УИХ, Засгийн газарт хүргүүлэх шаардлага

7320fda98755d8c1original2013.08.20. Улаанбаатар хот
Тусгаар тогтнолын ордон

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын Байнгын хорооноос зохион байгуулсан “Эдийн засгийн өнөөгийн байдал, авах арга хэмжээ” сэдэвт дугуй ширээний ярилцлагад оролцсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд бид өнөөгийн нөхцөл байдалд дараах үнэлэлт, дүгнэлт өгч байна.

Үүнд: Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурч Оюутолгойн анхан шатны хөрөнгө оруулалт дууссантай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ доошилсон зэрэг бодит шалтгаан байгаа боловч, эрх баригчдын улс төрийн алдаатай хэлбэрдсэн бодлого, эдийн засгийн нэгдсэн бодлого, зохицуулалтгүй хэт улстөржсөн буруутай үйл ажиллагаанаас голчлон шалтгаалж өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэж үзэв.
Он дуусахад ганцхан улирал үлдсэн байхад нүүрсний экспорт дөнгөж наймхан сая тонн байгаа нь төлөвлөсөн 35 сая тн биелэгдэхгүй болох нь тодорхой. Нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг хоёр дахин буурч, гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум ам.долларт хүрч, улмаар төлбөрийн тэнцлийн хөрөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан байна. Улсын төсвийн алдагдал 720 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь хуулиар тогтоосон зохистой хязгаараас хэд дахин нэмэгдэж, ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч болзошгүй боллоо.
Нийт гадаад өр, зээлийн дүн 15.3 тэрбум ам.долларт хүрч ДНБ-ээс давсан нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал болоод байна. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зарцуулалтын үр дүн, хяналт хангалтгүй байна. Төгрөгийн ханш огцом буюу 14 хувиар суларч, цахилгаан, дулаан, ус зэрэг суурь бүтээгдэхүүний үнийг бодлого, тооцоогүй өсгөсөн нь инфляци буюу үнэ хөөрөгдөх ноцтой нөхцөл байдал үүсгээд байна. Иймд эдийн засгийн өнөөгийн эдгээр нөхцөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч улс орны эдийн засгийг хямруулахгүй, ард түмний амьдралд үзүүлэх сөрөг үр дагаврыг саармагжуулах чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг яаралтай авахыг Бид эрх баригчдаас ШААРДАЖ байна.
Үүнд:
Нэг. Баримтлах бодлогын хүрээнд: 1.Улс орныг урт, дунд хугацааны цогц, зорилтот бодлого төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх, ялангуяа макро эдийн засгийн нэгдсэн бодлого, удирдлага зохицуулалтыг хэрэгжүүлэх. 2.Эдийн засгийн зохистой бүтцийг бий болгох, хувийн хэвшилд төрийн оролцоог бууруулж, элдэв дарамт шахалт үзүүлэхгүй байх. Өөрөөр хэлбэл төрийн дарамт, татварын ачаалал эрс нэмэгдэж байгааг анхаарах. 3.Эдийн засгийн гол түншлэгч-хоёр хөрштэйгээ харилцан ашигтай, тогтвортой урт хугацааны гэрээ хэлэлцээрт тулгуурласан Улс төр-эдийн засгийн яриа хэлцлийг нэн даруй идэвхжүүлэх.
Хоёр. Хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:
1.Төсвийн тодотголыг яаралтай хийж нийгмийн асуудал, ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр зохицуулах.
2.Бондын хөрөнгийн зарцуулалтыг дахин төлөвлөж, үр өгөөж, хяналтыг нь сайжруулах.
3.Хөрөнгө оруулалтын хуулийг ойрын үед зөвхөн гадны биш дотоодын хөрөнгө оруулагч-бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр нэгдсэн нэг хууль байхаар өөрчлөх.
4.”Суурь үнэ” гэсэн татварын далд хэлбэр өргөжиж буйг өөрчилж түүнийг улсын төсөвт шууд оруулах, мөн 20 сая төгрөгөөс дээшхи банкны гүйлгээг хянах, 20 сая төгрөг хүртэлхи хадгаламжийг даатгах зэрэг гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг боомилсон, амьдралаас хэт тасархай шийдвэрүүдийг цуцлах, эргэж харах чиглэлээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах.
5.Статистик мэдээ мэдээлэлд шинэчлэл хийж нийгэм /социал/ болон байгаль орчны нөхцөл байдлын талаархи шуурхай мэдээллийг оруулах.
6.Оюутолгойн гэрээг харилцан ашигтай байх үндсэн дээр нэн даруй тохирч өөрчлөх.
7.Улс орон эрчим хүчний хямралд орж болзошгүйг анхаарч, ДЦС-5, Тавантолгой дахь ДЦС зэрэг эрчим хүчний чиглэлийн стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг түргэвчлэх.
8.Монгол банкинд УИХ-аас шалгалт оруулж, валютын нөөц, бондын зарцуулалтыг хянах, мөн Монгол банкны дотоод хэрэгт Засгийн газар хэт оролцож буйг зогсоох.
9.Алдаатай, улстөржсөн, туйлширсан бодлого явуулж, эдийн засгийн өнөөгийн хямралт нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газартай хариуцлага тооцох.
10.Инфляцийг амласан /8%/ хэмжээнээсээ хэтрүүлэхгүй цогц арга хэмжээ авахын зэрэгцээ, үнэ ханшийн өсөлттэй уялдуулан ард иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн амьжиргааны бодит төвшинг дээшлүүлэхэд анхаарах.
ХУРАЛД ОРОЛЦОГСОД

 


URL:

Сэтгэгдэл бичих