Хойд Солонгосын иргэдийн хувь заяа
БНАСАУ-д ажилчны үндсэн зургаан том хорих лагерь байдаг. Энэ хорих лагерьт хууль зөрчин, улс төрийн хэргээр хоригдох шаардлагагүй. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд ямар нэг эрхтэн дархтан, дарга түшмэл байхгүй зөвхөн ядуу удам угсаатай, хэн нэг хэлмэгдэгчтэй хол ойрын хамаатан гэсэн ганцхан шалгуураар л ажилчны хорих лагерь хуваарилагдаж ирдэг. Нийт 14 хориход одоогийн байдлаар 3 сая иргэн байгаа гэсэн судалгаа бий. Ингэж бодохоор таван Солонгос хүн тутмын нэг нь уг лагерьт хоригдол явна гэсэн үг. Нийслэл Пхеньянаас 80 км-ийн зайтай Буксён ууланд байрладаг нууц шоронг “XIV хорих лагерь” хэмээн нэрлэдэг аж. Одоогоор 150 мянга гаруй хоригдол ямар нэг гайхамшгийг хүлээн энэ лагерьт байдаг аж. Төрөл бүрийн тэсрэх бөмбөг, цахилгаанжуулсан тороор хүрээлэгдсэн энэ “тамын шорон”-гоос зугтахыг оролдсон тохиолдол цөөнгүй…
Гэвч оргохыг завдсан хүмүүс нэг бол баригдаж, үгүй бол хилийг давж чадалгүй нас бардаг байна. Харин Шин Дон Хюк гэгч залуу долоон жилийн өмнө буюу 23 настайдаа энэхүү аз туршсан оролдлогыг хийжээ. Хорих лагериас оргон Хятадад очиж улмаар Өмнөд Солонгос руу хүргэгдэж амьдрах болсон энэ эр хоёр жилийн өмнө зохиолч Блэйн Харденд өөрийн амьдралаар ном бичихийг зөвшөөрсөн гэдэг. Тэрээр одоо Өмнөд Солонгост амьдардаг бөгөөд найз нөхөдтэй болж, шинэ амьдралыг бий болгожээ. Гэвч түүний өнгөрсөн амьдрал сэтгэлийн нь гүнд үлдсэн хэвээр. Тэрээр өнгөрсөн оны 12 сард хэвлэлд анх удаа ярилцлага өгч Хойд Солонгос дахь амьдралын талаар хэвлэл мэдээллийнхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байсан юм. Мөн саяхнаас Ким Чен Ун болон түүний эхнэр ард иргэдээ хэрхэн зовоодог талаар нэвтрүүлэг бэлтгэн гаргаж, Хойд Солонгос дахь хүний эрх зөрчигдөж буй асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингээд Шин Дон Хюктай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
- Танд өмнө нь хэн нэгэн яагаад хорих лагерьт байгаа талаар тайлбарлаж байсан уу?
- Хэзээ ч үгүй. Би тэнд төрсөн. Тэгээд энэ лагерьт төрсөн хүмүүс галт зэвсгийг хамгаалах үүрэгтэй гэсэн бодолтой байсан. Над шиг тэнд төрсөн хоригдлууд ч мөн адил ийм бодолтой явдаг. Хоёрдугаар дайны үед үеэл хоёр ах маань Өмнөд Солонгосын талд урвах гэж байгаад баригдаж манай гэр бүл бүгдээрээ энэ хориход ирсэн гэдэг. Өвөө, аав маань бүгд тэнд нас эцэслэсэн. 14 дүгээр хорих лагерь бол улс төрийн хоригдлууд, бие султай, хөгжлийн бэрхшээлтэй, зарим нь ямар ч гэм хийгээгүй хүмүүс байдаг. Тухайн үед Хойд Солонгосын эсрэг ямар нэг гэм хийвэл тэр хүн төдийгүй үр удам, хамаатан садан нь хоригдох хуультай. Энэ нь удирдагч Ким Ир Сений баталсан “гурван үеэр нь үгүй хийх” зарлиг юм. Хэрэв гэр бүлийн нэг гишүүн л хувьсгалыг эсэргүүцсэн бол тэдний гэр бүлийг гурван үеэр нь үгүй хийх ёстой. Гэхдээ шууд буудах бус бүх насаар нь зовоох төлөвлөгөөг бодож олсон нь хорих лагериуд юм. Тухайн үед хувьсгалын талаар буруу үйлдэл хийсэн хүмүүсийг тэдний гэр бүл, хамаатны бүх гишүүдтэй нь хамт хорих лагерь руу явуулдаг болсон.
- Та өмнө нь Америк гэж улс байдаг, дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг байв уу?
- Ердөө ч үгүй. Би дэлхий дугуй дөрвөлжин хэлбэртэй болов уу гэж ер бодож байгаагүй. Энэ талаар төсөөлж ч явсангүй. Манай лагерийн гадна яг л ижилхэн лагериуд байдаг гэж багадаа боддог байлаа. Тэнд байгаагаас өөр амьдрал байдаг талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Манай аав ээж хоёр шоронд гэр бүлболсон. Би тэнд төрсөн болохоор хорих лагерийн гадна юу байдаг талаар бодож, сонирхож байгаагүй юм байна. Хэрэв тэнд сайн ажиллавал харгалзагчид хүмүүсийг бэлгийн харьцаанд орох урамшууллаар шагнадаг юм. Аав ээж хоёр маань энэ урамшууллыг хүртсэн. Тэгээд би төрсөн хэрэг. Гэхдээ бэлгийн харьцаанд орж байхад заавал харгалзагчид харах ёстой байдаг. Мөн Хөдөлмөрийн намын гишүүн, дарга, цэргийн ахлагч офицерууд хорих лагерийн хүүхнүүдийг дуртай үедээ дур хүслээ хангах хууль бий.
- Гэр бүл болсон хүмүүс тусдаа амьдрах уу?
- Үгүй. Гэр бүл болсон хүмүүс нэг дор амьдарч болохгүй. Миний аав, ээж хоёр тус тусдаа амьдардаг байсан. Тэд ганцхан ажлын үеэр л бие биенийгээ хардаг байж. Эрэгтэй эмэгтэй хүмүүс урамшууллаар бэлгийн харьцаанд орохын тулд л уулздаг. Нэг ёсондоо үүрэг гүйцэтгэгч амьд роботууд л гэсэн үг. Бид тэдний юу өгснийг л өмсөж иддэг. Мөн зөвхөн тэдний юу хий гэснийг л хийх үүрэгтэй. Тэнд эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө ямар нэг юм хийх эрхгүй. Хүүхдүүд нь ч мөн адил. Зөвхөн тэдний хэлснийг л хийх ёстой. Бид дураараа үхэх ч эрхгүй байсан. Би хайр дурлалын талаар ямар ч төсөөлөлгүй айдас гэж боддог. Ангийн маань нэг охин надад их сайн байлаа. Үүнийг мэдсэн цэрэг багш нөгөө охиныг зодсоор байгаад алахыг би харж байлаа. Хорих ангийн дүрэм бол сурагчид үнэн сэтгэлээсээ шамдан суралцах, их удирдагч, эх орныхоо төлөө баатарлагаар үхэх. Би тэнд эмэгтэй хүнийг гоё сайхан гэсэн нүдээр хэзээ ч харж байгаагүй. Энэ бол хатуу дүрэм. Зөвхөн зугтах оргохын төлөө бодсон л бол шууд буудна. Гэр бүлийн нэг гишүүнийг тамлах болбол бусад нь тэрийг заавал харах ёстой. Биднийг айлгахын тулд л тэр шүү дээ.
- Та гэр бүлийн гишүүдээ буудуулж байхыг харсан уу?
- Хорих лагерьт газар доорх тамлан зовоох төв гэж байдаг байсан юм. Тийшээ орсон хүмүүс гарч ирнэ гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл цаазын ял гүйцэтгэдэг өрөө байсан юм. Намайг 13-тай байхад минь тэнд дуудсан. Би ингээд л үхлээ гэж бодсон. Тэгсэн харгалзагч “Чи амьд үлдмээр байвал хоёр хүний амийг хороох хэрэгтэй байна, чадах уу?” гэж асуусан. Би чадна гэж хариултал ээж, ах хоёр минь гараад ирсэн юм. Би ээжийгээ дүүжилж, ахыгаа буудаж хороосон. Харгалзагч, хуягууд өөрсдөө хүн хороодоггүй. Тэд гэр бүлийн гишүүдийг өөрсдөөр нь хороолгодог.Энэ даалгаврыг биелүүлэхгүй байх боломж байхгүй. Тэнд боломж гэж байдаггүй. Хэрэв энэ даалгаврыг биелүүлэхгүй бол гэр бүлийн бусад гишүүдийг чинь хороодог. Тийм болохоор тэдний даалгаврыг биелүүлж, үнэнчгэсэн итгэлийг олж авдаг. Гэхдээ гэр бүлийн чинь нэг гишүүн л ямар нэг зөрчил гаргавал дарамт улам л нэмэгдэнэ. Ээж, ахынхаа амийг хороосны дараа ч надад ирэх дарамт дуусаагүй байсан. Би лагерийн үйлдвэрт ажилладаг байсан юм. Нэг өдөр осолд орж нэг хуруугаа алдав. Цус их алдаж байсан ч ажлаа үргэлжлүүлээд хий гэж байсан. Нуруугаа хугалж, шагайгаа булгалж байсан ч би хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй. Миний шагай руу төмрөөр цохиж галаар түлж зовоодог байлаа. Гэр бүлийн гишүүн маань зөрчил гаргасан гэж тэр шүү дээ.
- Хоол ундны хувьд?
- Хоригдлууд өдөрт хоёр удаа байцаа, эрдэнэ шиштэй зутан шөл иддэг. Гэхдээ маш бага хэмжээгээр. Тэнд маш их өлсдөг. Зарим хоригдол өлсөхгүй амьд гарахын тулд харх, шавьжаар хооллодог байлаа. Зарим үхсэн, үхэж буй нэгнийхээ махыг түүхийгээр нь тасдаж идэж байхыг ч харсан. Бид байнга өлсдөг байсан. Харгалзагчид бидэнд үргэлж “Та нар нүглээ наминчлахын тулд өлсөх ёстой” гэж хэлээд зарим өдөр шөл ч өгдөггүй.
- Ингэхэд шоронгоос оргох санаа яаж гарав?
- Ээж, ахынхаа амийг хороосны дараа би шоронгийн дүрмээс гажиж эндээс гарах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Нэг л үхэхээс хойш оролдоод үзэх юмсан гэсэн бодол миний дотор эргэлдэх болов. Нэг өдөр 14 дүгээр лагерийн нэхмэлийн үйлдвэрт ажилладаг Пак гэдэг шинэ хоригдолтой танилцлаа. Тэр өмнө нь Пхеньянд амьдарч, Хятадаар аялж байсан тухайгаа надад ярьж өгдөг байв. Би түүнээс л хорих лагериас өөр ертөнц байдаг талаар мэдсэн юм. Тэр иргэдэд ухуулга хийж байгаад баригдсан даа. 2005 оны 1 сард Пак бид хоёр цахилгаанжуулсан хилийн ойролцоогоор хүмүүсийн удирдлага дор түлээ хураахаар явсан юм. Энэ бол оргох ганц боломж байв. Нар жаргангуут бид зугтахаар тохиролцов. Пак эхэлж цахилгаанжуулсан хилийг давах гэж байтал би цасанд дарагдчихсан. Харин Пак эхэлж цахилгаанжуулсан хилийн төмөр утсаар цээжин биеэ гаргачихсан байсан. Гэтэл гэнэт төмөр утаснаас цахилгаан ирж Пак хилийн төмөр утсанд ороогдоод нас барсан. Би нуруугаараа мөлхсөөр байгаад цахилгаан хилийг даваад гарчихлаа. Хил даваад ууланд хэд хоног нуугдсан. Харин цааш явахдаа өөрийгөө цасаар булж нуугдсаар явсан.
- Хил даваад та юугаар хооллож байсан бэ?
- Би хорих лагерьт. байхдаа гараад юу идэхээ л хамгийн их боддог байсан. Тэнд байхдаа их өлсдөг байсан болохоор хэрэв зугтахаар бол үүнээс ихийг идэх хэрэгтэй гэж бодсон. Лагериас оргоод янз бүрийн зүйлээр л хооллодог байсан. Би шарсан тахиа, гахайн махыг амьдралдаа анх удаа идэж үзээд энэ миний оргосон “шагнал” минь гэж баярласан. Лагерьт байхдаа цадталаа идэхийн тулд үхэхэд ч бэлэн байдаг байлаа. Ганц хорих лагерийн хоригдлууд ч биш БНАСАУ- ын сая сая жирийн иргэд өлсгөлөнгийн туйлд хүрч байна. Тэд нэг жилд зөвхөн Ким Ир Сений төрсөн өдөр, Улс тунхагласан өдрөөрөө л махан хоол бага хэмжээгээр иддэг хэмээн ярив.
Ингэж бодохоор Монголчууд бид ямар хувь заяагаар эрх чөлөөгөө эдлэнэ вэ. Монголын жирийн иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхнээс гадна хоригдлууд, траншейныхан, тэнэмэл гуйлгачин хүмүүс нь хүртэл өдөртөө махан хоолоор тасардаггүй биз дээ. Нэг үгээр Хойд солонгосын иргэдийн дэргэд манай траншейныхны амьдрал бараг л диваажин юм даа.
URL: