Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим дайчдаа алдсан байна. Энэ түүхэн үйл явдлын дурсгалд энэхүү нийтлэлийг сониныхоо архиваас уншигчиддаа хүргэж байна.
Архиваас… “ Даяар Монгол” сонины 2004 оны № 045, 046 дугаараас авав
Эртээ 700 зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ. Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мoргoж байсан гэдэг. Япон vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын тэр жижигхэн оронд ooр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мooгoн vvл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг. Чухам үүнээс үүдэн дундад зуунд Япон хаалга үүдээ хав бөхөлж аваад, гадна ертөнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хүртэл хэдэн зууны туршид үргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа. Хэдийгээр харийн нутагт түрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зүйл биш ч гэсэн үүх түүхээ эргэн санах үүднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхүү үйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зүйлийг сонсон, сонирхож байснаа хуваалцая.
***
1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу, ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Эртний Грег, Персийн хооронд Дардинеллийн хоолойд болсон дуулиантай дайны үед ч ийм хэмжээний усан цэргийн хүчин хоёр талаас гарсангүй, дундад зууны төгсгөлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хөлөг онгоц оролцсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд төдийгүй ерөөсөө дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн том хосгүй десантийн ажиллагаа болсон хэмээн өнөөдөр өрнөдийн цэргийн түүхчдийн дахин дахин дөвийлгөн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хүчин л тэрхүү 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хүчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхүү “Оберлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завøøг оруулаад 7000 орчим хөлөг онгоц байсан гэдэг. Харин Хубилайн дээрх флотод 4100 гаруй усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны өмнө гэхэд өнөө өрнөдийн, тэр дундаа Америкийн цэргийн түүхчид “Манай “Оберлорд” ажиллагаа хосгүй” хэмээн гайхуулаад байхааргүй л байгаа юм даа.
Зураг дээр дээрх үйл явдал болсон газрыг цагаан цэгээр тэмдэглэжээ.
Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн засагчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ.
Зураг дээр Монголчуудын довтолгооны няцаахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ничран хуврагын хөшөө
Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж… Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ.
Зураг дээр Хаката булангийн усны ёроолоос гарсан Монгол цэргийн хэрэглэлүүдээс
Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү Хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүшсээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ. Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа.
***
1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ.
Шиндуугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шөнө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр… Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.
***
Саяхан АНУ-ын “Хистори Чайнелл” хэмээх сувгаар Хубилайн сүйдсэн флотын тухай 2 цаг орчмын баримтат кино гарлаа. Японы хэсэг эрдэмтэд Хаката булангийн усны ёзоорт хайгуул шинжилгээ хийснээр Монгол цэргийн даргачийн дөрвөлжин бичигтэй тамга, хос луун хээтэй ган дуулга, цэргийн тогоо, тэсрэх бөмбөг, модон зангуу зэрэг олон зүйлийг олсон нь Хубилайн Флотын тухай өмнө нь мэдэгдэж байгаагүй олон зүйл ч тодорхой болгоход тус болж байгаа бололтой юм. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь тус сүйдсэн онгоцны үлдэгдэлүүдэд анализ хийж үзэхэд гүн өехий, залаатай задгай далайн бус харин хавтгай ёзоортой гол мөрний усан онгоцууд байжээ. Чухам энэ нь флот далайн шуурганд хөмрөсний гол шалтгаан гэж үзэж байна. Харин яагаад гол мөрний усан онгоцуудыг далай тэнгисийн дайнд ашигласан талаар нэвтрүүлэгт оролцогсод дараах таамаглалийг дэвшүүлж байна. Хубилай хаан маш богино хугацаанд асар олон тооны /4000/ усан онгоц бэлтгэх тушаал өгсөн тул гүйцэтгэгч хятад жанжид нь Өмнөд Сүн улсад хэрэглэгдэж байсан голдуу ихээхэн хэмжээний гол мөрний дайн болон тээврийн зориулалттай усан онгоцуудыг авчирч, далайн болгон тоноглон засварлаж дайнд оролцуулсан бололтой гэнэ.
Зураг дээр Монголчуудын довтолгооны тухай зурагт хуйлмал номоос. 14 дүгээр зуунд бүтээгдсэн
Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлдсэн тухай бүүр түүрхэн мэдээлэл олж сонсонсон. Тэнд дурдсанаар тэр цөөн монгол цэрэг хэдийгээр гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгээр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэд Монголын их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй цөөн хэдэн монгол цэрэгт үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байхгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан, самурайн нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар… Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн хаан, эрхт шогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, самбаа, бодлого төгөлдөр эрсийн л ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаны их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга өргөх сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хөшөө бүтээн тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.
***
Японы Хаката булангийн дэргэдэх Шиганошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуунд очиж, 700 зууны өмнөх зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлсэнээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай нэгэнтээ хуучлахыг миний бие сонсох хувь тохиосон билээ. Тэрээр энэ булшинд очино хэмээн олон жил бодож явсанаа Японд болсон олон орны эрдэмтэдийн нэгэн хуралд оролцох далимдаа гүйцэлдүүлжээ.
