Багшийн ордны барилгын балаг тасрахгүй нь
-Ашиглалтад ороод жилийн нүүр үзэж байгаа энэ “ордон” ирэх өвлийг давахгүй бололтой-
Багшийн дээд хавьцаа нүд баясгахаар ганц гайгүй барилга байдаг нь Багшийн хөгжлийн ордон.
Өмнөх Боловсрол, шинжлэх ухааны сайдын үед баригдсан энэ барилгаар мөнгө угаасан, гүйцэтгэгч компани нь ор сураггүй алга болсон гэсэн шуугиан дэгдээд байгаа.
Тэгвэл зургаан тэрбум төгрөгийн хөрөнгөөр боссон гэх энэ гоёмсог шилэн барилга ганц мөнгө угаасан ч биш бас нэлээд асуудал дагуулаад байгаа сурагтай.
БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр бол энэ барилгыг улсын комисс хүлээж авсан гэдэг ч маш чанаргүй баригдсан, хэл ам дагуулсан барилга гэнэ.
Тухайлбал, өнгөрсөн хавар гурван ч удаа гарааш, зоорийн давхарт нь гаднаас ус орж уг барилгын доод давхрууд усанд автсан байна. Шинжилгээ хийж үзэхэд тэр ус нь дулааны болон хөрсний усны холимог байсан гэнэ. Тэгэхээр Сэлбийн эрэг дээр баригдсан энэ барилга наад захын стандартын шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой болж байгаа юм.
Мөн барилга зургийн дагуу баригдаагүй аж. Анх гарсан зурагт барилгын явцын үед өөрчлөлт орсон байна. Тус барилга нь өвлийн улиралд маш хүйтэн харин зун бүгчим халуун байдаг нь зориулалтын бус шилээр барьсан болон агааржуулалтын систем байхгүйтэй нь холбоотой аж. Тиймээс өвлийн цагт дулаан нь алдагдаж, зундаа агааргүй бүгчим халуун болдог байна.
Багшийн хөгжлийн ордон нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэдэлд байдаг аж. Тэд “Барилгыг хүлээж авснаас хойш цахилгааны элдэв асуудал байнга үүсч байгаа” гэв. Тодруулбал, цахилгааны богино холбоо байнга үүсч элдэв осол, түймэр гарах аюул ойр ойрхон нүүрлэдэг гэнэ. Тэд энэ мэт дутагдалтай талуудыг засч залруулах хүсэлтийг гүйцэтгэгч компани болох БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сангво генсел” ХХК-д удаа дараа албан ёсоор тавьжээ.
Барилгын тухай хуулийн дагуу дээрх компани хариуцлага хүлээж ашиглалтад орсноос хойш гурван жил засварын ажлыг хариуцах ёстой. Гэтэл тэд нэг ч удаа засвар хийгээгүйгээр барахгүй компанийн захирал нь ор сураггүй алга болсон байна.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга З.Баасанжав “Энэ мэт хүндрэлтэй асуудлын талаар манай байгууллага БШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албатай хамтарсан ажлын хэсэг байгуулан гүйцэтгэгч компанид олон удаа шаардлага тавьж, нэг бус удаа зөрчлийг нь арилгах талаар хамтарсан уулзалт хийсэн боловч дорвитой ажил огт хийсэнгүй. Одоо өвөл хаяанд ирлээ. Энэ байшинд БШУЯ-ны харьяа төрийн найман байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Өдөрт 800-1000 хүн сургалтад суух болон бусад ажлаар орж гарч үйлчилгээ авдаг. Эдгээр хүмүүсийн аюулгүй, тав тухтай байдлыг хангах ямар ч бололцоо бидэнд алга. Хоёр болон гуравдугаар давхрын хурлын заалууд гэхэд өвөлдөө маш хүйтэн, хасах градустай байдаг. Энэ барилгад дахин чанарын үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэв.
Ашиглалтад ороод дөнгөж жил гаран болж байгаа хэрнээ ирэх өвлийг яаж давах вэ хэмээн айж байгаа энэ барилга хэдэн жилийн настай бол. Эсвэл улсын хөрөнгөөр гараа хэрхэн угааж болдгийн нэг жишээ болоод үлдэх үү.
Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох газрууд нь энэ асуудлыг анхааралдаа авч шийдэхгүй бол татвар төлөгчдийн зургаан тэрбум төгрөгөөр боссон энэ байшин юу юугүй нурж унах дөхжээ.
Ж.Энх
URL: