“Галзуу” хамгаалагч

hamgaalagchgalzuu_1Манай ерөнхий сайд бусдыг тэнэгт, өөрийгөө цэцэнд боддог нэгэн. Тиймдээ ч та нарын буруу, миний зөв гэж л ярина шүү дээ. Ажил хийж шалихгүй мөртлөө, бүхий л зүйлийг “ок” гэж ярих хоббитой. Тэгээд бас болоогүй ээ ард түмнээ гутранги үзэлтэй өөдлөхгүй хэмээн “зандрана”. Амнаасаа шинэчлэлийн засгийн газрыг шүүмжилсэн үг унагасан хүн болгоныг ажлаа супер хийж байгаа ерөнхий сайдыг хорлох гэсэн “Хоролмаа” болгоно.

 

Монголын эдийн засаг их аятайхан байгаа гэсэн харин “Хоролмаа” нар худлаа ярьж, түүний ажлыг хараар будаад байгаа юм гэнэ лээ. Долларын ханш өсөж, Монголд гаднаас орж ирж байгаа долларын урсгал зогсож, хүнд байдалд ороод байгаа. Долларын ханш өсч буй учир бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. Энэ бүхнийг хүн бүр л мэдэрч, ярьж хэлж, засгийн газрыг эдийн засгаа аврах юу хийх бол хэмээн харж суусан. Гэтэл засгийн газар юу ч хийхгүй гэдгийг Ерөнхий сайд 30 минутаараа хэлчих шиг боллоо. Эдийн засгийн хүндрэлийн талаар ярьж, хэлж байгаа бүхэн нь тооцоо судалгаагүй, худал үг байсан гэнэ. Тиймээс юу ч мэдэхгүй “худалч” нөхдүүдэд зориулж, статисткийн хорооноос гаргасан мэдээллийг уншиж танилцуулна билээ.. Ерөнхий сайдынхаар бол үнийн өсөлтийг хязгаарлах засгийн газрын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Юмны үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин бага байгаа гэнэ. Үүнийг ард түмэн мэдрэхгүй, өссөн гэж худал яриад байгаа юм гэсэн шүү.

 

Түүнчлэн энэ жил ажлын байр тоймгүй их нэмэгдсэн гэдгийг тэрээр онцолж ирээд л хэлж байсан.  Сая “Оюутолгой”-гоос халагдсан хүмүүс бол асуудал биш юм гэнэ билээ. Тэдгээр хүмүүсийг ерөнхий сайд ажилд оруулна гэж хэлсэн. Тэрээр хэлэхдээ “Үнэхээр энэ 1700 хүн ажилгүй болж байгаа бол Шинэчлэлийн засгийн газар энэ хүмүүсийн дараагийн ажлын байрыг шийднэ. Үүнийг хийж чадахгүй бол засгийн газар гэж байгаад юу гэхэв дээ.” хэмээн нэлээн том ам гарлаа. Одоо тэгэхээр “Оюутолгой”-гоос халагдаж, ажилгүй болж, лааз  өшиглөж байгаа хүмүүсийг ажилтай болохыг харах үлдэж байх шиг байна. Тэд ч ажилгүй боллоо хэмээн гутраад юу хийхэв. Манай ерөнхий сайд бүгдийг чинь ажилд оруулна гэсэн.

 

Ерөнхий сайдын бас нэг олныг алмайруулсан мэдээлэл Г.Буяндоржийн тухай байлаа. Тэрээр ерөнхий сайд “Шударга хөдөлмөрлөж, бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүсээ үзэн ядах, хардах хавчих үзэгдэл хавтгайрсан. Өглөө сонингийн тойм харахад л хэн нэгэн бизнесмэнийг баривчилсан тухай мэдээлсэн байх болж. Үүнийг би “Ардчиллынхан гарч ирээд бизнесмэнүүдийг барих юм гэнэ” гэсэн яриа гаргаад түүнийгээ нотлохын тулд зохион байгууллалттай хийж байгаа үйлдэл гэж бодож байна. Буяндоржийг хэн баривчилсан юм бэ. Баривчлаагүй байхад л баривчилсан  гэж бичээд байх юм. Шоронд ороогүй хүнийг орсон гэж бичдэг нь ямар учиртай юм. Үүний цаана нэг кампанит ажил яваад байна л даа. Нэг хэсэг валютын үнэ өслөө, одоо биензиний үнэ нэмэгдэнэ гэж байгаад бүтэхгүй болохоор нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжихээ болино л гэнэ.

 

Энэ зээл хэрэгжихээ болихгүй ээ. Бид үлдэж байгаа гурван жилдээ Монгол Улсыг “галзуу” хөгжүүлнэ. Тийм боломж харагдаж байгаа байхгүй юу. Ер нь бол гадуур тарааж байгаа цуурхалуудыг Шинэчлэлийн засгийн газрын нэг жилийн ойд барьж байгаа “бэлэг” гэж ойлгож байгаа” хэмээлээ.

 

Г.Буяндоржийг баривчлаагүйг ерөнхий сайд маань яаж мэдсэн юм бол. Уг нь бол түүнийг баривчилсан нь үнэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт түүнийг батлан даалтад гаргасан. Норовын хүү бусдыг өөр шигээ худалч гэж бодоогүй байлтай. ШШГЕГ-аас Г.Буяндоржийн гэрийг битүүмжилж, мэдэгдэх хуудас илгээж, эрэн сурвалжилж байсан нь үнэн бөгөөд оргож зугтаж байсан түүнийг энэ сарын 16-ны өдөр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан саатуулаад байсан юм шүү ерөнхий сайд аа. Харин түүний эхнэр Т.Ариунаа өөрийн нэр төрийг хамгаалахын тулд хэвлэлийнхнийг мөнгөөр мэдээ бичиж байгаа хэмээн гүтгэсэн ярилцлагыг сонинд өгсөн байсныг тодхон санаж байна. Хүмүүсийг нийгмээсээ тасарсан гээд л хялав зэхэв хийгээд байдаг ерөнхий сайд маань өөрөө харин нийгмээсээ тасарчихаж. Тиймдээ ч баривчлагдсан хүнийг баривчлагдаагүй хэмээн бухимдаж, өөрийнхөө бодолд дэндүү итгэсэндээ “компанит” ажил яваагдаад байна хэмээн бусдыг хардаж суухав. Ер нь тэгээд хартай хүмүүс аливаа зүйлийг ургуулан бодож, тэр төсөөлөлдөө их итгэснээс болж бусдыг хардаж, сэрдэж, зовоох нь бий.

 

Энэ мэтээр шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг бусдыг буруутгаж, өөрийнхөө бодлыг зөвтгөж явсаар нэг жилийг үдэж байна. Тэрээр засгийн газрынхаа үйл ажиллагааг ил тод байгаа нэрээр 30 минут өөрийгөө болон бусад сайд нар, засгийн газрынхаа шийдвэр, ажлыг “хамгаалж” сууна. Одоо харин үлдсэн гурван жилд  ажлаа “галзуу” өмөөрч, хамгаалах уу.. Галзуу ажиллах уу гэдгийг харах үлдэж байх шив дээ.

 

Н.Чинзориг

НЬЮ МН


URL:

Сэтгэгдэл бичих