Зураг дээр Монголчуудын довтолгоонтой холбоотой хөшөө, оршуулгууд.
Алтай, Хангай, Хэнтий гурван тахилгат их уулсаас нэг нэг чулуу авчээ. Бас энэ гурван их уулсын цаст оргил Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрхан гурвынхаа царамд ургадаг үнэр анхилуун арцнаас ч дээжлэн авсан байна. Мөн хээр талын хөх хомоолноос хэдэн хонгорцогийг авчээ. Японы хил гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа өвгөн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зүрхэлсэнгүй. “Эдгээр нь миний өдөр тутам хэрэглэдэг зүйлс” гэж Далай авгай гаалийнханд тайлбар өгсөн гэнэ. Өвгөн монгол эрдэмтэн Хаката буланд намрын нэгэн жихүүндүү өдөр хүрч очжээ. Далайн зүгээс чийглэг, шорвог хүйтэн салхи сэвэлзсэн, далайн мандал мяралзан давалгаалсан, гэгэлзсэн уйтгартай өдөр байж. Энэ буланд өнөөх Хубилайн цуутай флот сүйрчээ. Хятад болон солонгосууд язгуураасаа өвсөн идэштэй, ямаан омогтой, хөнгөн биетэй учир тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бүгдээр живж, далайн махчин загаснуудын амтархан зоог нь болсон байна. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шүтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хөвөн гарч ирсэн байна. Тэр бүгдийг япончууд цуглуулан Шиганошима арлын баруун урд үзүүрийн хадан хавцалд булж дээрх шившлэгт хөшөө, бунханыг босгожээ. Далай авгай тэр бүгдийг дурсан, сэтгэлдээ зураглан булангийн эргээр алхахад, тэрхүү “Монгол цэргийн бунхан”-д өнөөх арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сүнсэнд эх нутгийнх нь үнэрийг эргээн авчирч, эх нутгийн нь чулууг шигтгэн сүслэн суухад нулимс өөрийн эрхгүй асгарч байсан шүү хэмээн ярихдаа ч хүртэл хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэхэд сонсон суусан Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа бидэн хоёрын сэтгэл ч бас хачин болж, хямарч билээ. Өвгөн эрдэмтэн хуучин бичгээр таталган бичсэн тэр газарт төрсөн сэтгэгдэлээ бидэнд уншин сонирхуулж/эл тэмдэглэл нь түүний тэмдэглэлийн 86 дахь дэвтэр байсныг онцлон дурдууштай. Нэг дэвтэр нь л хуруу зузаан, хоёр төө хэрийн том. Хаа явсан газар, уулзсан хүн, сонин хачин ажигласан бүхнээ тэмдэглэсэн эл эрдэмтэний энэ их бичгийн өв яндашгүй арвин ажээ/, авсан зургаа дэлгэн үзүүлж билээ. Дашрамд эл ядмаг өгүүллээ ч энэхүү эрдэмт хүмүүний судалгаанд дулдуйдан бичсэнээ өчие. Хамт явалцсан Япончууд өвгөн монгол эрдэмтэнийг хөшөө чулуунд ийнхүү сүслэн залбирахад ихэд гайхсан нь эргэлзээгүй. Эл хэсэг газар нь гишгэх газар ч олдоход бэрх болсон гэгдэх Япондоо бол харьцангуй зэлүүд онгон газар юм билээ. Эрэлхэг өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг нь сүслэн эргэж, чинхүү ёсыг гүйцэтгэсэн өвгөн монгол эрдэмтэний эл үйлдэл нь үндэс угсаагаа гэсэн бүхний сэтгэлд нэгийг сануулж, хоёрыг сэтгүүлэх бизээ хэмээн энд дурдлаа.
***
Дээрхтэй агаар адил нэгэн аман яриаг мөн олж сонссон билээ. Энэ нь 1936 онд Япончууд Умард Хятад, Манжуурыг түрэмгийлэн эзэлж, МанжГо хэмээх тоглоомыг улс байгуулахаар оролдож байсны дараахан болжээ. Япончууд Өвөрмонголын тэргүүн, тухайн бүс нутагт хамгийн их нөлөө бүхий Дэ ванг дээрх үйл ажиллагаандаа ашиглахаар ихэд тал засаж, хөрөнгө санхүүгээр тэтгэж, арлын орондоо ч хүртэл урьж залж байсан байна. Дэ вангийн арлын оронд айлчлах үед эл явдал болжээ. Юаны цэргийн хоёр дахь довтолгооны өмнө Хубилай хааны илгээсэн элч Туушчинийг таван дагалдагсадынх нь хамт шогун Хожа Токимуна цаазалжээ. Энэ цаазын ажиллагааны дурсгал одоогийн Фүжисава хотын Жорицужи сүмийн дэргэд байдаг гэнэ. Хубилай элч цэл залуухан Туушчингийн зоримог зан, дипломатын арга ухаан, өндөр боловсрол нь Камакурагийн ордоныхоныг гайхшруулж байсан гэдэг. Гэвч Юан гүрний ихэрхэг санаанд хорссон Хожа Тохимуна элч нарыг цаазлахыг тушааж, цаазын тавцанд гарч, илдний дор бөхийхийн өмнөхөн Туушчин гүн утгатай, яруу цогц хэдэн мөр шүлэг хэлжээ. Энэ шүлгийн санаа нь
“Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
Их хэргийн санааг гэвч
Энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч
Салхи ч, илд ч мохоохгүй
Наран мандахаас, шингэх хязгаар хүртэл
Их Юан улс ялан дийлсээр байх болно”
Япончууд тэр даруйд эл шад шүлгийг хаднаа сийлж, монгол элчийн эл санааг тэр дор нь оршуулжээ. 700 зууны дараа тууштай эх оронч Дэ ван тэрхүү Монгол элчийн үгийг бунхалсан газарт ирж, сонирхон зогсохдоо сэтгэл нь нэн ихээр хөдлөн “Бидний энэ их санаа зориг одоо ч мөн хэвээр байна. Их Монгол улс эргэн сэргэх болно” гэсэн утга бүхий үг амнаасаа алдчихжээ. Өвөр монголчуудын хувь заяаны төлөө, Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө нэгэн биеийг огоорон зүтгэж явсан эл их хүний хувьд нэг талаас Хятадад, нөгөө талаас улаан орос, түүний нөлөөнд орсон улаан монголчуудын хавчлаганд явсан нь үндэсний ухамсарыг сэргээж, түүгээр хурцаар өвчлөхөд хүргэсэнд буруутгах юун. Япончууд ч Дэ вангийн тэр үгийг нь мөн тэр дор нь хаднаа сийлж, элч Туушчингийн үгийн дэргэд оршуулж, бунхалжээ. Үндэсний ухамсар, зөн билэг гэдэг нь бас цаанаа их учиртай, хувь хүний ерөөл хараалтай, буян заяатай ч адил мэт хачин сонин байх юм даа. Япончууд ч их айхтар улс юм, Дэ вангийн тэрх бардам үгийг ч хаднаа сийлж бунхлан, омог сүрийг нь дарахаа мэдэж л байдаг. Энэ түүх хэрвээ үнэн бол сонин л юм. Чухам үнэхээр Дэ вантан ийм үгийг алдсан, түүнийг нь мөнхүү бунхалсан болон Хубилайн элч хатан зоригт Туушчингийн мөр шүлгүүд үнэхээр байдаг бол түүнээ судлан монгол түмнээ хүргэх нь эрдэмт залуусын хичээл зүтгэлийн хэрэг билээ.
***
Хубилай хаан Японыг дайлах хоёр ч удаагийнхаа аян дайн нь амжилтгүй болсонд ихээхэн сэтгэлээр унасан ч дахин дайлах санаагаа орхисонгүй. Гэвч Монголын тал нутагт өрнөсөн иргэний дайн Хубилайд тийм боломж олгосонгүй ажээ. Өгөөдэй хааны удмын эрх, нөлөө бүхий хаан Хайду тэргүүтэй монгол хаад Монгол төрийг хятадчилж, эх Монгол нутгаа захын хаягдсан хязгаар муж болгосон Хубилайн бодлогод дургүйцэн их бослого, үймээн дэгдээсэн нь Хубилайд юуны Японтай дайтаж, өшөө хорсолоо тайлах зав өгөх билээ. 35 жил үргэлжилсэн Монголчуудын хоорондох иргэний дайн Хубилайг насан өндөр болж, хорвоог орхиход ч хэнийх нь ч ялалтаар дууссангүй. Хубилай өөрийгөө залгамжлагч хүү Төмөртөө Япончуудаас хариугаа аван дахин дайлахыг хүсэмжлэн үлдээсэн ч Төмөр хаан Хайдутай дайтсаар мөн нас, хүчээ барсан ажээ. Гэсэн ч арлын тэр жижигхэн орныг, өөрсдийгөө Их Наран зүгийг улс хэмээн дөвийлгөн боддог тэр үндэстнийг сөгтгөн дарах гэсэн Монголчуудын санаархал мохсонгүй. Юан гүрэн мөхсөн хойно ч тэр тухай хааны ордоны хүрээнд яригдаж байсан гэдэг. Харин одоо жингийн туухай аль талдаа эргэснийг хэлж мэдэхэд хэцүү болсон санагдана. Юутай ч харийн далайд ясаа тависан зоригт монгол эрсийн сүнс амгалан тайван нойрсох болтугай. Хурай, хурай, хурай
Б.Номинчимэд
2004 оны 12 сар
Бөрк, Виржиниа
URL: