Г.Уянга: Хүч хэрэглэсэн цагдаа нар намайг пургонд сөхрүүлж, нөхрийг маань машинаараа чирсэн

“Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий зохицуулагч Г.Уянгыг өнөө өглөө баривчилсан тухай мэдээллийг бид цаг тухайд нь мэдээлж байсан. Харин өдөр нэг цагийн орчимд Г.Уянга суллагдлаа. Энэ талаар бид өөрөөс нь тодруулаа.

-Өнөө өглөө баривчлагдсан гэсэн. Яг ямар процесс болсон вэ?
-Өглөө 11 цагийн орчимд энэ хэрэг болсон. Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн н.Баярхүү ах манайд бичиг авах гээд манайд ирчихсэн байсан. Ингээд манай нөхөр бид 3 хамт гарч н.Баярхүү ах миний өмнө би араас нь явж байсан. Орцноос гарангуут цагдаагийн ямар ч таних тэмдэггүй пургон хурдтай ирж миний хажууд шарваж зогсонгуут цагдаа хувцастай дөрвөн өндөр залуу ирээд хоёр нь намайг хүчээр өргөж пургондоо суулгасан. Тэгээд машин дотор оруулангуутаа шалан дээр сөхөрүүлж суулгаад утас эвдсэн. Би тухайн үед шоконд орчихсон байсан учраас өвдөж хавдаж байгааг нь мэдээгүй. Өвдөг ийм болчихсон байсан. үзүүлэв

Тэгээд л хөдөлсөн. Энэ үед манай нөхөр миний араас ирж “Та нар яах гэж байгаа юм бэ” гэсэн чинь хариу хэлээгүй шууд л манай нөхрийг чирээд хар хурдаараа давхисан. Би нөхрөө машинд дайруулчихна гэж айгаад “Та нар хурдаа хасаач” гэж олон удаа орилсон. Тэгэхгүй бол манай нөхрийг замын хажуугийн боржуранд хавчаад дайрчих гээд байсан юм. Нэлээн явж байгаад тэд машинаа зогсоож нэг цагдаа нь манай нөхөртэй үлдээд бусад нь намайг аваад явсан.

-Хүч хэрэглэн авч явах шалтгаанаа хэрхэн тайлбарласан бэ?
-Энэ ямар учиртай юм бэ гэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх сайд намайг эрүүгийн цагдаад өгчихөөд байгаа. Манай нөхрийг ч гэсэн өгчихсөн. Л.Гансүх сайд Оюутолгойн гэрээг байгуулсан. Ухаа худаг, Гашуун сухайтын замыг тавих зөвшөөрөл өгснийхөө дараа өндөр үнэтэй орон сууцанд нүүж орсон тухай асуудлыг би бичсэн. Үүний төлөө намайг хууль бус мэдүүлэгтэйгээ танилцуулж албадан гарын үсэг зуруулах гэж хүч хэрэглэлээ.

-Гүтгэж нэр төр гутаалаа гэсэн байсан. Баримт нь байгаа юу?
-Түүнийг нүүж орсныг өөрийнх нь хүргэн бидэнд сонин болгож ярьсан. “Манай аав мөнгөтэй байна шүү. Өндөр үнэтэй орон сууцанд орлоо. Би сая хадам аавыгаа нүүлгээд ирлээ” гэж ярьсан. Л.Гансүх үнэхээр үнэтэй тохилог хаусанд суудаг уу, гэвэл суудаг. Гэхдээ бид ямар үнэтэйг нь мэдэхгүй. Одоогийн ханшаар дор хаяж 500 саяас багагүйгээр үнэлэгдэх харшид суудаг нь үнэн. Тэрийгээ өөрөө ч гэсэн хэлж шүүх дээр баримтаа гаргаж өгсөн байгаа. Үүнийг нь олон түмэнд хэлэхээр нэр төр гутаалаа, худлаа ярьлаа гэж манай нөхөр бид хоёрыг шүүхэд өгсөн. Манай хүнийг Баянгол дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаад харин намайг Баянгол дүүргийн эрүүгийн цагдаад өгсөн.

Мөн Дундговь аймагт асар их хэмжээний мөнгө төгрөг тараасан, байшин авсныг нь бичсэн сэтгүүлчийг Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн байна. Л.Гансүх баяжсан нь үнэн. Ямар ч байсан цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй байшин худалдаж авсан нь үнэн. Үүнийг нь хэлсний төлөө хорсож шүүхээр тарааж өгсөн.

-Шүүх энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ?
Шүүх процесс шударга бус явж байгаа гэж би үзсэн. Өнгөрсөн жил өлсгөлөн зарлаад 10-аад хоночихсон байхад анхны мөрдөн байцаалтыг авна гэж эмнэлэгт очсон. Би үнэхээр ямар ч мөрдөн байцаалт өгөх боломжгүй бие сульдсан байсан. Мөрдөн байцаагч нь ирээд миний байдлыг хараад “Үнэхээр боломжгүй байгаа юм байна” гэдгийг өөрөө харж явчихаад дараа нь надтай уулзсан мэтээр хэрэг бүрдүүлээд явчихсан байсан. Энэ хууль бус бүрдүүлэлтийг би эсэргүүцсэн. Дээрээс нь Л.Гансүх сайд миний эсрэг нэвтрүүлэг бэлтгэж цацсан. О.Магнайгийн өгсөн мэдүүлгийг хавтаст хэргээс нь аваад Гансүх өөрийнхөө талд ашигтайгаар ашигласан. Энэ бүхэн хууль зөрчиж байгаа.

-Та өмгөөлөгч авсан байгаа юу?
-Би нэг дэх өдөр өөрөө очъё. Өмгөөлөгчөөс зөвөлгөө авъя. Хүнийг гэрийнх нь гаднаас хүч хэрэглэн барьж аваад дараа нь эд хөрөнгийг нь эвдэж сүйтгээд ирэхээр яах ёстойг сайн мэдэхгүй байна. Үнэндээ шоконд орсон. Зүрх  өвдсөн. Дараагийн үйл ажиллагааг өмчгөөлөгчтэйгээр явуулъя гэж хэлээд гарч ирлээ. Намайг тэнд байхад цагдаагийн дарга нь “Чи тэр хүмүүс рүүгээ ярьж болиул. Төв зам хааж, эсэргүүцээд бөөн юм болоод байна“ гэж хэлсэн. Ер нь бид бие биентэйгээ ойр байж, хамгаалж байхгүй бол яаж ч болзошгүй юм байна. Говь-Сүмбэр аймгаас ирсэн Түмэн ахыг бөхийн өргөөний үүднээс шөнө баривчлаад аваад явсан гэсэн. Одоо бид нар яасныг нь мэдэхгүй байна.

-Энэ баривчлагааны үндэслэлийг та хууль бус гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр цагдааг шүүхэд өгөх үү?
-Мөрдөн байцаалтын нууцаас задруулсан. Мөрдөн байцаах явцад хавтаст хэргээс материал авч миний эсрэг ашигласан гэх зэрэг асуудлыг цагдаагаар шалгуулъя гэж бодож байна. Бид Баянгол дүүргийн цагдааг прокурорын мөрдөнд өгсөн. Гэтэл прокуророос “Баянгол дүүргийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй” гэсэн хариу ирсэн. Бид цааш нь лавшруулж асуудлыг тавина гэж бодож байгаа.

Ж.Наран


URL:

Сэтгэгдэл бичих