Дунд сургуультай хаяа нийлсэн секс шопууд
Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд, 45 дугаар дунд сургуулиас 50 метрийн зайд байрладаг “Fantasy shop” гэсэн хаягтай дэлгүүрээс цэнхэр дүрэмт хувцастай, 10 орчим настай болов уу гэмээр хоёр жаахан хүү инээлдсээр гарч ирэх нь нүдэнд тусав. Биенээ нудран шоолж, нэгнийгээ хөөн гүйлдэх тэд анхаарал татсан юм.
-Энэ дэлгүүрт юу зардаг болоод та хоёр инээлдэнэ вэ?
-Харин энэ л инээд хүргээд байгаа юм. Дэлгүүрт орчихоод нүүр нь улайгаад байсан. /инээв/
-Энэ шалдан хүүхний манекеныг ичихгүй хараад байгаа юм. Эгчээ та мэддэггүй юм уу, энэ чинь том хүмүүсийн дэлгүүр шүү дээ.
-Өө тиймүү, тэгвэл яагаад та хоёр орсон юм?
-Сонирхоод л. Манай ангийн хүүхдүүд орж үзсэн гээд яриад байсан юм. Бид хоёр орж харчихаад л буцаад гарсан. Гэхдээ энд янз бүрийн хиймэл эрхтэн зардаг юм байна лээ.
-Ийм дэлгүүрт орж болохгүй гэж аав ээж, багш чинь хэлдэггүй юм уу?
-Дэлгүүрийн үүдэнд “Хүүхэд орж болохгүй” гэж бичээгүй байна лээ.
-Энд ийм дэлгүүр байдаг гэж манай аав, ээж мэдэхгүй байх аа. Багш биднийг гэртээ шууд хариарай гэдэг.
-Тэгээд гэртээ шууд харихгүй яасан юм?
-Яг сургуулийн хажууд, бидний замд байдаг болохоор орж үзмээр санагдаад… гэсээр жаалууд гүйлдээд явчихав. Сургууль гэдэг хүүхдэд ээлтэй, хамгийн цэвэр орчин байх ёстой. Гэтэл үр хүүхдийн минь эрдэм номын өргөөний дэргэд секс шоп ажиллуулах зөвшөөрөл өгөх нь хэр зохимжтой юм бол. Ганц бие болон насанд хүрэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн худалдааг ийнхүү бага балчир хүүхдүүдийн сонирхлыг татахаар газар ажиллуулж байгаад анхаарал хандуулахгүй бол насанд хүрээгүйчүүдийн үйлчлүүлдэг газар болох вий дээ.
Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн томчуудад зориулсан бүтээгдэхүүн худалддаг “Fantasy shop” дэлгүүр таван салбартай. Түүнээс Монгол III сургуулийн зүүн талын хоёр дахь байранд, 45 дугаар дунд сургуулийн баруун талын байранд, 73 дугаар дунд сургуулийн замын эсрэг талд байрладаг. Хүүхдүүд хичээлдээ ирж, очихдоо томоос том, тодоос тод энэ дэлгүүрийн хаягийг харна. Харах бүрдээ орж үзэхийг хүсэх нь мэдээж.
Биднийг гуравдугаар сургуулийн хажуугийн “Fantasy shop” дэлгүүрт ороход хүүхдүүд урдуур хойгуур нь эргэлдсээр байв. Бага ангийнхан дэлгүүрийн хаалгыг татаж, бие, биеэ түлхэн, инээлдэн гүйнэ, шагайж харчихаад явна. Зарим нь жишим ч үгүй орж ирээд энэ тэрийг сонирхож байгаад гарах нь харагдав. Дэлгүүрийн худалдагч “Бага ангийн хүүхдүүд хаалгаар шагайгаад л гүйлдээд байна. Нэг их орж ирээд байдаггүй. Харин дунд юм уу, ахлах ангийн хүүхдүүд орж ирдэг ч манайх юм зардаггүй” гэж байв.
III сургуулийн есдүгээр ангийн охин “Сургуулийн хажууд болохоор ихэнх хүүхдүүд орж үзсэн байх. Манай найзууд, ангийнхан “Ийм ч юм байна, тийм ч хэлбэртэй байна” гээд л яриад байдаг болохоор сонирхсон юм. Манай ангийн хөвгүүд охидод бохь өгчихөөд дараа нь “Сэрэл чинь хөдөлж байна уу” гээд шоолоод байсан. Бас янз бүрийн өнгө, үнэртэй бэлгэвч авчирчихаад тоглоод байдаг юм” гэж байв.
Хэдийгээр секс шоп байх нь хүмүүсийн хэрэгцээ, их хотын соёл ч хаана байрлах, хэнд үйлчлэх гээд анхаарах зүйлс зайлшгүй байх ёстой. Дэлгүүр, цайны газар, ресторан, баар нээхэд Мэргэжлийн хяналтын газраас шаардлага тавьж, орчин нөхцлийг нь харж, ажиллах зөвшөөрөл, шийдвэр олгодог. Гэтэл яагаад заавал дунд сургуулиудын хажууханд секс шоп ажиллуулах зөвшөөрөл өгсөн нь сонирхол татна.
Хүүхдэд бага наснаас нь бэлгийн амьдралын талаар мэдээлэл олгох нь зөв ч, эрдэм номд шамдах насандаа элдэв гаж зүйлд автах вий гэсэн айдас эцэг эхчүүдэд байна. “Сургуулийн дэргэд “Секс шоп” дэлгүүр үйл ажиллагаа явуулна гэдэг байж боломгүй зүйл. Юм бүхнийг сонирхдог өсвөр насны хүүхдүүд болон учраа мэдэхгүй жаалууд ч дэлгүүрт орж байна шүү дээ. Буруу зуршил, гаж зүйлд сонирхолтой болох ч юм билүү. Үүнийг цэгцэлж, холбогдох байгууллагууд нь анхаарах ёстой” гэж СБД-ийн иргэн Х.Мөнх ярьсан юм.
Бусад улс оронд “Улаан дэнлүүний гудамж” гэж байдаг. Тэр гудамжинд том хүмүүсийн хэрэгцээт бүх зүйлийг худалдаалдаг. Харин манайд бүх зүйл эсрэгээрээ. Баар цэнгээний газар, зочид буудал, гудамж талбай гээд хаа сайгүй биеэ үнэлэгчид зогсч, хүүхдийн сургууль, цэцэрлэг, орон сууц, эмнэлэг гээд аль тайван байх ёстой газруудад шөнийн клуб, зочид буудал, секс шоп ажиллана. Замбараагүй байдлыг цэгцлэхгүй бол нэг л өдөр хүү, охин тань сэрэл өдөөгч бохь, өнгө үнэртэй бэлгэвч, янз бүрийн хэлбэртэй эрхтэн бариад ирж мэдэх нь байна шүү.
Х.Монголхатан
URL: