаа биз дээ.
Ширээний теннис сайн тоглодог бас Хятадууд зааж өгөө биз дээ. Монголчууд өөрсдөө аймаг болж талцана, үндэстэн ястан гэж хуваагдана. Феодалын хүүхэд явсан, ламын ач гуч явсан гэж омгорхоно. Өвөө хэлмэгдсэн гэж хэнээс өшөө авах гээд байна вэ? Монгол хүн Монгол хүнээ л хэлмэгдүүлдэг шүү дээ. Монголчууд л хоорондоо гэртээ ч гадаа ч гадаад оронд ч зодолддог шүү дээ. Өнөөдөрч Орос, Хятад хоёр хэнийг ч хэлмэгдүүлээгүй Монгол Монголыгоо л хэлмэгдүүлдэг.
Яагаад? Яагаад гэвэл боловсрол өгч чадах хүнийг хүн болгож чадах университэт алга байна шүү дээ. МУИС анх ямар байлаа. Гэтэл түүнийгээ тараагаад техникийн салбар ч үгүй анагаахын салбар ч үгүй болгож хаясанаа мартаагүй биз дээ. Бас Монгол Монголыгоо л балласан. Бусдын байгуулж өгсөн юмыг олигтой авч явж чадаагүй. Хэрвээ олигтой ганц университэттэй тэндээ психологи, социологи, философи, антропологи, пэдагоги, улстөр, түүх, хэл, болон байгалийн мэдлэг гэх жинхэнэ хүчинтэй мэдлэг босгож түүнийгээ түгээж чадсан бол өнөөдөр насанд хүрчих л байсан. Гэтэл тэр бүгдийг хийж чадаагүй. Харин бүр худлаа, буруу, алдаатай, гэнэн, ухамсаргүй, ерөөсөө хэзээ ч бодож толгойгоо ажиллуулж яваагүй тийм хүмүүс лекц нэрээр залуусын тархийг оюуныг гэмтээсээр.
Гэмтэл учруулдаг номуудаас зах зухыг танилцууллаа шүү. Мэдлэгийн биш сэдвүүдээр бичсэн номууд гээд олон арван номуудыг би яг өмнөө тавиад харж сууна. Түүхийн ном гээд зүгээр л тухайн хүний зохиол байна шүү дээ. Бэлэгдэл зүй нэртэй эрүүл хүн бичсэн гэхэд хачин ном байна шүү дээ. Сэтгэл зүй нэртэй сэтгэл байтугай мэдрэл ойлгоогүй хүний ном байна шүү дээ. Хэл шинжлэл нэртэй ямар ч олон улсын хэлний боловсролгүй хүний ном байна шүү дээ. Философийн сурах бичиг гээд галзуу хүний өдрийн тэмдэглэл байна шүү дээ.
Одоо ингээд 9 сарын 1-нээс энэ номуудыг МУИС-д лекц нэрийн дор оюутан залуучуудын тархийг хордуулна. Яанаа. Сүүлийн 20 гаруй жил Ар Монгол 3 зүйлийг орхигдуулж ирлээ. Нэгдүгээрт: сурган хүмүүжил, хоёрдугаарт: төрийн онол, гуравдугаарт: Монголын бурхан. Социализмын сурган хүмүүжил устсан тул өнөөдөр сайн мууг ялгах тийм ухамсар устжээ. Төрийн онолгүй тул юуны тулд яах гэж Үндсэн хуультай гэдгээ ухаарах тийм төрийн албат байтугай иргэн алга. Тиймээс энэ л бүх төрийн гэмт хэргүүд хийгдэж ямар ч ял авахгүй шүүхийн гадуур явдаг хүмүүсийн арми үүсжээ. Яагаад Монголын бурхан хэрэгтэй вэ гэвэл боловсрол гэсэн үнэт зүйлийг үнэлэх тийм хойч үе устжээ. Боловсролыг шашинтай хольж хутгаж ирлээ. Шашин бол боловсролын нэг л салбар болохоос өөрөө боловсролыг олгодог газар биш.
Өнөөдөр 21-р зуунд ид шид, ер бусын, хувийн заяа, хувийн тавилан гэсэн эртний ойлголтууд устах ёстой атал харин ч мухраар сүсэглэж шүтэж түүндээ бүр итгэж найддаг болжээ. Ерөнхийлөгч Элбэгдорж оо, Монгол хэлэндээ ганцхан сайн байх дэндүү хангалтгүй. Эх хэлээс гадна боловсрол хэрэгтэй. Мэдлэг хэрэгтэй. Уран үг урсгаж шүлэг уншиж онгод орж мансуурах оройн цагаар л амарч суухад хийдэг ажил болохоос биш цаашдын ирээдүйн хөгжил дэвшилд тус байтугай харин ус болно. Монгол хэл дээр унших, бичих болон ярих тийм боловсрол дутагдана. Профессор нэртэй хүмүүс боловсролтойгоор уншиж, бичиж, ярьж хэлж чадахгүй байна шүү дээ.
“100 ухаарал” нэртэй миний бичсэн ном дотор танин мэдэхүй болон хүмүүнлэгийн номууд тайлбарласан. Тэр номнууд хүн төрөлхтнийг өөрчилсөн номнууд. Гэтэл тэр номонд жагсаасан номуудыг МУИС-ын танхимд ярилцаж ойлгож тайлбарлах тийм Англи хэлтэй дэлхийн нэртэй университэтэд цол хамгаалсан мэдлэг боловсролоор ханасан хүн олдохгүй ерөөсөө гараад ирэхгүй байна шүү дээ. Монгол хүн “Би” гэж хэлэх чадвар дутагдана. Маш их сул “Би” тэй гэхэд болохоор.
Хүчтэй төр яагаад хэрэгтэй вэ гэвэл Монгол хүний “Би” хүчтэй болох хэрэгтэй. Хүчтэй төргүй тул хүчтэй “Би” үүсэхгүй. Сулхан “Би”-нүүд өөртөө итгэлгүй өөрийн ухаангүй тул хулгай, дээрэм, хуурах, мэхлэх, залидах, сэргэлэнтэх, эрхүүд, дураараанууд Улаанбаатар хотоор дүүрлээ шүү дээ. Буцаад бүдүүлэг хоцрогдсон Да Хүрээ болжээ. Хүчтэй төр нэгтгэнэ. Зөвхөн эвтэй байгаад хүчтэй биш харин нэгдэлтэй байвал хүчтэй шүү. Фукуяамагийн бас нэг ном “State Building” орчуулбал “Төрийг бүтээн байгуулах” гарчигтай номонд өнөөдөр 21-р зуунд ямар төрийг байгуулах вэ гэдэг тухай бичжээ. Ар Монгол үнэхээр өнөөдөр орчин үеийн төр бүтээн босгох цаг иржээ.
Би Ар Монголоо эх орон гэж боддог. Өвөр Монголчууд бас эх орон гэж нутгаа нэрлэж байгаа. Буриад Монголчууд ч гэсэн өөрийн өссөн төрсөн нутгаа эх орон гэдэг л байлгүй. Мэдээж гурван Монгол удам угсаа нэгтэй ойр явцгаасан даа. Одоо ч сэтгэл холджээ. Тиймээс 21-р зуунд гурвуулаа хэрхэн хамтран сэтгэл ойртож хэн хэнийгээ дэмжиж Азийн хойд өндөрлөг дээр орчин үеийн амьдралаар амьдарч ирээдүйгээ төсөөлж төлөвлөх тэр ухамсарт цаг үе иржээ. Гурван Монгол эрин үеэ мэдэрч нэгэн зорилгоор явах цаг иржээ. Өнгөрсөн түүх одоо яриад юу хийх вэ. Өнгөрсөн л бол өнгөрсөн. Мэдээж Буриад Монгол Улан-Үд хотдоо хайртай үүнтэй адил Өвөр Монгол Хөх хотдоо хайртай. Би ч бас Улаанбаатар хотдоо хайртай.
Би 33-р сургуулиас авахуулаад 48-р мөн 24-р сургуулиудад бүр хөдөөний сумын сургуульд ч сурч явлаа. Би МУИС-ын Герман хэлний бэлтгэлд 1 жил суралцаж оюутан хүртэл явж намрын ажилд татагдаж эх орондоо туслаж явсан дурсгалт бахархалт үеүд бий. Орос оронд сурсан Та нар намрын ажилд явж үзээгүй дээ. Өнөөдөр ч би эх орондоо туслана. Би эх оронч хүн. Анх Герман явахдаа би төрийн далбааг үнсэж тангараг өргөсөн. Хэдийгээр тэр социалист төрийн далбааг устгасан ч миний чин зоригийг хэн ч устгаж чадахгүй. Бараг 20 жил Германд сурч ажиллаа. Гурван их сургуульд судалгааны ажил хийж хоёр ч компаниуд байгуулалцсан. Хаа ч хүчинтэй мэдлэг эзэмшсэн. Тиймээс би Танд сургамж болгож Ар Монголын асуудлуудыг бичиж сууна.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, улс орон даяар ном уншиж ярилцах хөдөлгөөн зарлах цаг болжээ. Ном уншихгүй бол толгой хоосон шүү. Ном уншихгүй бол үнэнгүй. Ном уншихгүй бол зөвгүй. Ном уншина гэдгээр онол хэрэгтэй л гэж хэлж буй. Хамгийн түрүүнд төрийн онол бүтээх тийм хариуцлагатай цаг ирлээ. Миний бичсэн номуудад төрийн онол ямар их хэрэгтэй тухай бичсэн. Уншина биз дээ. Төрийн онол хэрэгтэй болжээ гэж дахин анхаарулах байна. Бага байхад задгай мөнгөний нэг талд төрийн сүлд нөгөө талд мөнгөний тоог буулгасан байдаг.
Бид социализмын үед төрөө анхаарч тоог анхаараагүй. Ардчиллын үед мөнгөний тоог анхаарч төрөө хаяжээ. Өнөөдөр төр болон тоо хоёрыг хослуулах цаг иржээ. Үүнийг төрийн капитализм гэж нэрлэх ч боломж бий. Энэ тусдаа сэдэв. Ерөнхийлөгч Элбэгдорж оо, хүчтэй төрөө босгох хариуцлагатай цаг ирлээ. Ар Монголын ардчилал төрд халтай явж ирсэн шүү. Нэг үгээр хэлэхэд Ардчилсан нам \АН\ төрд халтай даа. Үүнийг залруулж хүчтэй төртэй болох цаг болжээ. Тэгэхээр Та хүчтэй төртэй болохын тулд онол болон практик ажлаа өөрийн намаасаа эхлэх зөв болов уу.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу? Ажлаа хийнэ шүү.
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ \доктор инжэнер, доктор философи\
URL: