Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочид торгуулийн хуудас илгээнэ
Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох үүднээс нэгдүгээр эгнээгээр том оврын автобуснаас бусад тээврийн хэрэгсэл зорчихгүй байх журам хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Гэвч дан ганц ЗЦГ-ын алба хаагчид тэмцээд хүч хүрэлцэхгүй байгаа учир Энх тайвны өргөн чөлөөг бүхэлд нь камержуулан нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн жолоочид гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж байхаар болсон байна.
Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа
-Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарын гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээдэг болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-НИТХ-ын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн 80 тоот тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа зам, тээврийн хяналтын оновчтой тогтолцоог зөрчил бүртгэх камерын систем ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлэх, торгууль ногдуулах, торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг зохион зохицуулахаар тогтоосон.
Эхний ээлжинд гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлсэн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээдэг байсан бол одоо нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж хариуцлага тооцдог болж байна.
-Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон замуудад дээрх журмыг зөрчсөн тохиолдолд л торгуулийн хуудас илгээнэ биз дээ?
-Нэгдүгээр эгнээний хяналтыг сайжруулах ажлын хүрээнд Таван шарын уулзвараас офицеруудын ордны хооронд нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус болон тусгай дуут дохиотой шуурхай албаны авто машин зорчиж байгаа. Энэхүү журам өглөөний 07.00-22.00 цагийн хооронд хэрэгжиж байгаа.
Гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, иргэдийг нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэх боломжийг олгох үүднээс хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар тусгайлан заасан зам буюу Энх тайвны өргөн чөлөөг бүрэн камержуулж дуусаад байна. Тиймээс нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулан нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарт хариуцлага тооцох болно.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эгнээгээр зорчих, тус эгнээнд хүн буулгах, үргэлжилсэн шугам тэмдгийг давах зэрэг зөрчлийг багасгах үүднээс дүрэм зөрчиж байгаа жолооч нарын үйлдлийг камераар баримтжуулан авч, гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж байгаа гэж ойлгож болно.
-Замын цагдаа шууд газар .дээр нь нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочид хариуцлага тооцох уу. Эсвэл зөвхөн камераар хянаж байх уу?
-Нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд цагдаа торгохгүй зөвхөн гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээн хариуцлага тооцно гэж ойлгож болохгүй. Учир нь ЗЦГ-ын алба хаагчид хөдөлгөөнийг зохицуулаад ажилладаг хэвээрээ байх болно. Тиймээс шууд газар дээр нь цагдаа арга хэмжээ аваагүй, хариуцлага тооцоогүй тохиолдолд дүрэм зөрчсөн жолоочид гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээх болно.
-Зам засварын ажилтай холбоотойгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Ойрын өдрүүдэд зам засварын ажилтай холбоотойгоор замын түгжрэл саатал их байгаа. Тиймээс ЗЦГ-ын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ч тэр, ер нь цаашдаа нэгдүгээр эгнээний хяналт бүр илүү сайжрах болно. Тиймээс нэгдүгээр эгнээгээр явчихлаа цагдаа таарсангүй гэх богино бодолтой жолооч нарын үйлдэл хумигдах юм.
Өөрөөр хэлбэл, тухайн үед цагдаа зогсоож, хариуцлага тооцоогүй ч дараа нь камерын бичлэгээр баталгаажуулсан торгуулийн хуудас гэрийн хаягаар нь очих болно гэдгийг удаа дараа дүрэм зөрчиж байгаа жолооч нарт анхааруулж хэлмээр байна.
-Гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээдэг болсноор замын хөдөлгөөний дүрэм зөрчигч жолооч багасч байгаа болов уу?
-Гэрлэн дохио зөрчих, хурд хэтрүүлэх асуудал тодорхой хэмжээгээр багасч байгаа. Тиймээс нэгдүгээр эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслүүдэд мөн торгуулийн хуудас илгээх арга хэмжээ авч байгаа учир уг зөрчил мөн багасах байх. Ер нь дүрмээ биелүүлээд хоёр, гуравдугаар эгнээгээр явж байгаа бусад жолооч нар маш их бухимдалтай байдаг.
Учир нь бид дүрмээ баримтлаад, түгжрээд явж байхад зарим нэг байнга дүрэм зөрчөөд нэгдүгээр эгнээгээр явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн гомдол байнга гарч байдаг. Тиймээс тухайн үед нь цагдаа арга хэмжээ авахгүй байгаа боловч сүүлд нь гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж, дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцож байгаа гэдгийг нийт жолооч нартаа хандаж хэлмээр байна.
Ж.Отгон
URL: