Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнийг илрүүллээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ноолуурын ченж хоёр залуу ор сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Цагдаагийнхан өнгөрсөн даваа гаригт гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Бакытаас тодрууллаа.

-Хохирогчид төрсөн ах дүүс гэсэн үү. Гэмт хэрэгтэн яагаад тэдний амийг хөнөөсөн юм бол?

-Хохирогч 44 настай залуу эгчийнхээ 26 настай хүүг хониноос ирэхэд нь “Ноолуур аваад ирье” гээд дагуулж явсан юм билээ. Гэмт хэрэгтнүүд тэдэнд “Ноолуур өгье” гэж дуудан, хүссэн газартаа ирүүлж хөнөөгөөд шатаажээ. Гэмт хэрэгтэн ямар үндэстэн, хэн болохыг одоогоор мэдээлэх боломжгүй.

-Хөдөлшгүй нотлох баримт байгаа юу. Зарим хэвлэлд өш хонзон авах гэсэн нэг хүн хөнөөсөн гэсэн мэдээлэл байна лээ?

-Гэмт хэргийг хөдөлшгүй нотлох баримт олдсон үед л илэрлээ гэж үздэг. Хангалттай нотлох баримт бий. Энэ хэргийг өмнө нь ял эдэлж байгаагүй хүмүүс бүлэглэн үйлдсэн.

-Хүн танихааргүй цогцос олдсон гэсэн. Хохирогчид мөн үү?

-Баяннуур сумаас зүүн урагш 14 км газраас хоёр цогцос олсон. Ченжүүд бараг бүрэн шатсан байсан. ДНХ-ийн шинжилгээгээр алга болсон ченжүүд мөн болохыг тогтоож, өнөөдөр ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байна.

Х.СҮРЭН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих