Ардын нам ба Бо Силай
АЛТАНХУЯГИЙН ҮГИЙН УЧИР
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сүүлийн үед нэг л зүйлийг маани мэгзэм мэт “уншиж” явах боллоо. “Валютын ханш өсч байгаа нь олон шалтгаантай. Тэр бүх шалтгааныг би тоочихгүй. Мөнгөний бодлогыг зохицуулж байгаа Монголбанкны өмнөөс би тайлбар хийх нь тийм ч зохистой биш. Гэхдээ валютын ханшийн өсөлтийн талаарх нэгдсэн дүгнэлтээ ойрын өдрүүдэд гаргана. Валютын ханшийн өсөлт хяналтаас гарчихсан юм байхгүй. Гэхдээ валютын ханшийн өсөлтөд өөр нэгэн том хүчин зүйл нөлөөлж байгааг анхаарах ёстой. Энэ нь ерөөсөө л монголчууд бид асар их өр тавиад идчихсэн гэдгээ өдөр болгон санаж явах хэрэгтэй.
Өнөөдөр нүүрс, зэс, жонш, нүүрс гадагшаа урсаад л байгаа хэрнээ мөнгө орж ирэхгүй байгаа. Яагаад гэвэл тэр мөнгийг нь бид түрүүлээд зээлж аваад ард түмэндээ тараагаад өгчихсөн. Нөгөөдүүл маань идчихсэн. Ийм л юм. Жишээ нь, Тавантолгойн 350 сая ам.долларыг энэ жилийн эцэс гэхэд төлж дуусна.
Ердөө л энэ. Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой гурав маань өнөөдөр өрөө л дарж байгаа шүү дээ. Бүгдээрээ энийг л маш сайн ойлгох хэрэгтэй” гэж.
Эхэндээ энэ нь Женко Х.Баттулга, Ажнай Д.Бат-Эрдэнэ нарт Ерөнхий сайдын сэнтийгээ алдчих гээд амь тэмцэж байсан Норовын Алтанхуягийн жижигхээн аргархуу харагдаж байлаа. Харин сүүл рүүгээ мань эр зүгээр нэг үг хэлж, арга зохиогоод суугаад байгаа биш болох нь ойлгогдож эхэллээ.
АРДЫН НАМ
Үнэхээр л хямрал хэмээх нэр томъёо бүхий үнийн хөөрөгдөл, галзуурлын “автор” нь Ардын намынхан болж таарав. Тэд засаг барьж суухдаа Монголын аль олигтой газруудыг барьцаалж, авсан мөнгөө халамж нэрээр тараачихаж. Үнэндээ бол Ардын намын Удирдах зөвлөл, Бага хурал хавиас дээш дэвшиж төрийн албанд тохоогдсон хэдэн хүний л шийдсэн ажил. Харин хямрал хэмээх үйл лайг нь Ардын намын жирийн гишүүд нь мань мэтийн нам бусчууд хийгээд ард түмэнтэй хамт эдэлж суугаа.
Монголын улс төрд олон жил “босоо” явсан Ардын нам 2012 оны УИХ-ын сонгууль, тэр намрынх нь Орон нутгийн сонгууль, өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдаж, ёстой л тартагтаа тулаад байна. Баян айлын бандгар хүүг эзгүй хээр талд, хоол ундгүй хаячихвал ямар царай гаргах вэ, Ардын нам яг л тийм байна. Чуулганы танхим дахь байрлалыг нь сольсны дараа аймаг, дүүрэг, сум баг, бүр хороо хэсэг дээр хүртэл толгой дараалан хядуулж өнөөгийн төрийн ямар ч нэгжид Ардын намын угшилтангууд бараг үлдсэнгүй. Энэ яахав, улс төрийн ялагчийн хийдэг. Өөрөөр хэлбэл, бичигдээгүй хууль гэсэн үг.
Төрөөс цэвэрлэгдээд “хашаа”-ны гадна удаан суухыг тэдний зарим хүсээгүй бололтой. Ардчилсан намынхан хуруугаараа ганц дохиход л гүйгээд ирэхэд бэлэн болчихсон хэд хэдэн зантгар улстөрч хүлээгээд сууж байгаа ажээ. Харин жилдээ л өсч урууддаг мах, валютын үнэ ханшийн өөрчлөлтийг улсын өнөөдрийн эдийн засаг маш эмзэг хүлээж авлаа. Хямралын эсрэг зогсох учиртай валютын зузаатгал, ханшны тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хэт нимгэрээд байсан нь үүнд нөлөөлөв. Гэхдээ энэ бүхний цорын ганц буруутан нь Ардын нам гэдгийг Гүйцэтгэх засгийн тэргүүн ам нээх болгондоо мэдэгдэж байна.
Гэвч хямралын гэмтэн Ардын намынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр бүү хэл, Алтанхуягийн хэлдгээс шал өөр мэдэгдэл хийж байх юм. Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд эдийн засгийн бодлогын байнгын хороо гэж байдаг аж. Тэр нь хуралдсан юм байх. Хурлаасаа УИХ, Засгийн газарт хандаж шаардлага гаргажээ. Тэд “Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурч Оюутолгойн анхан шатны хөрөнгө оруулалт дууссантай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ доошилсон зэрэг бодит шалтгаан байгаа боловч, эрх баригчдын улс төрийн алдаатай хэлбэрдсэн бодлого, эдийн засгийн нэгдсэн бодлого, зохицуулалтгүй хэт улстөржсөн буруутай үйл ажиллагаанаас голчлон шалтгаалж өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэж үзэв. Он дуусахад ганцхан улирал үлдсэн байхад нүүрсний экспорт дөнгөж наймхан сая тонн байгаа нь төлөвлөсөн 35 сая тн биелэгдэхгүй болох нь тодорхой. Нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг 2 дахин буурч, гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум долларт хүрч, улмаар төлбөрийн тэнцлийн хөрөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан байна. Улсын төсвийн алдагдал 720 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь хуулиар тогтоосон зохистой хязгаараас хэд дахин нэмэгдэж, ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй боллоо. Нийт гадаад өр, зээлийн дүн 15,3 тэрбум долларт хүрч ДНБ-ээс давсан нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал болоод байна. Чингис бондын 1,5 тэрбум долларын зарцуулалтын үр дүн, хяналт хангалтгүй байна. Төгрөгийн ханш огцом буюу 14 хувиар суларч, цахилгаан, дулаан, ус зэрэг суурь бүтээгдэхүүний үнийг бодлого, тооцоогүй өсгөсөн нь инфляци буюу үнэ хөөрөгдөх ноцтой нөхцөл байдал үүсгээд байна. Иймд эдийн засгийн өнөөгийн эдгээр нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч улс орны эдийн засгийг хямруулахгүй, ард түмний амьдралд үзүүлэх сөрөг үр дагаврыг саармагжуулах чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг яаралтай авахыг эрх баригчдаас шаардаж байна” гэжээ. Тэд юун буруугаа хүлээх. Эрх баригчдад баримтлах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх гурван зүйл, дагаж хэрэгжүүлэх 10 арга хэмжээ ав хэмээсэн зөвлөгөөг бас шаардлагадаа хавсаргажээ. Тухайлбал, төсвийн тодотголыг яаралтай хийж нийгмийн асуудал, ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр зохицуулах, бондын хөрөнгийн зарцуулалтыг дахин төлөвлөж, үр өгөөж, хяналтыг нь сайжруулах, хөрөнгө оруулалтын хуулийг ойрын үед зөвхөн гадны биш дотоодын хөрөнгө оруулагч-бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр нэгдсэн нэг хууль байхаар өөрчлөх, ”Суурь үнэ” гэсэн татварын далд хэлбэр өргөжиж буйг өөрчилж түүнийг улсын төсөвт шууд оруулах, мөн 20 сая төгрөгөөс дээшхи банкны гүйлгээг хянах, 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг даатгах зэрэг гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг боомилсон, амьдралаас хэт тасархай шийдвэрүүдийг цуцлах, эргэж харах чиглэлээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, Оюутолгойн гэрээг харилцан ашигтай байх үндсэн дээр нэн даруй тохирч өөрчлөх, улс орон эрчим хүчний хямралд орж болзошгүйг анхаарч, ДЦС-5, Тавантолгой дахь ДЦС зэрэг эрчим хүчний чиглэлийн стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг түргэвчлэх, Монголбанкинд УИХ-аас шалгалт оруулж, валютын нөөц, бондын зарцуулалтыг хянах, мөн Монгол банкны дотоод хэрэгт Засгийн газар хэт оролцож буйг зогсоох, алдаатай, улстөржсөн, туйлширсан бодлого явуулж, эдийн засгийн өнөөгийн хямралт нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газартай хариуцлага тооцох, инфляцийг амласан найман хувийн хэмжээнээсээ хэтрүүлэхгүй цогц арга хэмжээ авахын зэрэгцээ, үнэ ханшийн өсөлттэй уялдуулан ард иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн амьжиргааны бодит төвшинг дээшлүүлэхэд анхаарах зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна.
Яг үнэндээ хэрэв Ардын нам энэ хямралд буруугүй бол сөрөг хүчин шиг пээдгэр сууж байх байлаа. Хаачив гэтэл алга болж, удаж удаж гарч ирэхдээ нэг иймэрхүү шаардлага барьчихаад буцаж суух нь олон арван жил Монголын төрийг удирдсан намын зангараг яавч биш.
Ард түмэн, сонгогчид Ардын намтай хариуцлага тооцсон. Эрх баригч Ардчилсан намынхан чадах болов уу? Эдийн засгийн хямрал хэдийнэ ард түмэнд мэдрэгдээд, хямраагаад эхэлчихсэн. Харин Ардын намынхан үүгээр далимдуулан улс төр хийхээр өндийж эхэллээ.
БО СИЛАЙ
Хятадын удирдагч Ши Жинпинийн гол өрсөлдөгч байсан Бо Силай өнгөрсөн оны эхнээс эхлэн авлигын хэрэгт, эхнэр нь гадаадын бизнесмэнийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Хятадын ирээдүй хэмээн тодорхойлогдож байсан Бо Силай нэг л өдөр унаж өндийж чадахгүй байсаар өдгөө шүүхийн өмнө зогсож байна.
Түүнийг өнгөрсөн 2012 есдүгээр сард Коммунист намаас сахилга бат зөрчсөн гэж хөөн, улмаар БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын төлөөлөгчийн бүх Хятадын хурлын депутатын бүрэн эрхийг цуцалсан юм.
Богийн эргэн тойрны дуулиан нь түүний ойрын туслах бөгөөд Чунцин хотын цагдаагийн дарга асан Ван Лицюнь Америкийн дипломат төлөөлөгчдийн газраас улс төрийн орогнол гуйх гэсний дараа шил дараалан мандсан. Түүнийг мөрдөн байцаах явцад Богийн гэр бүлийн дотны найд Британийн бизнесмен Нил Хейвудыг хөнөөсөн хэрэг бас илрэв. Гадаадын бизнесменийг Бо Силайн эхнэр Гу Кайлай хордуулснаа хүлээсэн бөгөөд тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард цаазаар авах ял сонссон юм.
Түүний эхнэр Гу Кайлай, мөн 15 жилийн ял авсан Ван Лицюн нарын шүүх хурлуудын үеэр Богийн нэр гараагүй бөгөөд түүнийг ХКН-ын Төв хорооны комисс шалгаж байв.
Комиссийн мэдээгээр Бо Силай албан тушаалаа урвуулан ашиглаж өөрөө мөн гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан авлига авсан гэсэн юм. Одоо түүний хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Бээжинд арваннэгдүгээр сарын 8-нд нээгдэх Коммунист намын их хурлаас өмнө Богийн хэрэг шийдэгдэж магадгүй. Бо Силайг энэ сарын 22 буюу өнгөрсөн пүрэв гаригаас Хятады Шаньдун мужийн Цинань хотод шүүж эхэллээ. Шүүх хурлын үеэр, бямба гаригт Бо Силай өөрт нь тулгаж буй улсын хөрөнгөөс таван сая орчим юанийг хувьдаа завшсан гэх ялыг үгүйсгэсэн талаар “Вэйбо” гэх хятад сүлжээнд өгүүлжээ.
Шүүх хуралдааны гурав дахь өдөр нь “нууц төслийн” таван сая юанийг завшсан гэх хэргийн гэрч нарыг дуудсанаар эхэлжээ. Гэрчийн мэдүүлгээр Бо Силай тэр мөнгөний талаар яриулах зөвшөөрлийг өгсөн ба мөнгө нь түүний эхнэр Гу Кайлайн дансанд орсон байна.
Бо Силай үнэндээ тэр гэрчтэй уулзаж байсан гээд тэр мөнгийг хувьдаа ч эхнэрээрээ дамжуулан завших бодол байгаагүй. Гэрчийг эхнэртэйгээ уулзуулан тэр мөнгөний талаар ярилцаагүй гэв. Харин улсын хөрөнгийн хувьд түүнийг хэрхэн ашигласанд хяналт тавилгүй хариуцлага алдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ өдрийн хуралдааны сүүлчээр түүний албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг авч үзжээ. Чунцин хотын Цагдаагийн дарга байсан Ван Лицюнийг гэрчээр дуудсан байв. Өөрийн захиргаанд байсан Ван Лицюнийг Чунцин дэх Америкийн консулын газар нуудах гэсэнд нь “хариуцлага алдан” гэж Бо Силай хэлээд эхнэрийнхээ хэргийн мөрдөн байцаалтад саад учруулах гэж албан тушаалаа ашиглаагүй гэж тэр хэлжээ.
Ийн өдөр шөнө, өнөөдөр маргааш, өмнөд хойд гэдэг шиг хоёр өөр улс оронд байх улс төрийн хүчин хийгээд улстөрчид нэгэн цаг дор доройтон унаж, унаад ч буруугаа үл хүлээх ажээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: