Нарантуул зах ямар ч зөвшөөрөлгүй нь тогтоогдлоо
Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанаар наймдугаар сарын 23-ны өглөө галд шатсан “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захын талаар хэлэлцлээ. Тус худалдааны төвийн хүнсний зах тодорхойгүй шалтгаанаар бүрэн шатсанаас 300 орчим түрээслэгч хохироод байгаа юм. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ,
-Гал гарсан хүнсний захын үйл ажиллагааг 1999 оноос явуулж эхэлсэн ч улсын комисс хүлээж аваагүй, албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байсан. Өөрөөр хэлбэл, тус зах худалдаа эрхлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас ”Нарантуул” захын удирдлагуудад зөрчлөө арилгах талаар 10 удаа албан шаардлага, гурван удаа акт хүргүүлсэн гэж байна. Гэвч тус захынхан үүнийг хэрэгжүүлэхгүй явснаас өнөөдөр иргэд хохироод байна. “Нарантуул” захыг худалдааны төв гэж нэрлэж болохгүй. Зах л гэж нэрлэх хэрэгтэй. Яг үнэндээ нийслэлийн газрыг эзэмшиж авчихаад тэр газрыг түрээсэлж, их хэмжээний ашиг олж байгаа газар. Цаашид захуудыг нийслэлээс нүүлгэн гаргах бодлого барина. Мөн шинжээчийн дүгнэлт гармагц түрээслэгчдийг ямар нэгэн хохиролгүй болгохын тулд нийслэлийн зүгээс бүх бололцоогоо дайчлан ажиллана” гэлээ.
URL: